М.Энхболд: Б.Хурцын  томилгооны асуудалд Улсын Их Хурлын буруу гэж байхгүй
2017.12.22

М.Энхболд: Б.Хурцын томилгооны асуудалд Улсын Их Хурлын буруу гэж байхгүй

Улсын Их Хурлын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт Улсын Их Хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн зарим асуудалтай холбогдуулан өчигдөр УИХ-ын чуулган дээр тайлбар өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ, Улсын Их Хурал өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаараа Элчин сайдыг томилуулах тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн.

Энэ асуудлыг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Улсын Их Хурал хүлээж аваад таван 7 хоногийн дараа хэлэлцсэн.

Энэ хугацаанд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс нийтийн сонсгол зохион байгуулах талаар гаргасан саналын дагуу Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулж ажиллуулсан.

Харин Байнгын хорооны Ажлын хэсэг томилгооны сонсгол явуулах хууль эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна гэж үзсэний үндсэн дээр уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүдтэй холбогдож яригдсан асуудлыг Тусгай хяналтын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэх, харин нэр дэвшигчтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг Өргөдлийн байнгын хороонд шилжүүлж нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байгаа.

Элчин сайдын томилгооны асуудлыг гишүүдийн саналын дагуу чуулганаар хэлэлцэхийг хоёр удаа хойшлуулсны дараа өнгөрсөн Баасан гарагт хэлэлцэх үед хоёр гишүүн асуудлыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. М

өн энэ үед хоёр гишүүн санаачлан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан нь чуулганы хуралдаантай давхцаж таарсан байгаа.

Гишүүдээс зохион байгуулсан хэлэлцүүлэгтэй давхцуулж чуулганы хуралдааныг хийсэн зүйл байхгүй. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан хуваарийн дагуу хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай. Энэ дагуу асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдсэн.

Чуулганы хаалттай хуралдаанд оролцсон гишүүдийн үнэмлэхүй олонхи нь Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн зөвшилцөх саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн.

Элчин сайдын томилгооны асуудалд Улсын Их Хурлын буруу гэж байхгүй.

Учир нь Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд Засгийн газар санаачилж Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөх саналаа уламжилдаг зохицуулалттай. Иймээс Улсын Их Хурал Элчин  сайдыг томилуулах Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн, харин томилох эрх нь Ерөнхийлөгчид бий гэдгийг хэллээ.

Түүнчлэн Элчин сайдыг эгүүлэн татах, томилгоог зөвшилцөх асуудлыг Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барихаасаа өмнө энэ асуудлыг нухацтай авч үзэх ёстой байсан.

Засгийн газрын өргөн барьсан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцсэн. Засгийн газар өргөн барьсан асуудлаа хэзээ ч татаж аьах боломжтой. Гэтэл таван долоо хоногийн турш Засгийн газар энэ талаар асуудал хөндөж тавиагүй.

Улсын Их Хурал томилгооны асуудлыг хэлэлцээд зөвшилцсөний дараа Засгийн газрын хоёр гишүүн нь Улсын Их Хурал шийдсэн мэт буруу, ташаа мэдээлэл өгснийг Ерөнхий сайд анхааралдаа авахыг сануулав.

Мөн Засгийн газар дээр шийдсэн асуудалд танхимын гишүүд нь нэг байр суурьтай байж, танхимын зарчмыг баримтлахад анхаарахыг Улсын Их Хурлын дарга санууллаа.