Л.Энхболд: Татварын нэмэгдлээ эргэж харахыг хүлээж авч байх шиг байна
2018.01.23

Л.Энхболд: Татварын нэмэгдлээ эргэж харахыг хүлээж авч байх шиг байна

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа. 

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд долоон төрлийн татвар нэмэгдсэн. Эдгээрээс хувь хүний орлогын апбан татвар нэмэгдсэнд иргэд бухимдалтай хандаж байна. Та өөрийн тойрогтоо ажиллаад ирсэн гэсэн. Иргэдийн зүгээс хамгийн их бухимдал төрүүлж байгаа зүйл нь татварын нэмэгдэл гэж хэлсэн гэдэгт итгэлтэй байна...

-Монгол Улсын эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор 2016 оны есдүгээр сараас эхлэн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай ярьж эхэлсэн. Тухайн үед татвар нэмэх асуудал хөндөгдөж эхлэхэд би эсрэг байр суурьтай байгаагаа хэлж байсан. Миний байр суурь хэвээрээ. Хувь хүний орлогын албан татварт цөөхөн хүн хамрагдаж байгаа гэж манайхан тайлбарладаг.

Гэхдээ миний сонгогдсон тойрогт уул уурхайн салбарынхан үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн салбарынхны дундаж цалин 2.3 сая төгрөг байдаг.

Тиймээс 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүст Хувь хүний орлогын албан татварын нэмэгдэл хамаарна гэдэгт нь уул уурхайн салбарынхан бүхэлдээ хамаарчихаад байна. Тэр утгаараа тойргийн маань маш олон сонгогч татварын нэмэгдлийг эргэж харах асуудлаар надад хандсан. 2016 оны есдүгээр сард татвар нэмнэ гэхэд нь эсэргүүцсээр байгаад гацаасан. Харамсалтай нь 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нэрийдлээр долоон төрлийн татварыг нэмэхээр болсон. Тэр үед ч гэсэн татварын нэмэгдлийг эсэргүүцэж байсан. Гэсэн ч цөөнх болоод яаж ч чадаагүй.

-Цөөнх болсон гэлээ. Гэхдээ ярьж, байр сууриа илэрхийлэхээс илүүтэй татварын нэмэгдлийг өөрөөр эсэргүүцсэн юм уу?

-2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Хувь хүний орлогын албан татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор татварын нэмэгдлээ эргэж харах талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт албан бичиг явуулсан. Түүнчлэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар өөрийн саналаа уг албан бичигтэй хамт хүргүүлсэн. Монгол Улсын Засгийн газар татварын нэмэгдлээ эргэж харахыг хүлээж авч байх шиг байна гэж ойлгож байгаа.

ОУВС-гийнхан нэгдүгээр сарын 25-нд ирж ажлын хэсгийнхэн нь Засгийн газартай хэлэлцээр хийнэ. Энэ үеэр татварын нэмэгдэл, тэтгэврийн насыг эргэж харахаас эхлээд хүүхдийн мөнгө, цалин нэмэх асуудлыг хэлэлцэх болов уу. Тэр дундаа татварын нэмэгдлүүдээ зайлшгүй эргэж харах ёстой. Миний хувьд татварын нэмэгдэл дээр эсрэг байр суурьтай байгаа, татварын нэмэгдлийг эргэж харуулна гэдэг байр сууриа сонгогчдодоо хэлсэн.

-Иргэдийн орлого нэмэгдээгүй байхад татвар нэмэх нь хэр зөв шийдэл вэ? Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг 2014 онд татвар нэмж хямралаас гарахгүй гэж ярьж байсан ч өнөөдөр эсрэгээрээ өөр зүйл ярьж байна гэдэг шүүмжлэл явж байна л даа...

-Ч.Хүрэлбаатар сайд өөрийнхөө байр суурийг илэрхийлэх байх. Ч.Хүрэлбаатар сайд татвар нэмэхийн эсрэг байр суурьтай гишүүдийн нэг байсан. Өмнөх Засгийн газрын үед ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдсан. Гэсэн ч Сангийн сайд татварыг нэмэгдлийг эргэж харах талаар хөөцөлдөж байгаа.

Сүүлд Сангийн сайдтай уулзахад Татварын ерөнхий газрынхнаас саналыг нь аваад хуулийн төсөл өргөн барихаар явж байна гэж надад хэлсэн.

Баялаг бүтээх гэж, амьдрал ахуйгаа авч явахын тулд тэмцэж яваа дундаж давхаргадаа татвар нэмж ачаалал үүрүүлж болохгүй гэж Сангийн сайдын ярьж байхыг сонссон. Татвар нэмсэн асуудлыг эргэж харна гэдэгт итгэлтэй байгаа.

