Ж.Ганбаатар: Зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах ёстой
2017.11.01

Ж.Ганбаатар: Зээлийн хүүг бууруулж, нэг оронтой тоонд оруулах ёстой

 УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАРТАЙ жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар ярилцлаа

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлыг та нэлээд хөндөж ярьдаг. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэл манайд хэр хөгжиж байна вэ?

-Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил жилээс жилд сайжирч байна. Жишээ хэлэхэд, жижиг, дундын барилгын материалын үйлдвэрлэл хөгжсөнөөр шохой, замаск, цавуу, хөөс, арматурын хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болсон.

Цементийн хувьд ч хэрэгцээгээ хангаж байгаа бөгөөд жижиг, дундаасаа гараад өрсөлдөх чадвартай том үйлдвэрлэл боллоо. Таван жилийн өмнө энэ бүгдийг гаднаас авдаг байлаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ч ялгаагүй. Саяхан л бид Улаан-Үдээс “Шар сүү” нэртэй савласан сүү зөөдөг байсан шүү дээ. Усыг хүртэл тэндээс авдаг байлаа. Үүнийг бид санах хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр энэ бүгдийг дотооддоо үйлдвэрлэж чадаж байна.

“Кока кола”, “Үндэсний витавит” гээд олон улсад танигдсан бүтээгдэхүүнийг ч үйлдвэрлэж байна. Үүнээс харахад жижиг, дунд үйлдвэрлэлд дэвшил гарсан. Маш том биш ч боломжийн хэмжээний ахицтай байна гэж боддог.

Харин энэ дэвшлийг хүмүүс харахгүй байгаа юм. Улстөрчид өөрийнхөөрөө л ойлгож байх шиг байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Жижиг, дунд үйлдвэрлэлд эргэлдэж байгаа мөнгө бараг 200 гаруй тэрбум төгрөг байна” гэж хэлсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийн мөнгө Монголдоо эргэлддэг.

Харин тендер, концесс зэрэг их хэмжээний гаднын хөрөнгө оруулалтын мөнгө Монголоос зугтдаг. Зарим хүн жижиг, дундынхныг хөрөнгө оруулалтыг зориулалтын бусаар ашигладаг, зээл авчихаад мөнгөөрөө наймаа арилжаа хийдэг гэж их шүүмжилдэг.

Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш олон Элчин сайдтай энэ асуудлаар уулзаж ярилцсан.

Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт аль ч улсад эрсдэлтэй байдаг. Бизнес санаа гаргаж байгаа бүх хүний бизнес амжилттай явдаггүй. Тиймээс бид жижиг, дунд үйлдвэрлэл рүү анхаарч байгаа хандлагаа өөрчлөх ёстой. Өөрөөр хэлбэл, “дэмжээд байхад явдаггүй” гэж үзэж болохгүй. Байнга дэмжлэг үзүүлж байх учиртай юм. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжлийнхөө шатанд яваа. Үр дүн бий юу гэвэл бий. Үүнийг амьдралаас тасарсан хүмүүс ойлгохгүй байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн зарим нь хөгжиж, нэг хэсэг нь дампуурдаг. Үүнийгээ импортын бараа бүтээгдэхүүн их хэмжээгээр хямд үнээр оруулж ирж байгаатай холбон тайлбарлах нь бий. Ер нь энэ салбарт тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Бидэнд олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүрэг байдаг. Монгол Улс хилээ хаагаад, бүх хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүнээ дотроо үйлдвэрлэж чадахгүй. Гадагшаа заавал харьцах учраас бид олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээдэг.

Бүх татвараа нэмээд, дотооддоо хэрэгцээгээ хангах боломжгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Тиймээс гаднын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвараа л сайжруулах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Үүний тулд төрөөс сайн анхаарал хандуулах ёстой. Гэхдээ анхаарал тавиад байхад асуудал үүснэ. Би дээр хэлсэн. Жижиг, дунд үйлдвэрлэлийн санаа гаргасан 100 хүн бодож сэдсэнээ хэрэгжүүлэхэд 30-40 хувь нь амжилт олж байна гэдэг маш том амжилт.

Энэ нь дэлхий нийтийн жишгээс илүү амжилт. Түүнээс биш 100 хүн санаа хэрэгжүүлэхэд 100 хувь амжилт олно гэсэн зүйл хаана ч байхгүй. Дампуурна, алдана, ононо.

