Эрхтэн наймаалцах асуудалд хаалт тавина
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2018.01.16/ хуралдаж, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцүүлгийн шатанд асуулт асуух гишүүн бараг байсангүй. Иймд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуулийн төслийг дэмжив. Тус Байнгын хороо ганцхан асуудал хэлэлцэхээр товлосон тул хуралдаан үүгээр өндөрлөлөө.
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Донорын тухай хууль батлагдсанаар ямар давуу тал бий болох тухайд та дүгнэлт, тайлбар өгөхгүй юу?
-Монгол Улсаас гадагшаа явж эмчлүүлж байгаа эмчилгээний зардалд маш их мөнгө урсаж байдаг. Тухайлбал, 1998 оноос хойш 110 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэхээр жилд 3 тэрбум төгрөг зөвхөн эмчилгээний зардал нэрээр гадагш урсаж байна.
Гэтэл дотоодын эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар гадныхнаас дутахааргүй хөгжсөн. Тэд 200 гаруй хүнд эд, эрхтэн шилжүүлэх мэс засал хийгээд байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсан учир хуулийг шинэчлэн найруулсан. Хууль батлагдсанаар тархины үхжилттэй донороос эд эрхтэн авч болох асуудлыг нээж өгч байгаа юм.
Тархи нь үхэжсэн иргэн заавал 25-аас дээш насных байх ёстой.
Мөн тухайн хүний ар гэрийнхний зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр донор болгоно гэхчлэн хуулийн зохицуулалтыг тусгасан. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа эмч, хүлээн авагч, донорын ар гэрийнхэн аль аль нь хоорондоо ямар нэг байдлаар холбоо тогтоож болохгүй. Өөрөөр хэлбэл, ашиг хонжооны үүднээс эд, эрхтэн шилжүүлэхийг хуулиар хориглосон учир ийм байдлаар зохицуулж байгаа юм.
-Эрүүл хүн донор болох асуудлыг хуулиар хэрхэн зохицуулсан бэ?
-Сүүлийн үед фейсбүүк, зар мэдээллийн сайтуудад бөөрөө сайн дураараа өгнө гэх мэт зар тавигдах болсон. Үүнд бид хаалт тавьсан. Өөрөөр хэлбэл, эрүүл донорын хувьд цус, эд эрхтэн өгөх асуудал нээлттэй.
Гэхдээ зөвхөн гэр бүл, ураг садандаа эрхтэн өгөх тухай зохицуулалтыг тусгасан. Мөн 14-өөс доош насны хүүхдүүдийн хувьд донорын асуудал яригдахгүй.
-Тээгч эхийн асуудлыг энэ хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулсан байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Тээгч эхтэй холбоотой зохицуулалт өргөн агуулгаар орж ирээгүй. Тодорхой хэдэн зохицуулалтыг тусгаж өгсөн. Жишээ нь, нэг бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн амьд төрөлтөд ашиглана, зөвхөн хүүхэд бойжуулахад ашиглана гэх мэт. Цаашид Нөхөн үржихүйн тухай хууль гаргахаар хэд хэдэн гишүүн санаачлаад явж байгаа.