2018.02.23

Нефть бүтээгдэхүүний үнийн асуудлаар роснефть компанитай хэлэлцээ хийнэ

Үнэ нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй албан тушаалтнуудтай хариуцлага тооцно гэдгээ салбарын сайд мэдэгдлээ. Ирэх долоо хоногт Засгийн газрын зүгээс ОХУ-ын Роснефт компанитай үнийн асуудлаар хэлэлцээр хийхээр болжээ. 

Дэлхийн зах зээлийн үнээс шалтгаалан Засгийн газрын зүгээс нефтын онцгой татварыг тэглэх эсвэл нэмэх зэргээр үнийн зохицуулалтыг хийж иржээ. Өнгөрсөн оны 5 сард л гэхэд ОУВС-гийнхантай татвар нэмэх тохироог хийж байх үеэр дэлхийн зах зээл дэх нефтын үнийн нэг тонн нь 40 доллар байсан бол он гарсаар 60 долларыг давж, яг энэ үед нь шатахууны онцгой татварыг нэмэгдэл нь давхцсанаар импортлогчид үнээ нэмэхээс аргагүй болсон гэдэг. Энэ нь бүх юмны суурь үнэ нэмэгдэх шалтгаан болсон учир Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч, АИ 92 болон АИ 80-ын онцгой татварыг тэглэх шийдвэрийг гаргасан. Ингэснээр бензиний үнэ тогтвортой байх нөхцөл бүрдсэн гэж албаныхан мэдэгдэж байсан. Гэтэл сар шинийн өмнөхөн АИ 92 бензиний үнэ 1630 -1650 төгрөгний хооронд хэлбэлзэж байсан бол одоогийн байдлаар 1665-1740 төгрөгний хооронд нэмэгдээд байгаа нь анхаарал татаж байгаа юм.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Үнэ нэмж байгаа асуудал дээр хариуцлага тооцох арга хэмжээ эхнээсээ авна. Хариуцаж байгаа дарга нар өдий болтол явуулчихаад ажил албан тушаал дээрээ яваад байна. Тэр албан тушаалтнууд тухайн цаг үедээ арга хэмжээ аваагүйгээс үүдсэн хуримтлал нэмэгдсэн.