Монгол залуучуудын согтууруулах ундаа хэрэглээх ШАЛТГААН, НӨХЦӨЛ
2018.01.22

Монгол залуучуудын согтууруулах ундаа хэрэглээх ШАЛТГААН, НӨХЦӨЛ

"Дэлхийн зөн" ОУ-ын байгууллагын санхүүжилтрээр ШУА-ийн Философийн хүрээлэнгээс 2015 онд хариуцан гүйцэтгэсэн “Архи согтууруулах ундааны талаарх олон нийтийн мэдлэг, хандлага, хэрэглээний дадлыг тодорхойлох судалгаа”-г хийж байжээ.

Энэхүү дата мэдээллийг ашиглан 18-35 хүртэл насны залуучуудын дундах архи, согтууруулах ундааны хэрэглээний түвшин, хамрах хүрээ, нөлөөлж буй хүчин зүйлсийг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Баасантогтох судалсан байна. Түүний энэхүү судалгаа бүхий нийтлэлийг хүргэж байна. 

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл салбарын эрдэм шинжилгээний дэд ажилтан О.Баасантогтох

ЗАЛУУЧУУДЫН ДУНДАХ АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДААНЫ ХЭРЭГЛЭЭ: ШАЛТГААН, НӨХЦӨЛ

Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээний асуудлыг социологийн шинжлэх ухаанд аноми (Н.Смелзер. Социологи. УБ., 2001. 193) байдал буюу гажуудал гэх ойлголтын хүрээнд авч үздэг.

Энэ нь утгын хувьд нийгмийн зохион байгуулалт, хэм хэмжээ алдагдах үйл явцыг илэрхийлдэг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэх нь наанаа дан ганц хувь хүний сонголт, сонирхол, хэрэглээтэй холбоотой үйлдэл мэт харагддаг ч үүнээс урган гарах сөрөг нөлөөллийн хамрах хүрээ, үр дагавар нь тухайн субъектээр хязгаарлагддаггүй.

Хэрэглээний давтамж, хамрах хүрээ нэмэгдэх тусам хувь хүн-бүлэг-нийтлэг, улмаар нийгэм бүхэлдээ, цаашлаад нийгмийн залгамж халаа болсон өсвөр үеийнхэн ёс суртахууны хувьд доройтох, нийгмийн идэвхи буурах, өвчинд өртөмтгий болох, төсөв санхүүгийн хомсдолд орох, оюуны чадавхи буурах, эрсдэлт зан үйлд татагдах, нялхасын амьдрах чадвар алдагдах, гэмт хэргийн гаралт, гэр бүл салалт нэмэгдэх зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.

Нийгмийн нөлөөллийн талаар Эдвин Сатерланд “Залуу байх тусмаа бусдын тулгасан зан төлөвийн загварыг хүлээн авч өөрийн болгоход бэлэн байдаг” (Н.Смелзер. Социологи. УБ., 2001. 197) хэмээн өсвөр үеийнхэн болон залуучууд энэ мэт гаж зан үйл, хэрэглээнд хамгийн их өртөх магадлалтайг онцлон тэмдэглэсэн.

ХЭРЭГЛЭЭ, ХЭРЭГЛЭЭНИЙ ХЭВ МАЯГ.

Судалгаанд Улаанбаатар хот болон 5 аймгийн (Дархан-Уул, Ховд, Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий) нийт 1061 хүн оролцсоноос 18-35 насны залуучууд (571)-ын мэдээллийг дахин шинжилсэн.

Судалгааны дата мэдээлэлд дахин шинжилгээ хийж залуучуудын согтууруулах ундааны хэрэглээний хэв маягийг тодруулахад эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн дунд огт хэрэглэдэггүй гэсэн хүмүүсийн харьцаа 0.7 хувиар, тааруулж хэрэглэдэг хүмүүс 15.3 хувиар, тасартал хэрэглэдэг хүмүүс 12.6 хувиар, байнга уудаг хүмүүс 1.2 хувиар өндөр үзүүлэлттэй байна. Нийт үр дүнгээс харахад залуучуудын 85.7 хувь нь согтууруулах ундааг ямар нэг байдлаар хэрэглэдэг гэжээ. 

