М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн
2018.01.11

М.Оюунчимэг: Б.Хурцтай холбоотой өргөдөл гомдлыг прокурорын байгууллагад шилжүүлсэн

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс иргэдийн өргөдөл, гомдлын асуудлаарх байр суурийг сонслоо.\

–Та Өргөдлийн байнгын хорооны даргаар ажилладаг. Энэ хугацаанд иргэдээс ирсэн  өргөдөл гомдлын талаар тодруулахгүй юу?

-Манай байнгын хорооноос Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Байнгын хорооны саналыг УИХ-д өргөн барих гэж байна. Албан татварын хувь хэмжээ нэмэгдсэн нь  иргэдийн амьдралд хүнд тусч байна. Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан батлуулж өгөхийг хүссэн өргөдөл одоогийн байдлаар 1461 иргэнээс ирлээ.

Хууль батлахын өмнө энэхүү татварын нэмэгдэл нь хүн амын найман хувьд нөлөө үзүүлнэ хэмээн тооцож байсан бол хууль хэрэгжих явцад 11.7 хувьд нь нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байна. Тиймээс энэ татварын нэмэгдлийг эргэж харах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. УИХ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд энэ асуудлыг судалж байна. Сангийн яамнаас санал авч, Засгийн газарт чиглэл өгөн, саналаа УИХ-д хүргүүлнэ.

–ТЕГ-ын дарга асан Б.Хурцтай холбоотой өргөдөл, гомдол хэдэн иргэнээс ирэв. Яаж шийдвэрлэж ажилласан бэ?

-Нэр бүхий иргэдээс 10 орчим өргөдөл, гомдол ирсэн. Тэднийг шийдвэрлүүлэхээр Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд шилжүүллээ. Иргэдийн өргөдөл гомдлын дагуу  хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Өргөдлийн байнгын хороонд эргэж албан бичгээр өгөх ёстой.

–Тэндээс хариу ирсэн үү?

-Одоогоор тайлбар ирээгүй. Мөн дээрх өр­гө­дөл гомдолд Нийслэлийн прокурорын газ­раас холбогдох шал­гал­тыг явуулж, шалгалтын үр дүнг эргэн танилцуулах тухай хариу ирүүлээд байгаа.

–Утааны асуудлаар иргэдээс өргөдөл гомдол нэлээд ирсэн гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ талаар нэлээд санал шүүмжлэл ирдэг. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2016 оны арванхоёрдугаар сард нээлттэй хэлэлцүүлэг зо­хион байгуулж Засгийн газарт зөвлөмж хүргүүл­сэн. 2017 онд Засгийн газрын нэгдүгээр тогтоо­лоор шөнийн тарифыг тэглэсэн. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд манай байнгын хорооноос агаарын бохирдол өндөртэй Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт ажиллаж, Байнгын хорооны хуралдаанаар, тодорхой шийдвэрүүдийг гаргуулаад байна. Утааг бууруулах чиглэлд төсөвлөсөн хөрөнгийг үр дүнтэй, зориулалтын дагуу зарцуулж байгаа эсэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа.   Өнгөрсөн жилүүдэд утаа бууруулахад улсаас ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байсан ч шамшигдуулалт их байсан тул эл асуудлыг шалгуулж, буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх санал гаргаж байна.

–Өөр ямар асуудлыг шийдвэрлэж ажиллав?

-Нийслэлийн зарим ерөнхий боловсролын сургуулиудын багш нараас цалин нэмэгдүүлэх асуудлаар ирүүлсэн өргөдлийг БСШУС-ын сайдад уламжилсан. Үүнийн хариуг яамнаас ирүүлсэн байгаа. Багшийн улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллын хэмжээг тав хүртэлх ху­виар нэмэгдүүлж, үндсэн цалин­гийн 20 хүртэл хувийн урамшууллыг сар бүр тооцож, улирал бүр олгохоор болсон байна. Мөн тэтгэвэрт гарах насыг 50-55 болгож сонголттой байх тухай хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд шинээр журам гаргаж мөрдөх зэрэг шат дараалсан арга хэмжээ авч байгаа талаарх хариуг салбарын яамнаас нь Өргөдлийн байнгын хороонд ирүүлээд байна.