2018.02.02
Пёнчан - 2018 өвлийн олимпийн 23-р наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо
Пёнчан 2018 өвлийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн мордуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ үеэр олимпийн наадамд мандах Монгол Улсын төрийн далбааг багийн тугч, олон улсын хэмжээний мастер Б.Ачбадрахад гардуулан өглөө.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Гүйлтийн цанын хоёр тамирчин маань өвлийн олимпийн буухиаг таслахгүй эрхээ авсанд нь монголын ард түмэн талархалтай байгаа. Амжилт үзүүлж, амжилтаа бататгана гэдэгт нь бид итгэл найдвартай байна. Тиймээс олимпод орох гэж байгаа албаны болон тамирчдын багаа албан ёсоор хүлээн авч, амжилт хүсч байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Хүн болгоны хариуцлага их чухал байдаг. Улс орны нэр хүндийг өндөрт өргөж явах ёстой, монгол хүнийхээ зан суртахуун, ёс зүйг өндөрт өргөж явах ёстой. Тамирчин хүн бол зүгээр ч нэг тэмцээнд оролцож, медаль аваад ханхалзаад байдаггүй.