Гэр хорооллын 21 мянган өрхийг 4кт-ийн цахилгаанаар хангах ажил хийгдэж байна
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн EagleTV телевизийн "Бадарчийн Жаргалмаа" нэвтрүүлэгт орж, цаг үеийн асуудлаар ярилцжээ.
-Нефть боловсруулах үйлдвэр монголд баригдах асуудал 1 тэрбум долларын зээлдээ багтах уу зэрэг маш олон асуултуудыг УИХ-ын гишүүд асуулаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс өөрөө нефттэй орон. Нефттэй орны жагсаалтаар 28-т ордог. Миний авсан мэдээллээр илэрсэн байгаа нөөц нь Норвегийн нөөцийн талтай тэнцэнэ. Гэтэл Норвеги улсын баялгийн 50 хувь нь нефтийн экспортоос олсон орлого байдаг. Харин яагаад Монгол Улс нефтээ гаднаас оруулж ирж байгаа юм бэ? Үүнийг хангалттай хариулт гэж бодож байна.
-Та 2008 онд парламентэд анх сууж байсан. Үүнээс хойш 10 жил өнгөрлөө. 5 дугаар цахилгаан станцыг ярьсаар мөн 10 жил боллоо. Энэ бол таны мэргэжлийн салбар шүү дээ.
-Би ажлаа аваад гурван сар болж байна. Үүнээс өмнө болсон зүйлсийг ярих ёстой. Багануур уу, Тавдугаар цахилгаан станц уу гэсэн сонголт явагдсан. Тэр үед Багануурын цахилгаан станцыг барих ажил эхэлчихсэн байсан. Хэрвээ би тэр үед сайд байсан бол Тавдугаар цахилгаан станц руу илүү анхаарлаа хандуулах байсан. Тавдугаар цахилгаан станцыг барих консерциум задарсан нь манайхны хүнд суртлаас болсон байж болзошгүй. Үүнээсээ болоод гадны хөрөнгө оруулагч нарын итгэлийг алдсан байж магадгүй. Хэрвээ тэр үед би сайд байсан бол мэргэжлийн хний хувьд Тавдугаар цахилгаан станцаа л шийдэх байсан.