Байнгын хороо хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
2018.02.02

Байнгын хороо хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 15 цаг 37 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг

Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр байр сууриа илэрхийлсэн.

Тэрбээр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, О.Содбилэг бид нар цэргийн алба хаагчдын талаар нэгэнт хүрсэн нийгмийн хамгааллын тогтолцоог бууруулах чиглэлтэй, буруу тооцоолол дээр үндэслэсэн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь  зүйтэй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Сангийн сайд нар уулзаж, энэ асуудлаар ярилцаад цэргийн алба хаагчдын талаар нэгэнт хүрсэн нийгмийн хамгааллын тогтолцоог бууруулахгүй байхаар шийдвэрлэх, тооцооллоо нэгтгэх чиглэл өгчээ. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо татаж байна” гэж байлаа

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй.

Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргав. Иймд уг хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай таван жилийг нэмэгдүүлж, долоо болгосон нь даатгуулагчийн эрх ашиг, тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ахлахаар боллоо. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох Байнгын хорооны тогтоолыг батлах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.9, 24.10 дахь хэсэг, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийн үндэслэн Улсын Их Хурлын гишүүн А.Ундрааг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар сонгох Байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулсан. Уг асуудлыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.