Хүснэгт-1. Согтууруулах ундааны хэрэглээ

Архи, согтууруулах ундааны хэрэглээний түвшинг дэлхийн улс орнуудад согтууруулах ундааны хэрэглээний хэмжээг архи, согтууруулах ундааны төрөл, хатуулаг бүрээр нь стандарт уултад шилжшүүлэн тооцдог бөгөөд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн стандарт өөр өөр байдаг.

Монгол улсад стандарт уултын хэмжээг Стандарт уултыг тооцох хэмжээ. 

  • Архи: 24.3%-90%-ийн этанол агуулсан байвал архи гэж тооцдог Монголд 50 мл хундага архинд цэвэр этанолын концентраци 40 хувь агуулагддаг гэж тооцдог. 
  • Айраг: 500 мл аяга айрганд цэвэр этанолын концентраци 5 хувь агуулагддаг. 
  • Нэрмэл архи: 100 мл нэрмэл архинд цэвэр этанолын концентраци 15 хувь агуулагддаг. 
  • Дарс: 10.5%-18.9%-ийн этанол агуулсан байвал дарс гэж тооцдог бөгөөд Монголд 100 мл дарсанд цэвэр этанолын концентрацийг 12.5% гэж тооцдог. 
  • Шар айраг: 2%-5%-ийн этанол агуулсан байвал шар айраг гэж тооцдог бөгөөд Монголд 330 мл шар айрганд цэвэр этанолын концентраци 5 хувь агуулагдана гэж тооцдог. 
  • Дарс: 10.5%-18.9%-ийн этанол агуулсан байвал дарс гэж тооцдог бөгөөд Монголд 100 мл дарсанд цэвэр этанолын концентрацийг 12.5% гэж тооцдог.

График-1. Нэг удаад хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээ (стандарт уултаар)

Энэ аргачлалд үндэслэн залуучуудын хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээг харвал эмэгтэйчүүдийн 42.4 хувь нь 3 хүртэл, 44.4 хувь нь 4-14 хүртэл, 13.2 хувь нь 15-аас дээш, эрэгтэйчүүдийн 52.1 хувь нь 4 хүртэл, 40.4 хувь нь 5-21 хүртэл, 7.5 хувь нь 22-оос дээш стандарт хэмжээтэй согтууруулах ундаа хэрэглэсэн гэжээ. Энэ нь ахмад, дунд насныхан (Дундаж: 35 хүртэл насныхан 7.4, 36-аас дээш насныхан 8.5)-ы хэрэглээтэй ойролцоо үзүүлэлт юм.

Олон улсад эрэгтэйчүүд долоо хоногт 21, эмэгтэйчүүд 14 стандарт уулт болон түүнээс ихээр хэрэглэвэл архины хамааралд бүрэн өртөнө гэж үздэг.

Энэ удаагийн судалгааны үр дүнгээс харахад эмэгтэйчүүдийн 13.2 хувь нь, эрэгтэйчүүдийн 7.5 хувийнх нь хэрэглээ дурдан буй стандартаас давжээ.

Хэдийгээр судалгаанд залуучуудын нэг удаад хэрэглэсэн согтууруулах ундааны хэмжээг тооцсон ч үзүүлж буй үр дүн нь тэдэнд архи, согтууруулах ундааны хамааралтай болох эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Согтууруулах ундаа хэрэглэхдээ зөвхөн нэг төрлийг дангаар нь хэрэглэхийн зэрэгцээ өөр өөр төрлийг хольж хэрэглэх байдал нэлээдгүй ажиглагддаг. Тухайлбал, архи-пиво-вино-виски зэрэг өөр өөр төрлийг хольж хэрэглэдэг. 

График-2. Хэрэглээний хэв маяг

Графикт үзүүлсэнээс харахад судалгаанд оролцогчдын 67.5 хувь нь нэг төрлийн согтууруулах ундааг дангаар нь хэрэглэсэн бол 28.3 хувь нь хоёр төрлийг, 3.9 хувь нь гурван төрлийг хамтад нь хэрэглэсэн гэжээ. Энэ нь хэрэглээний хувьд илүү хортой, эрсдэлтэйд тооцогдоно.

ХАМААРЛЫН ТҮВШИН.

