Ж.Бат-Эрдэнэ: "Булган-Шинэ хөдөө" төсөлд ТЭРБУМ төгрөг төсөвлөсөн
2018.01.26

Ж.Бат-Эрдэнэ: "Булган-Шинэ хөдөө" төсөлд ТЭРБУМ төгрөг төсөвлөсөн

“Шинэ хөдөө” төсөл Булган аймагт хэрхэн хэрэгжих талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат- Эрдэнэтэй ярилцлаа.

-”Шинэ хөдөө” төслийн явц ямар байна. Тэр дундаа Булган аймагт хэрхэн хэрэгжиж байна вэ?

-“Шинэ хөдөө”-ийн төслийн гол зорилго нь ажлын байр бий болгох юм. Мөн импортыг орлох хэмжээний үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг зорьж байна. Зөвхөн хөдөөд биш жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байр бий болгох бололцоотой бизнесүүдийг дэмжье гэж байгаа юм.

Эхний удаа хөдөөд бэлэн байгаа түүхий эд бүгээгдэхүүнийг ашиглаж боловсруулах үйлдвэрлэл бий болгоход илүү ажиллах нь зүйтэй гэж үзээд “Шинэ хөдөө” гэсэн нэр өгөөд байгаа. “Шинэ хөдөө” төслөө Засгийн газрын бодлого болгох гэж зүтгэж байна.

УИХ-д лобби бүлэг байгуулагдсан.

Засгийн газрын боловсруулж буй гурван тулгуурт бодлогын нэгд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тэр тусмаа “Шинэ хөдөө” төслийг түлхүү оролцуулахаар бодож байна. Энэ оны улсын төсөвт “Булган-Шинэ хөдөө” нэрээр тэрбум төгрөг суулгасан.

Энэ хүрээнд жимс, жимсгэнэ тариалах болон малын үржил селекцийг дэмжинэ. Малынхаа үүлдэр угсааг сайжруулах, сүү, махны чиглэлээр өсгөх, Булган аймгийн “Сэлэнгэ” үхрийг өсгөхөд анхаарч байна.

-“Шинэ хөдөө” төсөл аймгийн хэдэн суманд хэрэгжих вэ?

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Мах, сүүний хөтөлбөр орж ирсэн. Энэ нь хөдөө аж ахуйн гол нэрийн бараа болсон сүү, махыг бүрэн ашиглах бодлого юм. Хөдөөд зуны гурван сар цагаан идээгээ боловсруулдаг. Тэгэхээр зөвхөн гар дээр биш хуучны үе шиг сүүний машинууд суманд очиж сүү авдаг систем рүү оруулъя гэж байгаа юм.

Булган аймгийн хувьд хойд талын зургаан сум хамрагдах боломжтой.

 Аарц, ааруулын хэрэглээ Улаанбаатарт өндөр байдаг. Үүний дагуу зун аарц, масло боловсруулаад оруулж ирвэл хотод эрэлт хэрэгцээ нь байна. Тиймээс төслийн багийнхан “Сүү”, Витафит”-ийнхантай уулзсан.

-“Шинэ хөдөө” төслийн зохион байгуулалтын ажил аймгийн төвд хэрхэн өргөж байна. Тухайлбал, төсөлд хамрагдах малчин, жижиг, дунд үйлдвэрлэгчид хаана хандах вэ?

-Хандсан хүн бүрийг дэмжихээс илүү хөдөө орон нутагт юу хийж болох вэ гэдгийг хамгийн түрүүвд харах ёстой. Сүүн дээр дэмжлэг үзүүлнэ. Сумдад сүү боловсруулах үйлдвэр, хүлээж авах цэг, хөргөгч систем зэргээр аж ахуй эрхлэх бололцоог нь бий болгоно. Малчид зундаа малаа саагаад орлого олох боломжийг нээж өгч байна.

Нөгөө талаас “Шинэ хөдөө” төслийн хүрээнд махны үйлдвэрлэлийг сайжруулахыг зорьж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Булган аймагт махны хоёр үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн. Энэ үйлдвэрүүдээ өргөжүүлж гадагш нь экспортлох дэмжлэг үзүүлбэл малчид махаа борлуулах бололцоотой.

Өөрөөр хэлбэл, мах махан бүтээгдэхүүн, сүүний үйлдвэрлэлийн зах зээлийг нь бий болгож өгөх юм. Аймаг, сумын төвд ажил хийх сонирхолтой хүмүүс байна. Жижиг, дунд үйлдвэрлэл, туслах аж ахуй гээд бизнес хийх боломжийг нь төрөөс дэмжинэ.

-Төслийн үр дүнд Булган аймагт хэдэн ажлын байр бий болох вэ?

-Нэг өрх ямар хэмжээний орлого олох бололцоотой вэ гэдгийг эхлээд харах ёстой. Тухайлбал, Монгол Улсын жимс жимсгэнийн хэрэгцээний 98 хувийг гаднаас хоёр хувийг дотоодоос байгалийн жимсээр хангадаг. 

Тэгвэл энэ хоёр хувийг 40-50 хувьд хүргэж, тэр хэмжээний борлуулалтыг хийхийн тулд хэдэн өрх, ямар орлоготой байх вэ гэж тооцох ёстой. Хамгийн гол нь энэ хэмжээний үйлдвэрлэл бий болгоход хөрөнгө шаардлагатай.

Ерөнхий тооцооллоор бол Монгол Улсын 330 суманд тус бүр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.

Гэхдээ тухайн аймаг, суманд ямар бизнес хийх вэ гэдгээс шалтгаална. Түүнээс хүн бүрийн барьж ирсэн төсөлд мөнгө өгөөд байж болохгүй. Үүний тулд судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэй болно.

-Аймгуудад өвөлжилт хүндэрлээ. Булган аймаг руу өвс, тэжээлийн цуваа хэр их явж байна вэ?

-Булган аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрснийг Засгийн газрын хуралдаан дээр ярилаа. Үүний дагуу 200 гаруй сая төгрөгийн өвс, тэжээлийн туслалцаа үзүүлэхээр боллоо.

Сэтгүүлч С.Уянга