“Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” хэлэлцүүлэг боллоо
2017.12.20

“Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хамтран (2017.12.19) “Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах онол, практикийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, “Засгийн газраас Налайхын нүүрсний уурхайн ашиглалтын асуудлыг хэрхэн зохицуулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн.

Уурхайд хууль бусаар олборлолт хийж байгаа учраас осол эндэгдэл их гарч байна. Өнгөрсөн хугацаанд 250 гаруй хүн амь насаа алдсан, 750 гаруй хүн бэртэж гэмтсэн судалгаа байна. Одоогоор 1500 орчим хүн хууль бусаар нүүрс олборлож байгаа гэдэг ч аюулгүй байдлын анхан шатны шаардлага хангахгүй орчин, нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг.

Иймээс энэ чиглэлээр Зөвлөлдөх санал асуулга явуулснаар цаашид Налайхын нүүрсний уурхайг ямар байдлаар ашиглах асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэдгийг онцоллоо.

Дараа нь “Зөвлөлдөх ардчилал ба зөвлөлдөх санал асуулга” сэдвээр АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчилал төвийн захирал Жеймс Фишкин мэдээлэл өглөө.

Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Анхдугаар зөвлөлдөх санал, асуулга явуулсантай холбогдуулж анхдугаар Зөвлөлдөх санал асуулга, түүний үр дүн, сургамж сэдвээр Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Үндсэн хууль судлаач Д.Ламжав мэдээлэл өгөв.

Түүнчлэн холбогдох байгууллагуудын төлөөлөл Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбоотой мэдээллийг хүргэсэн юм.

Төгсгөлд нь Зөвлөлдөх санал асуулгын аргачлалыг ашиглан санал асуулга зохион байгуулах болон зөвлөлдөн шийдвэрлэх асуудлаар эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.