УИХ-ын Сонгууль хойшлох асуудал гарахгүй
2012.03.20

УИХ-ын Сонгууль хойшлох асуудал гарахгүй

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулган болон ээлжит бус чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар  байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, гишүүн Р.Раш, Ж.Батсуурь нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын намрын ээлжит чуулга­наар манай байнгын хороо 26 удаа хуралдаж, 87 асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөл давхард­сан тоогоор 26, УИХ-ын шийдвэрийн төсөл 23, бусад асуудлыг хэлэлцэн, 41 санал дүгнэлтийг гаргасан байна. Тайлант хугацаанд өргөн мэдүүлсэн төслийг  хэлэлцэх, ажлын хэсгүүдээр 27 удаа санал дүгнэлт гаргалаа. Төрийн байгуулалтын байнгын хорооноос есөн тогтоол гарсны дотор байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцсэний эцэст төсөл боловсруулах чиглэ­лээр таван тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, мөн хяналт шалгалтын асуудлаар хоёр тогтоол батлагдсан байна. Намрын чуулганы хугацаанд байнгын хороо байгууллага аж ахуйн нэгжээс  40 албан бичиг, иргэдээс 1080 санал хүсэлтийг  авч тухай бүр хариулт өгч байлаа. 152 албан бичгийг мөн бусад байгууллага руу явуулжээ. Сонгуулийн тухай хуулийн төслийг баталсан нь хамгийн гол хууль байлаа. Үүнтэй холбогдуулан сон­гуу­лийн автоматжуулсан хуу­лийн төслийг хэлэлцэж бат­луулсан бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  боловсруулсан байна. Бөхөд цол олгохгүйгээр жил бүрийн 12 дугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан. Бор-Өндөрийг сум болгох асуудлыг тус байнгын хороогоор хэлэлцүүлэн, УИХ-ын тогтоолыг батлуулсан. Мөн байнгын хорооны дэргэд сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын  болон өргөдөл гомдлын дэд хороог байгуулсан байна.  Харин Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх 19 тогтоол, долоон хуулийн төсөл байгаа аж.  УИХ болоод Ерөнхийлөгчийн  Засгийн газарт өргөн мэдүүлсэн  шинэчилсэн найруулгын төсөл хүлээгдэж байна.  Мөн төсвийн нэмэгдэлтэй холбоотой хуулийн төсөл, зарим хотуудад улсын зэрэглэл тогтоох тухай төслийг хэлэлцэх юм.  Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хойшлогдоод байсан шалтгаан нь хот тосгоны асуудлыг шинэчлэх холбоотой юм байна.

Мэдээллийн үеэр байнгын хорооны дарга Ж.Сүхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гацаанд орвол яах вэ? Бэлтгэл ажил маш их байгаа учир УИХ-ын сонгууль хойшлох асуудал гарах уу?

-Энэ асуудал дээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр үлдээх юм бол Үндсэн хуулийн заалт зөрчигдөнө. Өмнө баталсан хуульд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэсэн заалт хүчин төгөлдөр байгаа гэж байгаа ч энэ хуулиар сонгууль явуулахад бас боломжгүй. Хоёр сонгуулийг хамтад нь явуулахад сонгуулийн хороод нь өөр өөр байна. УИХ-ын  сонгуулиар СЕХ, тойргийн хороо, хэсгийн хороо байгуулдаг бол Орон нутгийн сонгуулиар аймаг, нийслэлийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид орон нутгийн сонгуулийн хороогоо байгуулна. Хэсгийн хороог сум, дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид  байгуулна.

Сонгуулийн хэсэг нь тус тусдаа. Сум, дүүргийн Иргэдийн хурлын тэргүүлэгчид  УИХ-ын болон орон нутгийн санал авах байрыг тогтоо­дог.