ДЭМБ-аас гаргасан архины хэрэглээний асуудлыг шийдвэрлэх аргад үндэслэсэн AUDITтест (:Эрүүл мэндийн анхны тусламжийн түвшинд архины асуудлыг илрүүлж авах арга хэмжээ. ДЭМБ, СЭМҮТ. Орч: К.Елена. 2001)-ийн үр дүнд үндэслэн архи, согтууруулах ундааны хамаарлын түвшнийг тогтооход судалгаанд оролцогчдын 76.1 хувь нь бага эрсдэлтэй (огт хэрэглэдэггүй хүмүүс энэ хэсэгт багтаж байгаа), 18.6 хувь нь дундаж эрсдэлтэй, 3.4 хувь нь өндөр эрсдэлтэй, 1.9 хувь нь хамааралтай гэсэн бүлэгт багтжээ.

График-3. Архи, согтууруулах ундааны хамаарлын түвшин (AUDIT test)

Хүйсийн хувьд бага эрсдэлтэй бүлэгт эмэгтэйчүүдийн 88.6 хувь нь, эрэгтэйчүүдийн 62.4 хувь нь, дундаж эрсдэлтэй бүлэгт эмэгтэйчүүдийн 10.7 хувь нь, эрэгтэйчүүдийн 27.2 хувь нь, өндөр эрсдэлтэйд эмэгтэйчүүдийн 0.4 хувь нь, эрэгтэйчүүдийн 6.8 хувь нь, архины хамааралтай гэсэн ангилалд эмэгтэйчүүдийн 0.4 хувь нь, эрэгтэйчүүдийн 3.6 хувь нь багтжээ.

Хүйсийн хувьд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүүтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, мөн архи согтууруулах ундааны хамааралтай болох магадлал өндөр байгаа нь эдгээр үр дүнгээс харагдаж байна.

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭХЭД НӨЛӨӨЛЖ БУЙ ХҮЧИН ЗҮЙЛС

Архи, согтууруулах ундаа хэрэглэх, хамрах хүрээ тэлэх байдал нь нийгэм-соёлын орчин, улс төр-хуулийн хяналт, зохицуулалт, хүн амын боловсрол, дадал зан үйл, хамт олны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. Энэ мэт олон хүчин зүйлээс бид өмнө нь нийгмийн орчныг тодруулсан. Иймээс нийгэм-сэтгэл зүйн болон соёлын орчин, хамт олны нөлөөл, хууль эрх зүйн орчныг тодруулъя.

НИЙГЭМШЛИЙН ОРЧИН.

Зарим судалгааны үр дүнгээс харахад тухайлбал, судлаач Л.Эрдэнэбаяр, Н.Орёл нарын 1990 оны эхээр Дорнод аймагт хийсэн судалгаанд оролцогчдын 45.7 хувь нь ямар нэг байдлаар хэрэглэдэг (Л.Эрдэнэбаяр, Н.Орёл. “Дорнод аймгийн хүн амын дунд архидах өвчний тархалтын байдал” судалгааны өгүүлэл. “Монголын анагаах ухаан” сэтгүүл. УБ., 1990. 2/74), 1996 онд хийсэн “Архидалтын нийгмийн асуудал” сэдэвт судалгаанд оролцогчдын 65 хувь нь архи согтууруулах ундааг хүлээн зөвшөөрч, хэрэглэх хандлагатай байдаг (О.Баасантогтох. Амьдралын түвшний ялгаатай бүлгүүд дэх архи согтууруулах ундааны хэрэглээ (1996-2015 оны хооронд) илтгэл // Ц.Уртнасан. Монголын нийгмийн бүтцийн судалгаа шинжилгээ. УБ., 2017. 325), АУИС-ийн Мэдрэл, сэтгэц судлалын тэнхимээс 1999 онд хийсэн судалгаагаар оюуны хомсдолтой хүүхдүүдийн эцэг, эхийн 58.4 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэгч байсан (Улсын их хурлын 2003 оны 48 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтАрхидан согтуурахаас сэргийлэх, хяналт  тавих yндэсний хөтөлбөр // http://www.legalinfo.mn // 2015.05.24), 2001 онд хийсэн судалгаанд “... 87.9% нь ямар нэгэн төрлийн согтууруулах ундаа хэрэглэдэг (Г.Цэцэгдарь, А.Энхжаргал, С.Цэгмэд. “Согтууруулах ундааны талаархи хүн амын мэдлэг, хандлага, дадлын байдал” судалгааны өгүүлэл. “Монголын анагаах ухаан” сэтгүүл. УБ., 2003. 3/125) гэж тэмдэглэсэн.

