Ус дахин ашигладаг ААН-үүдийг бодлогоор дэмжинэ
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилгаар усыг хэмнэлттэй ашиглах техник, технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн төлөөллийн санал, санаачилгыг сонсож, яамнаас энэ талаар хийж, хэрэгжүүлж байгаа ажлыг танилцуулах уулзалт боллоо.
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий энэхүү уулзалтад БОАЖЯ-ны яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэс, харьяа байгууллага болон 20 гаруй аж ахуйн нэгжийн 48 хүн оролцов.
Уулзалтын үеэр усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах, хаягдал усыг цэвэрлэн дахин ашиглах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар танилцуулга хийсэн юм. Тэрбээр “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар батлуулахад бэлэн болсон.Уг хуулийн гол амин сүнс нь усыг дахин ашигладаг ААН-үүдийг төр бодлогоор дэмжихэд оршиж байгаа.
Харин ус бохирдуулчихаад ямар нэгэн арга хэмжээ авдаггүй ААН-үүдтэй захиргааны аргаар хатуу арга хэмжээ авах зохицуулалттай. Н.Цэрэнбат сайдын баримталж буй бодлого нь усыг аль болох дахин ашиглуулахын тулд ААН-үүднд хөнгөлөлттэй зээл олгох замаар техник, технологийн шинэчлэл хийлгэх.
Ингээд чадахгүй бол хариуцлагын асуудлыг хөндөнө гэж байгаа” хэмээсэн юм. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд өөрсдийн хэрэгжүүлж буй усыг хэмнэх, дахин ашиглах төслүүд болон нэвтрүүлсэн дэвшилтэт технологийн талаар мэдээлэл хийн харилцан ярилцаж санал солилцов.