-Бусад татваруудыг эргэж харах болов уу. Одоо бол Хувь хүний орлогын албан татварын асуудал л хөндөгдөөд байгаа?

-ОУВС-гийнхантай татварын талаар өргөн хүрээнд ярилцах ёстой. Бид өөрсдийн нөхцөл байдлыг нөгөө талдаа маш сайн ойлгуулах нь чухал. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5.8 хувьд хүрч дэвшил гарлаа, валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрлээ, 20 тоннын алтны нөөцтэй болсон, улсын төсөв 800 орчим тэрбум төгрөгөөр давлаа, бид өр зээлээ цаг хугацаанд нь төлж байгаа гэдэг гэрэл гэгээтэй мэдээллээ ойлгуулах хэрэгтэй.

Тиймээс дараагийн шатанд хөтөлбөрийн шаардлагыг уян хатан болгох талаар ярих нь зөв. Цаашлаад төрийн албан хаагчдын цалинг нэмэх, хүүхдийн мөнгийг 100 хувь олгох, тэтгэврийн насыг наашлуулах, татваруудаа эргэж харах гээд хүрээнд ярих ёстой байх.

-Шатахууны үнийн нэмэгдэл иргэдийг бухимдуулж буй сэдвийн нэг боллоо. Үнэ нэмсэн, нэмээгүй гэж яриад байгаа ч шатахууны хомстол яах аргагүй үүссэн байна. Үүнийг шийдэх боломж байна уу. Манайхан нефть боловсруулах үйлдвэрийн талаар ярьж эхэлснээс хойш 20 жил өнгөрлөө. Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар нь явуулна гээд мэдэгдчихсэн. Гарц шийдэл юу байх вэ?

-Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар явах ёстой гэдэг дээр байр суурьтай байх шиг байна. Монгол Улсын Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн тал дээр анхаарал хандуулж байгаа.

ТЭЗҮ-гээ зөв боловсруулсан, эдийн засгийн өгөөжөө өгөхийг нь зөв тооцсон бол нефть боловсруулах үйлдвэрээ барих ёстой.

Дэлхий дээр нефтийн хомсдол бий болсон уу гэвэл үгүй. Харин ч олборлолт нэмэгдэх хандлага байгаа. Тиймээс Ерөнхий сайд зах зээлийн зарчмаар явуулна гэсэн байх. Өмнө нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд нефть импортлогчдод мөнгө өгөөд байсан нь буруу. Харин төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд асуудлаа шийдээд, харилцан ойлголцоод явах нь чухал. А80, АИ92 зэрэг иргэдийн өргөн хэрэглэдэг бензиний үнийг тогтвортой барих тал дээр яриа хэлэлцээрийн шатанд ойлголцсон юм шиг байна лээ. АИ95, АИ98 зэрэг бензиний үнэ тодорхой хэмжээнд нэмэгдэх болов уу. Засгийн газар хувийн хэвшлийнхэнтэйгээ богинын тээвэрт үүсч байгаа. Тэгэхээр нь сая шороон замыг зөвшөөрчихсөн. Ингэснээр зэрэгцээ хоёр эгнээгээр тээвэрлэлт хийгдэж байгаа учраас түгжрэл үүсэхгүй байх магадлалтай.

-Асуудал шийдэгдсэн үү?

- Хятадын талаас уртын уртыг явуулах асуудал дээр маргаан үүсч байгаа. Сая тээврийн хоёр аж ахуй нэгж эсэргүүцэл илэрхийлж, цаана гарсан жолооч нар зам хааж, жагсаал цуглаан хийсэн. Хоёр орны Засгийн газар болон Баян нуур аймаг, Өмнөговь аймгийн удирдлагуудын түвшинд яригдаад асуудал нааштай шийдэгдэх байх. Гэхдээ Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг аливаа нэгэн улс орон нутагт нь эсэргүүцэж болохгүй.

Энэ гадаад харилцаа, худалдааны асуудал.

Иймэрхүү байдал хэрээс хэтэрч байна. Хоёр аж ахуйн нэгж Монгол Улсын Засгийн газрыг эсэргүүцдэг байж болохгүй. Цаашлаад уг хоёр аж ахуйн нэгжийн тээвэр хийх, бусад үйл ажиллагаа явуулахад нь анхаарах ёстой. Манайхаас зөвшөөрөл өгөхөө болиод, тээвэр хийхийг нь болиулах замаар манайхан өөрсдөө асуудлыг шийдэж болно. Монгол гэж тусгаар улс өөрийн гэх төртэй, хуультай юм байгаа биз дээ. Удахгүй энэ бүхэн шийдэгдэж байх. Сая машинууд хэвийн яваад эхэлсэн.

