УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
2017.05.17

Ж.Ганбаатар: Жижиг дунд үйлдвэрлэл тусдаа хуультай болох ёстой

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо өчигдөр хуралдаж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийн ажлын явцтай танилцлаа. Хуралдааныг дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар удирдан явуулсан юм.

УИХ-ын гишүүн, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар хуралдааны төгсгөлд санал хэлж, яамны удирдлагуудад чиглэл өглөө.

Ж.Ганбаатар “Импортын татварыг нэмэх тал дээр ажиллах нь зүйтэй. Дэд хорооны зүгээс дэмжинэ. ХХААХҮЯ-ны зүгээс өөрөө санал санаачлагатай байж ажил хэрэг болгох хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг зээлээр дэмжиж байгаагийн цаана тэдгээр хүмүүс маань ажлын байр ихээр бий болгодог онцгой ач холбогдолтой.

Арван ажлын байртай аж ахуй нэгж нь 50 хүнтэй болох, 50 ажлын байртай албан байгууллага 100 хүнийг ажлын байраар хангахад яаж дэмжих үү. Тэднийг хэрхэн урамшуулах уу гэдгээ яамны зүгээс анхаарч, бодлоготой хөгжүүлмээр байна. Гадаадад суугаа элчин сайдын яамдуудтай хамтран ажилламаар байна. Элчин сайдын яамд арай өөр чиглэлээр ажилламаар байгаа юм.

Энэ дөрвөн жилдээ багтаагаад гадаадын том үйлдвэрийн салбарыг Монголдоо оруулж ирмээр байна. Гадаадын аль нэг том үйлдвэрийг гуйгаад Монголд оруулж ирье. Тэгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь Япон руу, Европ руу гаргая. Ингэж эхлүүлж чадвал түүнийг хараад араас нь гаднын том үйлдвэрүүд манайд салбараа байгуулах хүсэлтэй болно.

Гадаадад манайхан очиж үзэсгэлэнд бүх бараа бүтээгдэхүүнээ танилцуулдаг байх нь чухал юм. Жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлэхийн тулд төрөөс санхүү, хөрөнгө мөнгөний дэмжлэгийг нэмэгдүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Хуулиндаа Жижиг, дунд үйлдвэрийн агентлаг байгуулахаар заасан.

Гэвч одоо энэ салбарыг хөгжүүлэх төрийн ажлыг 7, 8-хан хүн явуулж байгаа. Би бол агентлаг байгуулахын төлөө сайн шахна гэж бодож байна. Яамны мэдэлд байгуулах хэрэгтэй. Энэ салбарт 700 мянга гаруй хүн ажиллаж хөдөлмөрлөж байна. Гэтэл арав хүрэхгүй хүн энэ хүмүүсийн төлөө ажиллана гэж байхгүй. Тиймээс агентлаг байгуулах нь зүйтэй юм” гэлээ.

Тэрээр Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлыг яаравчлуулахыг ажлын хэсэгт үүрэг өглөө.