Жишээ нь сонгуулийг нэг байранд цуг авах юм уу. Хэрвээ цуг авбал хоёр өөр сонгуулийн хороо сууж байрлах уу.  Сонгогчид эхлээд УИХ-ын сонгуулийн сонголтоо, дараа нь орон нутгийн хурлын төлөөлөгчөө сонгоод явах юм уу.  Автомат санал тооллого нь нэг байх уу, тус тусдаа байх уу. Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар автомат санал тоолох нь тусдаа байгаа. Аймаг, нийслэлийн хурлын төлөөлөгчийг сонгох сонгуулийн хороог салгаж байрлуулах уу.

Энэ мэт олон асуудал байна. Энэ хоёр сонгуулийг хамт явуулдаг улс орон байдаг.  Гэхдээ тэдний парламентын төлөөлөгчид нь олон, сонгуулиа дан пропорциональ сис­темээр явуулдаг орнууд  сонгуу­лиа хамт явуулдаг.  Эдгээр улс оронд сонгуулийн нэг хороо байгуулаад, нэг байранд авдаг. Харин манай одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар сонгуулийн хорооны байр нь тус тусдаа явагдана. Хэрвээ энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулахаар  шийдлээ гэж бодъё. Тэгвэл  сонгууль явуулах хугацааг сунгах шаардлагатай болно. Сонгуулийн сурталчилгааны хугацаа мөн сунгагдана.  Өнөөдрийн байдлаар хоёр намын бүлэг сонгуулийг хамтад нь явуулах асуудалд ойлголцолд хүрч чадаагүй байна. Үүнд  УИХ дахь МАН-ын бүлэг сонгуулийг салгаж явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Одоо байгаа хуулиар сонгуулийг явуулна  гэхэд  төвөгтэй асуудал тулгарна. УИХ-ын сонгуулийн тухайд хойшлуулах асуудал яригдахгүй байх аа.

Бид УИХ-ын сонгуулийн бэлт­гэл ажил дээр анхаарлаа хан­дуулж байна. УИХ-ын дарга СЕХ-ны удирдах зөвлөлтэй уулзаж тодорхой чиглэл, үүрэг өгсөн бай­гаа. Мөн УБЕГ, ХЗДХ-ийн сайдаас мэдээлэл авсан. Бид  ойрын хугацаанд бэлтгэл ажлыг хангуулах тал дээр анхаарлаа хандуулж ажиллана.  Харин орон нутгийн хурлын сонгуулийн бэлтгэлийг хараахан хийж амжаагүй байна. Цаг хугацааны хүчин  зүйл байгаа учраас зохицуулалт хийнэ. Э.Бат-Үүл нарын гишүүд Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай зэрэг явуулбал   зөрчилтэй байгаа асуу­далд нь өөрчлөлт оруулаад болно гэж байгаа. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд Орон нутгийн сонгуулийг явуулах өдөр нь сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын ням гарагт гэж заасан бол УИХ-ын сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн сүүлийн хагасын долоо хоногийн ажлын өдөр гэж заасан байгаа. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд зохицуулалт хийхгүй бол олон зүйл зөрчигдөнө.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хойшлуулсан байгаа. Төсөлд шинээр нэмэгдсэн зүйл байгаа болов уу?

-Үндсэн  хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль манай байн­гын хороогоор хэлэлцэн боловс­руулагдсан. Ажлын хэсэг дотроо бид зарим асуудлыг нягтлах, судалж үзэх шаардлагатай байсан. Цаг хугацааны хувьд энэ удаагийн УИХ хэлэлцэх боломжгүй болсон. Гэхдээ нэг асуудлыг шийдэж болно. Энэ нь Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгээс  дээшгүй  нь УИХ-ын гишүүн байж болно гэж заасан. Үүнийг хэлэлцээд Үндсэн хуульд багтаачихвал тогтвортой байдлыг үүсгэнэ. Гэхдээ энэ асуудал бүрэн шийдэгдээгүй. Энэ удаа  хуульд багтааж чадаагүй боловч Засгийн газрын тухай хуульд оруулъя гэж байгаа. Засгийн газар үүнд санал дүгнэлтээ хийсэн байгаа.  Удахгүй энэ хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлнэ.

