Цагааннуур сумын цэцэрлэгийг засварлахад Япон улс дэмжлэг үзүүлнэ
2018.02.19

Цагааннуур сумын цэцэрлэгийг засварлахад Япон улс дэмжлэг үзүүлнэ

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын хүүхдийн цэцэрлэгийг засварлахад зориулж Япон улс “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Нийтдээ 270 сая төгрөгийн санхүүжилт олгох юм.

Тус сумын хүүхдийн цэцэрлэг 20 гаруй жилийн өмнө баригдаж ашиглалтад орсон ч нэг ч удаа засвар хийгдээгүй. Засвар хийгдээгүйгээс дулаан маш ихээр алддаг болсон. Цэцэрлэгийн хамт олон барилгыг засварлахын тулд төсөл бичсэн нь нүдээ олж, “Өвсний үндэс” хөтөлбөрт хамрагдах боломжтой болжээ.

Сар шинийн өмнөхөн Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такока, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд нар дээрх төслийн хүрээнд гэрээнд гарын үсэг зураад байна.

Хөвсгөл аймгаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар “Монголчуудын итгэж найддаг улсын нэг бол Япон улс. 1990 оноос хойш Япон улс Монгол улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаад Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын хүүхдийн цэцэрлэгт “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд дэмжлэг үзүүлснээр 130 гаруй хүүхэд аятай тухтай орчинд хүмүүжих бололцоог бүрдүүлж өгнө” гэлээ.

Онцлоход, Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр нь 1996 оноос эхлэн Хөвсгөл аймагт хэрэгжсээр иржээ. Энэ хугацаанд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд зориулж 1.5 сая ам.доллартай тэнцэх 24 төсөл амжилттай хэрэгжсэн байна.

                                                                Г.ХОРОЛ