Дахиад өөр зүйлийг сэтгэж, бодно, урагшилна. Энэ бол зөв хөгжлийн голдирол юм. Тухайлбал, та нэг зүйл хийж байгаад алдаа гаргаад дампуурлаа гэхэд дараа нь тэр алдаан дээрээ суурилан өөр бизнесийг өөрөөр сэтгээд хийнэ гэдэг танд үлдэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Би угаасаа энэ замыг дайраад ирсэн хүн. Тэгэхээр үүнийг л сайн ойлгуулах хэрэгтэй. 10 хүнийг ажил, амьдралтай болгож байгаа хүн өөртөө, улс оронд ч нэмэртэй шүү дээ. Энэ нь өөрөө улс орны хөгжилд нэмэр болж байгаа хамгийн том хүчин зүйл.

-Бизнес эрхлэгчид зээлийн хүү өндөр байна гэж ярьдаг. Хүүг бууруулах талд ямар бодолтой байдаг вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд зээлийн хүүгийн дарамт үнэхээр бий. Жишээ нь, хамгийн багадаа жилийн 18 хувийн хүүтэй зээл авч байна. Би энэ талаар Байнгын хорооны хуралдаанд зээлийн хүүг бууруулж, болохгүй бол хүчээр ч хамаагүй нэг оронтой тоонд оруулах ёстой гэж ярьсан.

Бусад улс оронд зээлийн хүү жилийн 4-5 хувь байдаг. Гэтэл манайд хэд дахин өндөр байна. Монголын бизнес нь өөрөө үүнийг даахгүй байна. Жилийн 18 хувийн ашиг гэдэг бол маш том тоо. Үүнийг зээлийн хүүндээ өгчихөөр банк нь л баяжиж байгаас биш тухайн хүний хийж байгаа бизнес ашиггүй болж хувирч байна. Тэгэхээр энэ бол чухал асуудал, энэ талаар зайлшгүй ярих ёстой.

-Ямар нэгэн улсын байгууллагын хүнд суртал, ялангуяа мэргэжлийн хяналтын дарамт их байгаа талаар сонсогддог. Үнэхээр тийм дарамт байдаг юм уу?

-Улсын үйлдвэрлэлд стандарт бий. Мэргэжлийн хяналтын байгууллага үүнийгээ шалгаж байхгүй бол стандартын бус зүйл байж болохгүй гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэлд мэргэжлийн хяналтын дарамт их байдаг.

Харин томчууд нь өөрсдийгөө хамгаалж чаддаг, тусдаа хуулийн хэлтэстэй. Энэ асуудлыг нэлээд засч залруулж байгаа. Бас ч гэж сүүлийн 3-4 жил мэргэжлийн хяналтын байгууллагынхан юм ойлгодог болсон.

-Сайд томилох үеэр зарим гишүүний зүгээс Аж үйлдвэрийн яам байгуулах санал гарсан. Та үүнд ямар байр суурьтай байна вэ. Ер нь өнөөдөр жижиг, дунд үйлдвэрлэл хаана харьяалагддаг юм бол?

-Жижиг, дунд үйлдвэрлэл ХХААХҮЯ-ны долоохон хүнтэй газарт харьяалагддаг. 850 мянган хүн ажиллаж, хөдөлмөрлөж байгаа энэ том салбарыг нэг яамны сайдын халаас, нэг хэлтэс, газарт харъяалуулж болохгүй л дээ. Миний хувьд агентлаг байх ёстой гэдэг саналыг УИХ-ын чуулганы хуралдаан дээр олон удаа хэлсэн.

Одоо би Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Мөн Худалдааны хуулийг санаачлан боловсруулж байгаа. Хуульд хамгийн багадаа агентлаг байх ёстой гэсэн хуулийн заалтыг зайлшгүй оруулна.

Эсвэл Аж үйлдвэр, худалдааны яам гэж байгуулаад түүнд жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан, олон хүний бүрэлдэхүүнтэй газар хэлтэст харьяалуулах нь чухал. Учир нь, жижиг, дунд үйлдвэрлэл манай эдийн засгийн голлох хүч, дундаж давхаргынхан төрөн гарах суурь болсон салбар юм шүү дээ.

Сэтгүүлч М.ЭНХЦЭЦЭГ