-Та УИХ-д хуулийн төсөл өргөн барина гэж байсан. Ямар чиглэлээр вэ?

- Саяын хэлсэн УИХ-ын гишүүн Засгийн газрын бүрэлдэхүүний гуравны нэгийг бүрдүүлнэ гэсэн хуулийн төслийг бэлэн болгосон. Ингээд УИХ-д өргөн барих гэж байна. Харин УИХ-ын удирдлагууд томилолтоор явж байгаа учир энэ асуудал хойшлогдох боллоо.  Энэ хуулийг төслийг Засгийн газрын тухай хуульд оруулан баталж, ирэх парламентаас мөрдөж эхлэх шаардлагатай байна.

-Цахим үнэмлэхжүүлэх ажил ямар явцтай байна вэ?

-Цахим үнэмлэхжүүлэх  ажил өмнө нь Тэргүүн шадар сайдын мэдэлд байсан юм. Тодорхой мэ­дээл­лийг УИХ-ын даргад хүргүүл­сэн байгаа. Цахим үнэмлэх олгох бэлтгэл ажил явагдаж байна. Хуу­лийн биелэлтийг хангаж ажил­лана.  Цахим үнэмлэхийг хуга­цаанд нь олгож дуусгана гэж бай­гаа.   Сонгуулийн үйл ажиллагаа эхэл­сэн үед энэ ажил зэрэг явагдана. Ямартай ч сонгуулийн санал хураах өдөр гэхэд хэрэгжиж дууссан байна гэж байгаа. Цахим үнэмлэхжүүлэх ажлын явцыг байнгын хороон дээр байнга мэдээлэл авч, шаардлагатай үед иргэдэд мэдээлэл өгч байх болно.

-УИХ-ын гишүүн Ц.Шинэ­баяр цахим үнэмлэх олгох ажлыг ямар ч сонгон шалга­руулалтгүйгээр олголоо гэж байгаа. Байнгын хороо хяналт тавиагүй юм уу?

-УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар УИХ-ын тог­тоол баталсан. Үүн дээр санал тоолох машин дээр СЕХ  тодорхой ажлын хэсэгтэй шууд гэрээ байгуу­лах асуудлыг шийдүүлэхээр байгаа. Харин цахим  үнэмлэхтэй холбоотой асуудал өнгөрсөн жил төсөвт суугдаагүй байсан, сүүлд төсвийн тодотгол дээр санхүүжилтийг нь хийсэн. Харин Ц.Шинэбаяр ги­шүүний тавьсан асуудал дөнгөж өнөө­дөр над дээр ирж байна. Тэгэ­хээр Засгийн газар шууд гэрээ байгуулах явдал байдаг.  Ийм замаар хийгдсэн гэж ойлгож байгаа.  Энэ талаар Засгийн газраас мэдээлэл авах бодолтой байна.

-Сонгуулийн хуулийн зарим заалтаар тайлбар авахаар СЕХ Дээд шүүхэд хандсан. Дээд шүүх тайлбар өгөх шаардлагагүй гэсэн байна билээ. Энэ ямар учиртай юм бол?

- Хуулийг СЕХ яаж ойлгож хэ­рэг­жүүлэх вэ гэдгийг Дээд шүүх шууд хэлэхгүй байх.УИХ-аас хууль гарахад зарим нэр томьёо харьцангуй тодорхойгүй байна гэдэг. Энэ дээр маргаантай, хэрэглэхэд төвөгтэй байдал үүсвэл Дээд шүүхээс тайлбар өгөх байх. Асуудал тавингуут Дээд шүүх зүгээр тайлбарлаад бай­вал хуулийг тайлбарлах за­маар хууль тогтоогоод байна гэ­сэн асуудал үүсдэг гэж ярьдаг. Тий­мээс маргаантай төвөгтэй асуу­дал үүсээгүй байхад урьдчилан ингэж ойлгоно гэж тайлбарлах нь зохимж­гүй гэсэн үүднээс хариу өгсөн байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.