2018.01.31

Б.Баттөмөр: Бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийж байж зээлийн хүү буурна

Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороогоор Банкны зээлийн хүүг бууруулах зах зээлийн орчин бүрдүүлэх талаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийллээ.

Б.Баттөмөр: УИХ-д ажлын хэсэг байгуулагдаад банкны зээлийн хүүг бууруулж өгнө гэсэн хүлээлт ард иргэдийн дунд байна. Энэ тогтоолын төслийг харахаар энд орж байгаа бүх зүйл Мөнгөний бодлогын баримт бичиг, 2018 оны төсөв, Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрт орчихсон л зүйлүүд явж байна.

Шинэлэг нэг ч зүйл алга.

Энэ тогтоол гаргахын эсрэг байна. Банкны зээлийн хүүг буулгах бол ганцхан Монголбанкны ажил биш гэж ярьж байна. Үнэн. Монголбанк мөнгөний бодлогоороо, Сангийн яам төсвийн бодлогоороо, Засгийн газар бүтцийн өөрчлөлтийн бодлогоороо томоохон өөрчлөлт оруулж байж зээлийн хүү буурна гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ арилжааны банкууд Монголбанкинд тавьсан хүсэлтүүд байна. Хадгаламжийн хүүг буулгах чиглэлээр ажиллая гэж хүсэлт тавьсан.

Сая гаргасан бодлогын баримт бичгүүд дээр зээлийн эсвэл хадгаламжийн дээд хязгаарыг Монголбанк тогтоож болно гэсэн заалт оруулсан байх ёстой гэж бодож байна. Гэхдээ заавал тогтоо гэсэн үг биш. Тогтоож болно гэсэн заалт байх ёстой байсан. 

Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр ярьвал Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн даргын мэдээллийг Эдийн засгийн байнгын хороон дээр авч үзэх хэрэгтэй. Энэ хүний хийх ёстой ажилд нь эрхийг нь өгмөөр байна. Энэ хүнтэй хамтарч ажиллах ёстой хөрөнгийн биржийн захиралыг Сангийн яам томилдог. Энэ хүн байлдаанд буугүй яваад байгаа хүн шиг надад харагдаад байгаа юм. Тиймээс энэ хүнд эрхийг нь өгч, ажлыг нь хийлгэмээр байна.

Зээлжих зэрэглэлийг тогтоох үүрэг өгнө гэж байна. Энэ тал дээр маш их ажил хийх ёстой. Мөнгөний бодлого, Төсвийн бодлого, Бүтцийн өөрчлөлтийн бодлогууд гээд олон зүйлсийг өөрчилж байж зээлжих зэрэглэл нэмэгдэх зүй тогтолтой.