Бүр өсвөр үеийн хүүхэд, багачууд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх болов. “Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох судалгаа” (2009 он) сэдэвт судалгаанд өсвөр үеийнхний 60.6 хувь нь (Өсвөр үеийнхний дундах согтууруулах ундааны хэрэглээ, хор хөнөөлийн талаарх мэдлэг, хандлагыг тогтоох судалгаа. АМЭА, Дэлхийн Зөн Монгол. УБ., 2009. 25) архи, согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Эдгээр судалгаа нь өнөөдрийн 16-35 хүртэл насны залуучууд буюу 1982-2001 оны хооронд төрсөн хүүхдүүдийн өсөж торних үеийг хамарсан бөгөөд өсвөр үеийнхэн болон залуучууд эрсдэлт бүхий хэрэглээнд татагдах, дууриах, сонирхох орчин нөхцөл бүрдсэн байсныг харуулж байгаа юм.

Эдвин Сатерландын “Хүн гажуу үнэт зүйлсийг эзэмшихэд гажууд хүнтэй харилцах харилцааны давтамж, тоо, үргэлжлэх хугацаа зэрэг зүйлс нөлөөлдөг байна” (Н.Смелзер. Социологи. УБ., 2001. 197) гэж тэмдэглэсэн.

Архи, согтууруулах ундааны хэрэглээ ихтэй орчинд хүүхэд өсөж бойжих нь нэгд: хүүхэд тухайн үнэт зүйлсэд суралцах, хоёрт: тухайн зүйлсийг эзэмших, улмаар хэрэглээ болгох магадлал өндөр болдог.

Одоогийн залуучуудад ийм зүйл тохиолдсон, бас өөрсдөө гажууд хэрэглээг дамжуулагч байрандаа очсоныг дараах үр дүнгээс харая.

График-4. Согтууруулах ундааны хамаарлын түвшинг настай харьцуулсан үр дүн

Судалгаанд оролцсон залуучуудын согтууруулах ундаа хэрэглэж эхэлсэн зааг үеийн аль алинд нь бага хамааралтай хүмүүсийн эзлэх хувь хэмжээ харьцангуй өндөр байгаа ч дундаж болон архины хамаарал өндөртэй хүмүүсийн дийлэнх нь 18 нас хүрэхээс өмнө согтууруулах ундаа хэрэглэжээ.

Хүйсийн хувьд бага эрсдэлтэй бүлгийн 58.5 хувь нь, дундаж эрсдэлтэй бүлгийн 87.5 хувь нь, өндөр болон архины хамааралтай гэсэн хэсэгт зөвхөн эрчүүд байгаа юм.

Тэгэхлээр энэ нь юуны өмнө хүүхэд багачууд болон өсвөр үеийнхний дэргэд согтууруулах ундаа хэрэглэх нь согтууруулах ундаа хэрэглэх дадлыг суулгадаг болохыг, мөн согтууруулах ундаа бага залуугаасаа хэрэглэх архины хамааралтай болох эрсдэлийг нэмэгдүүлж буйг харуулж байна.

СОЁЛЫН НӨЛӨӨ.

Монголчуудын согтууруулах ундааны хэрэглээ баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдээр улам бүр нэмэгддэг.

Судалгааны үр дүнгээс харахад залуучуудын тухайд Цагаан сар (84.6%), Шинэ жил (75.1%), Мартын 8 (65.0%), Цэрийн баяр (62.5%), Төрсөн өдөр (62.5%) архи согтууруулах ундаа хамгийн их хэрэглэдэг.

Хүснэгт - 2. Тэмдэглэлт өдөр, баяр ёслолоор согтууруулах ундаа хэрэглэж буй байдал

Баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг архи, согтууруулах ундаагүй тэмдэглэдэг болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, согтууруулах хэрэглэхэд ямар нэг хязгаарлалт, хориг саадгүй хэрэглэх боломжийг эдгээр өдрүүд олгодог бөгөөд сэтгэл зүйн хувьд согтууруулах ундааны зүйлгүйгээр тэмдэглэх дадал-сэтгэлгээ төлөвшөөгүйтэй мөн холбоотой.

ХАМТ ОЛНЫ НӨЛӨӨЛӨЛ.

Залуучуудын архи, согтууруулах ундааны хэрэглээнд найз нөхөд, ажлын хамт олон, ангийнхан зэрэг хамт олны нөлөөлөл хамгийн их байна.