-Яг шалтгаан нь юу юм бэ?

-Нүүрс тээвэрлэлтэд уртын урт, урт гэдэг хоёр асуудал яваад байгаа. Уртын урт гэдэг нь хятад талд хүргэж өгөхөөр тээврийн өндөр их байна. Хятадад буулгаж буй талбайн хөлснөөс эхлээд өөрсдийнх нь орлого тасарч байна гээд байгаа.

Уртын тээвэрлэлт хийхэд 1600 юань байдаг бол уртын урт нь 3000 юань байдаг. Тэгэхээр 1400 юанын асуудал үүсч байгаа биз. Тиймээс ашиг орлоготой холбоотой асуудал л байгаа гэж хувьдаа боддог.

-Нүүрсээ ингээд л авто машинаар тээвэрлээд байх уу. Төмөр зам сураггүй л байна уу?

-Эрдэнэс Таван толгойн томоохон төслөө явуулъя гэх юм бол бидэнд төмөр зам шаардлагатай болно. Тэрийг хэнд өгөхөөс үл хамаарч төмөр замын асуудал яригдах магадлал өндөр болоод байгаа. Хятадын талаас хэн худалдан авагч гарч ирэх юм бол тэр нөхцөлд худалдан авагчтай төмөр замын асуудал ярина. 2009 онд баригдчих ёстой төмөр замыг зогсоосон болон далан бариад хаясан асуудал нэлээд хүнд байдалтай байгаа. Хятад, манай тал хоёрын төмөр замын уулзварын цэг нь зөрүүтэй байгааг мэдэх байх. Тиймээс энэ зөрүүг арилгахад л 130 сая ам.доллар хэрэгтэй. Манай эдийн засгийг аврах ганц боломж Эрдэнэс Таван толгойгоо явуулахгүй бол болохгүй. Энэ хүрээнд төмөр зам давхар шийдэгдээд явна. Тэгэхээр төмөр замын асуудал ор тас хаягдаагүй гэсэн үг.

Авто замын хувьд гурван маршрутын асуудал яригдаж байгаа. Гашуунсухайт явж байгаа ч ачааллаа дийлэхгүй байна. Ханги-Мандал, Цагаан дэл уул-Өлзий боомтын чиглэлд яригдаж эхэлж байх шиг байна. Хэдийгээр машинаар тээвэрлэн ачааллыг бууруулж байгаа ч гэсэн эдийн засгийн эргэлтийг хурдтай явуулахын тулд төмөр зам зайлшгүй шаардлагатай.

-Ерөнхий сайд БНСУ-д айлчилж 700 сая ам.долларыг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулна гээд хэлчихлээ. Өмнөх жишгээр бол хэдэн ч төгрөг байсан утаа буурах янз алга. Тиймээс энэ мөнгийг яг юунд зарцуулж, утаа бууруулах юм бол?

-Монгол Улсын Ерөнхий сайд БНСУ-д айлчлаад ирлээ. Энэ хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 0.2 хувийн хүүтэй 700 сая ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс 500 сая ам.долларыг нь утааны эсрэг зарцуулна гэсэн. Түүхий нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлш, орон сууцжуулах, дахин төлөвлөлт хийх зэрэгт зарцуулна гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Үүнийг зөв гэж бодож байгаа. 2019 оны төгсгөл гэхэд бид утаанаас салсан байх ёстой. Утаа энэ жил үүсчхээгүй болохоор өмнө нь хийхээр төлөвлөсөн ажлууд байж таараа. Өмнө нь тэр ажлуудаа хийж чадаагүй, хийхдээ зарцуулалт нь буруу явсан талууд бий. Утаа бууруулах ажилд сэтгэл дутсан. Сэтгэл байсан бол утааг бууруулах хэмжээний 200 гаруй тэрбум төгрөг гарчихсан байсан. Үзье гэх нээ хэдэн зуухны л асуудал байдаг. Одоо зуухыг дангаар нь ярих биш давхар түлшний асуудлыг нь цэгцэлж, орон сууцжуулах хүрээг тэлэх ёстой. Утааны асуудлыг дан ганц зуухаар шийднэ гэвэл худлаа. Тиймээс 500 сая ам.долларыг төлөвлөгөөтэй, олон чиглэлд үр дүн гарах хэмжээнд зарцуулах ёстой.

Сэтгүүлч Э.ЭНХБОЛД