Я.Содбаатар гишүүн 1400 гаруй ахмадад гарын бэлгээ гардууллаа
2018.02.15

Я.Содбаатар гишүүн 1400 гаруй ахмадад гарын бэлгээ гардууллаа

УИХ-ын гишүүн Я.Содбаатар тойрогтоо ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдал, ахмад настнуудынхаа амьдрал ахуйтай танилцлаа.

Тэрээр энэ үеэр хэлэхдээ “Өнгөрч байгаа тахиа жил Монголчуудын хувьд ээл, ивээлээ өгсөн сайхан жил болж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал сайжирч, хямрал хүндрэлийг даван туулж, 2017 оноос эдийн засгийн өсөлт гарч эхэллээ. Бид олон амаргүй зүйлийг давж гарсан. Гадаадын томоохон зээлүүд нэхэгдэж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогсож, эдийн засгаа гацаачихсан, гадаадын хөрөнгө оруулалт зогсчихсон үе байсан.

2017 онд Монгол Улсын хөрөнгө оруулалт гурав дахин, Монголын валютын нөөц гурав дахин өслөө, эдийн засагт таван хувийн өсөлт гарч байна.

Энэ ашгаа ард иргэд, хөдөө орон нутагт хүргэх тухайд багагүй ажил хийж байна. Тухайлбал, тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдад урамшуулал тэтгэмж өгөх, бизнес эрхлэгчдийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах гэх мэт алхмуудыг хийсэн. Өвөрхангай аймгийн тухайд нэлээн хэдэн шинэ бүтэн байгуулалт өрнүүлэхээр төлөвлөж байна. Зөвхөн хангайн хойд таван суманд гэхэд улсын төсвийн хөрөнгөөр 9 шинэ объект баригдана” гэж байв.
Мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй ахмад настнууд руу чиглэсэн бодлого шийдвэрийн талаар танилцуулж, ирэх 3 сард тойрогтоо ажиллах үеэрээ тухтай уулзана гэдгээ амаллаа. Тэрбээр тойргийнхоо 70-аас дээш настай 1400 гаруй ахмад настанд сар шинийн мэнд хүргэж, тавгийн идээ, гарын бэлгээ гардуулсан юм.
Б.Батчимэг