График-5. Хамт олон бүлгийн нөлөө

Архи согтууруулах ундаа хэрэглэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг мөн найз нөхөдтэйгээ холбон тайлбарласан нь нийгэм-хамт олны хүрээлэл архи-согтууруулах ундаа хэрэглэхэд хамгийн их нөлөөлж байна.

График - 6. Согтууруулах ундаа хэрэглэх сэдэл шалтгаан

Мөн баяр ёслол, тэмдэглэлт өдөр, сэтгэлээ тайвшруулах зэрэг нь согтууруулах ундаа хэрэглэх сэдэл, шалтгаан болдог аж.

НИЙГЭМ-СЭТГЭЛ ЗҮЙН БАЙДАЛ.

 Ажилгүйдэл, амьжиргааны доройтол, гэр бүлийн зөрчил зэрэг шалтгаануудаас үүдэлтэй сэтгэл зүйн хөөрөл (эерэг, сөрөг), дарамт гэхчилэн сэтгэл зүйн янз бүрийн төлөв байдалд ордог. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүйн хөөрөл, хямрал, бухимдал нь архи, согтууруулах ундаа хэрэглэхэд хүргэдэг.

Нийслэлийн цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвд саатуулагдаж буй иргэдийг архинаас гаргахад чиглэсэн зан үйлийн “Архины хамаарлаас гаргах болон зан үйлд нөлөөлөх хосолсон хөтөлбөрийг турших” (“Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтран ажиллах гэрээ”. N64. ХЗЯ, “Эрчүүд эрүүл гэр бүл” ТББ. УБ. 2014.09.10) сургалтанд хамруулж согтууруулах ундаа хэрэглэх сэдэл шалтгааныг 10 хэв шинж (уур хүрэх, бухимдах, гутрах, гомдох, дургүйлхэх, баярлах, цөхрөх, ганцаардах, уйдах, стрессд)-ээр тодруулсан байдаг.

Долоон удаагийн сургалтын үр дүнг шинжлэхэд сэтгэл хөдлөлийн эхний шатанд хэрэлдэх, маргалдах, эсвэл өөр зүйл хийж сатаарах, бусадтай ярилцах байдлаар тайвширдаг. Сэтгэл хөөрөл гүнзгийрсэн үед илүү хурц хэлбэрийн хариу үйлдлүүд (хэрэлдэх, маргалдах, зодолдох, юм шидэх, хорсоно, уйлна, хорлоно г.м)-ийг гаргана гэжээ. Хамгийн сонирхолтой нь сэтгэл хөөрлийн хэв шинж бүрийг дарахын тулд архи ууна гэж нийтлэг байдлаар хариулсан байдаг.

Архи, согтууруулах ундааны хэрэглээ, түүний үр нөлөө нь гэр бүлд нэгд: өрхийн хэрэглээний мөнгийн үр зарах (26.1%), өр зээл тавих (16.6%), гэрийн хогшлыг зарах (4.3%) гэх зэргээр санхүүгийн хувьд хүндрэлд оруулдаг. Хоёрт: гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болох (26%), эхнэр/нөхөртөө гар хүрэх (17%) зэргээр гэр бүлийн харилцаа тааламжгүй болох, гуравт: үр хүүхдээ айлгаж зодох (10.4%), хүүхдийн хүмүүжил нь доголдох (8.9%) зэргээр хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн онолын хувьд авч үзвэл цаашид хүүхэд зүй бус хэрэглээнд автах, гажууд зан үйлд суралцах зэргээр хүмүүжлийн хувьд доголдох, хүчирхийлэгч болж төлөвших эрсдэл өндөр болдог.

Хүснэгт-3. Архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй гэр бүлд тулгарч буй бэрхшээл

ХУУЛЬ-ЭРХ ЗҮЙН ОРЧИН.

Хууль эрх зүйн хүрээнд насанд хүрээгүйчүүдийг хамгаалах боломж мөнхүү хязгаарлагдмал байгаа юм. Учир нь чанарын судалгааны мэдээллээс харахад архи, согтууруулах ундаа зардаггүй өдөр хүмүүс архи худалдаж авдаг (насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний аль аль нь), цагдаа нар тоохгүй өнгөрдөг, эцэг, эх багш сурган хүмүүжүүлэгч нар өсвөр үеийнхнийг архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг, 21 нас хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа худалдаалдаг гэхчилэн хуулийн зүйл заалт бүр их зөрчигддөг талаар судалгаанд оролцогчид тэмдэглэж байлаа. Тухайлбал, судалгаанд оролцсон 21 хүртэл насныхны 72.7 хувь нь согтууруулах ундаа хэрэглэдэг гэж хариулсан. 

