Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар явагдаж байгаа
2017.12.19

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал “долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар явагдаж байгаа

Төрийн байгууллагуудын төлөөлөл, судлаач, эрдэмтэд, мэргэжилтнүүд, улс төрийн намуудын төлөөлөл, АИХ, УБХ-ын гишүүдийн төлөөлөл оролцож буй “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах онол-практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өчигдөр боллоо. 

Хурлын эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, уг төслийг улс орон даяар олон нийтээр хэлэлцүүлсэн дүнгийн талаарх Улсын Их Хурлын Ажлын хэсгийн мэдээллийг сонсов.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Улсын Их Хурлын Ажлын хэсгээс боловсруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал” сэдвээр танилцуулга хийлээ.

Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийн үндэс болсон Монгол Улсын Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсанаас хойш 26 жил өнгөрчээ. Бүтэн 26 жил хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь энэ Үндсэн хуулийн томоохон ололт мөн.

Өнөөдрийн хуралд 1992 оны Үндсэн хуулийн төслийг боловсруулах, хувилбаруудыг гаргах, Ажлын дэд хэсгүүдэд орж ажилласан судлаачид оролцож байгаа юм. Өнгөрсөн жилийн яг өдийд “Үндсэн хуульт ёсны хөгжил ба үндэсний зөвшилцөл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан.

Тус хурлаар Үндсэн хуулийн 25 жилийн ололт, амжилт, алдаа, оноо бүхнийг дүгнэсэн бөгөөд нийгмийн хөгжилд нийцүүлэх, зарим зүйлийг тодотгох шаардлагатай хэмээн үзэж, зөвлөмж гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах эрдэмтэн, судлаач, хуульч, хөндлөнгийн шинжээч нараас бүрдсэн 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Ч.Энхбаатар ажилласан юм. Ийнхүү иргэдийн санал бодлыг судлахдаа нам бус судлаачид улс орон даяар судалгаа авч, дүнг нэгтгэн гаргасан байна.

Тус ажлын хэсэг судалгааныхаа үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зарим шаардлага буй болсныг хүлээн зөвшөөрч, 40 гаруй зүйлийг анхаарах шаардлагатай гэсэн хөндлөнгийн, хараат бус дүгнэлтийг гаргаж тодорхой санал дүгнэлт боловсруулсан байдаг.

Улсын Их Хурлын даргын захирамжаар 2016 онд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан Улсын Их Хурлын гишүүд, эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүдээс бүрдсэн Ажлын хэсэг байгуулагдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай, эсэх асуудлыг судалсан.

Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ягштал баримтлах нь зүйтэй гэдэг зарчмыг баримталсан болохыг илтгэгч онцолж байв.

зургаан сэдвийг багцлан

Доктор Ч.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсгийн судалгаанд үндэслэн зургаан сэдвийг багцлан, Зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлсэн.

Энэхүү зөвлөлдөх санал асуулгад улсын хэмжээнд санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс газар дээр нь очиж, санал асуулга авсан бол дараа нь дээрх иргэдийн 50-иас доошгүй хувь буюу 785 иргэнийг түүврийн аргаар сонгож, санал асуулгын сэдвүүдийн талаар тэнцвэртэй мэдээллээр хангаж, Төрийн ордонд хоёр өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулан, анх авсан санал асуулгын хуудсаар саналыг дахин авсан юм. 

Тодруулбал,

зөвлөлдөх санал асуулгад оролцож буй иргэдийг 15, 15-аар 49 групп болгон тэдний ярилцуулж, мэтгэлцүүлэн, мэргэжилтнүүдээс мэдээлэл авах бололцоогоор хангаж, тунгаах зарчмаар хэлэлцэн зөвлөлдөх боломжоор хангасан юм.

Ингээд иргэдээс судалгаа авахад 6 багц сэдвээс Монгол Улсын парламентын хоёр танхимтай болгох, Ерөнхийлөгчийг парламентын өргөтгөсөн бүрэлдэхүүнээс сонгох гэдэг хоёр санал дэмжигдээгүй аж. Үүний дараа энэхүү Зөвлөлдөх зөвлөлийн гаргасан зөвлөмжийг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хуулийн төслийг боловсруулан, Улсын Их Хуралд хүргүүлсэн.

Үүнийг иргэд, олон нийтэд танилцуулж, тэдний санаа бодлыг авах, хэлэлцүүлэх ажил таван сарын турш хийгдэж,  327000 санал ирүүлсэн. Эдгээрээс нэг ч санал орхигдуулахгүй байхыг эрхэмлэж, саналуудыг нэгтгэн архивын нэгж болгосон.

Түүнчлэн иргэдийн дунд хийсэн хэлэлцүүлэг бүрийг цаасаар буулган, үүнд дүн шинжилгээ хийх ажил үргэлжилж байна. Энэ хугацаанд бишгүй олон зүйл, шүүмжлэл сонссон.

Энэ нь эрүүл саруул үзэгдэл хэмээн тооцож байгааг онцолсон.

Нэг хэсэг нь Үндсэн хуульд дорвитой шинэчлэл засвар хийх нь зүйтэй, энэ удаагийн төслийн хүрээнд хангалтгүй хэмээн үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид зориулсан өөрчлөлт хийх нь гэдэг шүүмжлэл ч гарч байлаа.

Ерөнхийлөгч

Ингээд олон нийтээс авсан саналуудаас Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэл өгөх санал дэмжигдээгүй, харин Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал нь 53 хувиар дэмжигдсэн юм.

“Дордуулсан долоо”

Түүнчлэн 2000 оны “Дордуулсан долоо” хэмээн тодотгодог тэдгээр нэмэлт, өөрчлөлтийг буцаах, хуучин заалтуудыг эргээд сэргэх ямар боломж байгааг судалж үзэж байна.

Энэ мэтээр олон өөрчлөлтийн тухай яригдаж байгаа ч үндсэн таван багц сэдвийн хүрээнд 20 гаруй зүйл, заалтад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа юм.

Үүнийгээ Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд, холбогдох байгууллагуудаас санал авч, хэлэлцүүлэн, Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн үеэр зүйл бүр нь ¾ дэмжлэг авсан тохиолдолд эцэслэхдээ 2/3 дэмжлэг авсан тохиолдолд ард нийтийн санал асуулгаар батлагдах юм.

Ийм олон шат дамжлагатай үйл явцын хамгийн нарийн шүүлтүүр болох эрдэмтэн-хуульчид, судлаачид, улс төрийн намын төлөөлөл, Үндсэн хуулийг батлалцсан АИХ-ын депутатууд оролцсон эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна.

Өнөөдрийн Та бүгдийн танилцуулах илтгэл, санаа бодол бол Улсын Их Хурлаас байгуулагдсан Ажлын хэсгийн хувьд онол, арга зүйн өндөр ач холбогдолтой байх болно гэдгийг онцолмоор байна.

Гавьяат хуульч Б.Чимэд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага бий эсэх тухайд “Өөрчлөгдөхгүй хууль гэж үгүй. Харин төрийн байгууламжийн тогтолцоо, түүний зарчмын суурь асуудлын хувьд Үндсэн хуулиар оролдох нь төр улсын амьдралд хор хохирол учруулж болзошгүй гэдгийг санаж явах учиртай” хэмээн  бичсэн байдаг. Бид бүхэн энэ өөрчлөлтүүд дээр маш нягт нямбай хандахаас өөр сонголт үгүй гэж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан илтгэлийнхээ төгсгөлд тэмдэглэн хэллээ.