Ж.Сүхбаатар: Дарханы хөгжлийн хэтийн төлвийг цогц авч үзэх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар тойрогтоо ажиллаж байхад нь дараах ярилцлага авснаа хүргэе.
-Сонгогдсоноосоо хойш тойрогтоо хэр ажиллав. Иргэд чухам юу хүсэж байна вэ?
-Би Дархандаа төрж өссөн хэдий ч сүүлийн арав гаруй жил байгаагүй ч сонгуулийн үед ажиллахдаа ард түмнийхээ амьдралыг нь мэдэх болсон. Их хурлын гишүүн болсноосоо хойш аймаг орон нутагт шийдвэрлэх шаардлагатай ямар асуудал байгааг судалж шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тойрогтоо хийсэн ажлын тоймоос хэлэхэд иргэдийн санал хүсэлтийн дагуу 10 өрхөд монгол гэр олгож гадаад болон дотоодын их дээд сургуульд суралцах шаардлага хангасан 11 хүнийг дэмжин оруулж сургалтын төлбөр, эмчилгээ, ахуй амьжиргаа зэрэг аргагүй байдлыг нь харгалзаж нэр бүхий хүмүүст 8 сая гаруй төгрөгийн тусламж үзүүлж дуу бүжгийн Солонго чуулгыг дэмжиж 1.5 сая төгрөг хандивласан зэрэг олныг нэрлэж болно. Мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдад хүсэлт тавьж хөөцөлдсөнөөр Од цогцолборын хичээлийн "Б" байр, 9 дүгээр сургуулийн хичээлийн байрын их засварт зориулж Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр нийтдээ 300 сая гаруй төгрөгийг шийдүүлэн засуулж "Багш хөгжлийн төв"ийн барилгын засварын ажлын санхүүжилтийн тодорхой хувийг шийдүүллээ.
- Бусад гишүүдтэйгээ хамтарч ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?
- Дарханаас сонгогдсон 1урван гишүүн бид хамтраад 2009 оны улсын төсөвт Дархан хотын доторх шинээр зам тавих, засварын ажилд 1.7 тэрбум төгрөгийг тусгуулж гүйцэтгүүлсэн. Хонгор сумын хог хаягдлын цэгийг булж цэвэрлэх ажлыг дэмжиж санхүүжилтийг нь холбогдох байгууллагаар шийдүүлсэн. Шарын гол суманд үүссэн ор авлагын асуудлаар үүссэн хүндрэл бэрхшээлтэй газар дээр нь танилцаж холбогдох байгууллагатай хамтран ажилласан. Орхон сумын ногоочидтой томс, хүнсний ногоо хураах үеэр талбай дээр нь уулзаж санал бодлыг сонсож төрийн ордонтой танилцуулах зорилгоор тойргийнхоо байгууллага иргэдийн төлөөлөл болсон олон зуун хүнийг хүлээн авах ажлыг зохион байгуулсан. Мөн баяр ёслолын үеэр хүндэтгэл үзүүлэх, гарын бэлэг гардуулах зарим арга хэмжээнд урамшуулал бай шагнал гаргах өргөдөл гомдлыг холбогдох байгууллагад уламжилж шийдвэрлүүлэх гээд олон ажилд оролцлоо.
- Харин энэ оны хувьд ямар вэ?
