Д.Гантулга: 14-өөс доош насны хүүхэд донор болох боломжгүй
2018.01.17

Д.Гантулга: 14-өөс доош насны хүүхэд донор болох боломжгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өчигдөр ээлжит хуралдаанаа хийсэн. Хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонх дэмжлээ. Тэгвэл уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэн дэмжсэнтэй холбогдуулж Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Гантулгаас дараах зүйлийг тодрууллаа.

-УИХ-аар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах нь цаг хугацааны л асуудал боллоо. Энэхүү хуулийн давуу тал юу байх вэ. Тодорхой мэдээлэл, тайлбар өгнө үү?

-Монгол Улсаас гадагшаа явж эмчлүүлж байгаа эмчилгээний зардалд маш их мөнгө урсаж байдаг. Тухайлбал, 1998 оноос хойш 110 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Ингэхээр жилд гурван тэрбум төгрөг зөвхөн эмчилгээний зардал нэрээр гадагш урсаж байна. Гэтэл дотоодын эмч, эмнэлгийн ажилчдын ур чадвар гаднынхнаас дутахааргүй хөгжсөн. Тэд 200 гаруй хүнд эд, эрхтэн шилжүүлэх мэс засал хийгээд байна. Үүнийг хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага байсан учир хуулийг шинэчлэн найруулсан.

Хууль батлагдсанаар тархины үхжилттэй донороос эд эрхтэн авч болох асуудлыг нээж өгч байгаа юм. Тархи нь үхэжсэн иргэн заавал 25-аас дээш насных байх ёстой. Мөн тухайн хүний ар гэрийнхний зөвшөөрлийг заавал авсны үндсэн дээр донор болгоно гэхчлэн хуулийн зохицуулалтыг тусгасан.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, эрхтэн шилжүүлэн суулгаж байгаа эмч, хүлээн авагч, донорын ар гэрийнхэн аль аль нь хоорондоо ямар нэг байдлаар холбоо тогтоож болохгүй. Өөрөөр хэлбэл, ашиг хонжооны үүднээс эд, эрхтэн шилжүүлэхийг хуулиар хориглосон учир ийм байдлаар зохицуулж байгаа юм.

-Эрүүл хүн донор болох асуудлыг хуулиар хэрхэн зохицуулав?

-Сүүлийн үед фэйсбүүк, зар мэдээллийн сайтуудад бөөрөө сайн дураараа өгнө гэх мэт зар тавигдах болсон. Үүнд бид хаалт тавьсан. Өөрөөр хэлбэл, эрүүл донорын хувьд цус, эд эрхтэн өгөх асуудал нээлттэй. Гэхдээ зөвхөн гэр бүл, ураг садандаа эрхтэн өгөх тухай зохицуулалтыг тусгасан. Мөн 14-өөс доош насны хүүхдүүдийн хувьд донорын асуудал яригдахгүй. 

-Тээгч эхийн асуудлыг энэ хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулсан байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тээгч эхтэй холбоотой зохицуулалт өргөн агуулгаар орж ирээгүй. Тодорхой хэдэн зохицуулалтыг тусгаж өгсөн. Жишээ нь, нэг бэлгийн эсийг зөвхөн нэг удаагийн амьд төрөлтөд ашиглана, зөвхөн хүүхэд бойжуулахад ашиглана гэх мэт. Цаашид Нөхөн үржихүйн тухай хууль гаргахаар хэд хэдэн гишүүн санаачлаад явж байгаа.

-Иргэд донор болох эсэх зөвшөөрлөө хэрхэн гаргах вэ?

-Тухайн иргэн амьд ахуйдаа “Би тархины үхжилээр нас барсан тохиолдолд миний эд эрхтэн өөр нэг эмчлүүлэгчид тохирч байвал шилжүүлэн суулгаж болно" гэсэн баталгаагаа эрүүл мэндийн байгууллагад гаргаж өгөх юм. Ингэснээр эрхтнийг шилжүүлэн суулгах бололцоотой болно. Өнөөдөр таарч тохирох донор хүлээж буй хүмүүс амьдрал дээр цөөнгүй байна. Энэхүү хууль батлагдсанаар тэдгээр иргэний амь насыг аврах бололцоо бүрдэх юм. Нөгөөтээгүүр амьд хүнийг донор болгох нь амь нас, эрүүл мэндийн хувьд эрсдэлд оруулахгүй байх давуу тал бүрдэнэ.

-Донор болох зөвшөөрлийг иргэн 25 насандаа гаргаж өгөхөөр хуульчлагдаж байна. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Тархины үхжилээр хорвоог орхиж буй хэн нэгний тухайд яригдаж байгаа асуудал гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Түүнчлэн заавал өөрөө болон гэр бүлийн гишүүд зөвшөөрсөн байх юм. Олон улсын жишигт донор болох эсэхээ мэдүүлдэг насыг 18, 20 гэсэн байдлаар сонгож авсан байдаг. Харин 25 нас гэдэг бол ажил амьдралын гараа эхэлж бие хүн төлөвшиж тогтсон байдаг.

Насны босгыг арай наашлуулж болох ч хүүхэд залуус анги хамт олноороо ч юм уу, эсвэл найз нөхдөөрөө дарвиад донор болох саналаа гаргаж болзошгүй. Иймд хувь хүн өөрөө өөрийнхөө өмнө болоод нийгмийн өмнө бүрэн хариуцлага хүлээх чадвартай нас бол 25 нас хэмээн үзэж байна.

-Хуулийн хүрээнд эд эрхтэн хадгалах нөөц банкийг байгуулах уу?

-Нөөц банкийн тухай асуудал хуульд туссан. Гэхдээ 2-8 цагийн хооронд хадгалаад шилжүүлэн суулгана. Хугацааны хувьд их богино. Харин үүдэл эсийг авч хадгалах тухайд урт хугацааны хадгалалттай байхаар хуульчилсан.