2018.02.23
Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 онд болно
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын комиссын анхдугаар хурал боллоо.
Тооллогын комиссын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хурлыг даргалсан юм. Хурлаар “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг зохион байгуулах тооллогын Улсын комиссын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталж, Улсын комисст мэргэжил, аргазүйн туслалцаа үзүүлж, нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангахыг Үндэсний статистикийн хороонд үүрэг болголоо.
Мөн аймаг, нийслэлийн тооллогын комисс байгуулах, түүний ажиллах журам батлах тухай болон мэдээллийн нэгдсэн цахим систем үүсгэж, шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай зэрэг асуудлыг ярилцлаа.
Ээлжит тооллого 2020 оны 01 дүгээр сарын 8-9 нд шилжих шөнийн 00 цагт орон даяар эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Тооллогын нэгдсэн дүнг мөн оны зургаадугаар сард танилцуулна.
Гадаад улс орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа иргэдээ онлайнаар бүртгүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.