Хүснэгт - 4. “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт зүйл заалтаар

Зарим тохиолдолд судалгаанд оролцогчид "хууль, хяналтын байгууллагынхан хууль зөрчигчдийг тоохгүй өнгөрөх явдал байдаг, мөн хяналтын байгууллагын үүрэг хариуцлагаа хангалттай биелүүлдэггүй" гэх байдлаар хуулийн хэрэгжилтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Цаашид энэ талаар эрх зүйн хувьд нэмэлт зохицуулалт хийх шаардлагатай болохыг харуулж байна.

АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Монголчууд эрт үеэс ёсыг дагаж хүндлэл цээрийг баримтлаж ирсэн ч ардчилал нийгэмд шилжсэн цагаас энэ бүхэн алдагдаж аливаад “эрх, эрх чөлөө” гэх хандах болсон. Бусдыг үл ойшоох байдал газар авч ахмад настан, аав ээжийгээ үл хүндэтгэн архи, согтууруулах ундаа хэрэглэдэг залуус олширсон бөгөөд залуучуудын дундах согтууруулах ундааны хэрэглээний өнөөгийн байдал (ямар нэг байдлаар хэрэглэдэг 85.7%) үүнийг гэрчилнэ. Бүр цаашилбал залуучуудад согтууруулах ундааны хамааралтай болох эрсдэл  (стандарт уултын хувьд: эмэгтэйчүүдийн 13.2, эрэгтэйчүүдийн 7.5) өндөр байна.

Согтууруулах ундааны хамааралтай болох эрсдэл эрчүүдэд илүү өндөр байгаа (эмэгтэйчүүдээс 1.7 дахин, өндөр эрсдэлтэй бүлэг 6 дахин, архины хамааралтай хүмүүсийн дунд 3 дахин өндөр). Тэдний дунд архи согтууруулах ундааг шунаж (тасартлаа болон байнга уудаг 16%), хэд хэдэн төрлийг хольж хэрэглэх байдал нэлээдгүй ажиглагдаж байгаа нь үүнийг мөн батлаж байна. Залуучууд согтууруулах ундааны хэрэглээний хувьд, мөн согтууруулах ундаанд хамааралтай болох магадлал өндөр байна.

Одоогийн нөхцөл бүрдэхэд, нэгд: өнөөгийн залуучуудыг өсвөр насанд нийгэмшсэн орчин нь энэхүү хэрэглээний гажуудлыг хүлээн зөвшөөрсөн, соёлын нөлөөлөл их, төр-эрх зүйн хамгаалалт сул байсан (одооч өөрчлөгдөөгүй) зэрэг нь архи, согтууруулах ундааны хэрэглэх дадалд суралцаж, хэрэглэх болможийг олгосон. Хоёрт: насанд хүрснээр өмнө дурдсан нийгэм-соёлын орчны зэрэгцээ хамт олны нөлөө шахалт, мөн хувь хүнд сэтгэл зүй-харилцааны бэрхшээлийг даван туулах чадавхи сул байгаа нь энэхүү хэрэглээг уламж бүр дэмжиж байгаа юм.

Нарколгоичид архи согтууруулах ундаа хэрэглэхэд “зохистой” хэрэглээ байдаггүй гэж тэмдэглэдэг ч “хэрэглээний соёл, мэдлэг”-ийг дээшлүүлэх тал дээр анхаарах шаардлагатай. Мөн нийгэмшлийн орчны нөлөөллийг бууруулах, уламжлалт баяр ёслол, тэмдэглэлт өдрийг согтууруулах ундаагүй өнгөрүүлэх, хууль эрх зүйн хяналтыг чангатгах, сайжруулах, сэтгэл заслын чиглэлээр нөлөөллийн ажил байнга явуулах. Ялангуяа, өсвөр үеийнхнийг согтууруулах ундааны хэрэглээнээс хол байлгах нь ирээдүйн залуучуудыг бэлдэх эхний алхам болно.