УИХ-ын дарга М.Энхболд сүү, цагаан идээ борлуулж байгаа малчидтай уулзлаа
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Тусгаар тогтнолын талбайд сүү, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж буй Архангай аймгийн малчид дээр очиж, үзэсгэлэн, худалдааг үзэж сонирхохын зэрэгцээ малчидтай ярилцаж, санал бодлоо солилцлоо.
УИХ-ын дарга М.Энхболд энэ үеэр орон нутагт өвөлжилт ямар байгааг асууж лавлан, сүү, цагаан идээний чанар, үнэ өртөг, борлуулалтын талаар тодруулж байлаа.
Архангай аймгийн бүх сумдаас 300 гаруй малчид 320 тонн цагаан идээтэй нийслэлд иржээ.
Гурав дахь жилдээ зохион байгуулж буй цагаан идээний үзэсгэлэн, худалдаанд оролцож байгаа малчид жил ирэх бүр бүтээгдэхүүнийхээ савлагааг сайжруулан, үнэ өртгийн хувьд боломжийн, эко бүтээгдэхүүнийг нийслэлчүүдийн сар шинийн баярын хэрэгцээнд зориулж худалдаалж буй талаараа УИХ-ын даргад хэлсэн. Мөн бүх бараа бүтээгдэхүүндээ Мэргэжлийн хяналтын байгууллагаар шинжилгээ хийлгүүлсэн, чанартай сүү цагаан идээ борлуулж байна хэмээлээ.
Үзэсгэлэн худалдааг үзэж, малчидтай ярилцсаныхаа дараа УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа, үндэсний уламжлалт үйлдвэрлэл болсон, хүний эрүүл мэндэд үзүүлэх ач холбогдлыг тоочоод баршгүй цагаан идээгээ өргөн дэлгэр хэрэглэх уриалга гаргасан талаараа дурьдав.
Тэрбээр “Сүү, цагаан идээний хэрэглээ, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Хүний биед кальцийн дутагдлыг нөхөж, дархлааг хамгийн сайн тогтоож өгдөг сүү, цагаан идээний хэрэглээгээ нэмэгдүүлж, төр засгаас үйлдвэрлэлийг дэмжих уриалгыг миний бие гаргасан. Энэ уриалгыг минь олон түмэн сайхан хүлээж авч байна.
Сүү нь Монгол Улсын хуулиар стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлыг бодитой хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг цаашид тогтмол зохион байгуулна. Ирэх 2019 оноос үйлдвэрлэлийг дэмжих, нэмэгдүүлэх бодлого явуулна. Ингэж байж хэрэглээгээ нэмэгдүүлэх, гадаадын импортыг тодорхой хэмжээнд хязгаарлах боломж бүрдэх юм.
Бидний өвөг дээдсийн хүнсний хэрэглээний 55 хувь цагаан идээ байсан тухай 1918 оны судалгаа байдаг юм билээ. Монголчуудыг яс, бие сайтай гэдэг нь энэ хэрэглээтэй холбоотой байсан болов уу.
Хүний эрүүл мэнд хэрэглэж байгаа хүнснээсээ шалтгаалдаг учир уламжлалт сүү, цагаан идээгээ нийтээрээ өргөн дэлгэр хэрэглэхийг уриалж байна” хэмээв.
Үзэсгэлэн, худалдааг сонирхох үеэрээ УИХ-ын дарга М.Энхболд сар шинийн баярын цагаан идээгээ худалдан авлаа.
Энэ үеэр малчид “Сүү, цагаан идээний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх талаар сайхан санаачилга гаргасан УИХ-ын дарга М.Энхболдод талархаж байна.
Сүү, цагаан идээ хэрэглэж хэвших нь хүн амын эрүүл мэндэд хэрэгтэйгээс гадна малчид, мал аж ахуйг дэмжиж байгаа том хөрөнгө оруулалт юм” хэмээн санал, бодлоо илэрхийллээ