-Энэ оныг манай Дарханы удирдлагууд "Өрхийн хөгжлийг дэмжих жил" болгосон нь цаг үеэ олсон бодлогын бодитой зорилт гэж дэмжиж байна. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүд бид "Гишүүдийн" гэх мөнгийг бүхэлд нь Дарханы замд оруулсан бол 2010 оны төсөвт Дархан, Шарын гол сумын орон сууцны дээврийн их засварт 920 сая, цагдаагийн хяналтын телекамерын систем байгуулахад 1.5 тэрбум , дулааны салбар шугамын шинэчлэлд 630 сая, Шарын голын цэвэр усны эх үүсвэрийн гүний худаг, барилга байгууламжид 1 тэрбум, Дарханы үерийн хамгаалалтын даланд 832 сая, Хонгор сумын дулааны шугамын шинэчлэлд 205 сая төгрөг зэрэг ажлуудыг санхүүжүүлхээр суулгасан. Өөрөөр хэлбэл манай Тойрогт чамлахааргүй олон тэрбум төгрөгийн ажлууд хийгдэнэ. Энэ ажлын гүйцэтгэлд хяналтын байгууллагууд, аймгийн болон сумдын ИТХ-ын төлөөлөгчид өөр өөрсдийн тойрогт хийгдэж байгаа ажлуудын талаар байнга мэдээлэл авч эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих нь олон түмний хяналтыг бий болгож гүйцэтгэлд сайнаар нөлөөлөх ач холбогдолтой болно.
- Та Дархан-Уул аймгийн бүх сумдын багийн Засаг дарга нарт хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай иж бүрэн компьютер, албан өрөөний ширээ сандал, дежитал зургийн аппарат, плаш тус бүрийг гардуулсан?
- Монгол улсын Засгийн газраас багийн материаллаг баазыг бэхжүүлэх тавьж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Миний бие Засгийн газарт ажиллаж байхдаа уг хөтөлбөрийг боловсуулахад оролцож байсны хувьд мөн УИХ-д Дарханаас сонгогдсоны дараа багийн Засаг дарга нартай уулзахад хүсэлт болгож тавьсан асуудал байсан учир хөөцөлдөж улсын төсөвт тусгуулснаар аймгийн бүх сумдын багуудад уг иж бүрэн компьютер очиж байна, Дархан-Уул аймаг нь хамгийн түрүүнд "Цахим Дархан" хөтөлбөр боловсруулж амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг илрэл нь энэ юм.
- Дарханы хэтийн төлвийн талаар таны бодол?
-Энэ талаар миний бодол их өөдрөг байдаг. Дарханы хөгжлийг улсын хөгжлийн чиг хандлагатай холбож авч үзэх ёстой. Монголын хөгжлийн төвүүд үүсэж цаашид дотоодын өрсөлдөөн бий болох зүй ёсны үйл явц эхэлж байна. Дархан-Уул аймгийн хөгжлийн хэтийн төлвийг цогц авч үзэхээс аргагүй. Манай аймгийн хувьд 90 гаруй мянган хүн амтай дэд бүтэц үйлдвэрлэл явуулах өөрийн бааз суурьтай Сэлэнгэ аймгийн яг төв хэсэгт нь оршдог нутаг дэвсгэрээрээ ч зах зээлийн багтаамжаараа ч төмөрлөгийн ирээдүйн түүхий эд болох Төмөртэй, Баянгол зэрэг төмрийн хүдрийн баялаг орд газрыг ашиглах талаасаа ч Дархан-Уул аймгийн хувьд Сэлэнгэ аймагтай нэгдэх нь хоёр аймгийн оршин суугчдын ч улсын ч эрх ашиг хөгжлийн бодлогод нийцсэн түлхүүр шийдэл болно. Мэдээж Дарханы хувьд улсын зэрэглэлтэй хот бүхий Сэлэнгэ аймгийн төв байх учиртай. Энэ бол миний хувийн байр суурь бөгөөд олон түмний ашиг сонирхлын үүднээс тавьж байгаа санал болно. Цаашид 2011 он Дархан хотын 50 жилийн ой тохиох учир УИХ-ын гишүүд бид зүгээр суухгүй өөрсдийн хувь нэмрээ оруулж тулгамдаж байгаа ажилгүйдэл, хөрөнгө оруулалтын дутагдал, хот байгуулалтын зохистой төлөвлөлт, удирдлага боловсон хүчин, мал аж ахуй, газрын менежментийн зэрэг тулгамдсан шийдэхэд хугацаа, зүтгэл шаардсан асуудлуудад анхаарлаа хандуулж ажиллах болно гэв.