Мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн дэмжлэг, бодлого хэрэгтэй
2018.03.05

Мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн дэмжлэг, бодлого хэрэгтэй

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийнхэнтэй уулзлаа.

Уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг Ажлын хэсгийн зорилгын талаар танилцуулав.

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дэд дарга, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар уулзалтын эхэнд хийсэн танилцуулгадаа Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль хэрэгжсэнээр чадамжид суурилсан мэргэжлийн боловсролын сургалт болон Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн тогтолцоог бий болгосон талаар, мөн мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн дэмжлэг, бодлогын талаар дурьдлаа.

Түүнчлэн, Үндэсний зөвлөл яаж байгуулагддаг,  ямар чиг үүрэгтэй ажилладаг, үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаар мэдээлэл өгсөн.

Танилцуулгатай холбогдуулан  УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Дараа нь Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн дэд дарга Х.Ганбаатар, зөвлөлийн  гишүүн, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний ассоциацийн тэргүүн Б.Мишигжав, Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар нар саналаа хэлж, Ажлын хэсэг, Байнгын хорооны ажлын албаныхантай санал солилцсон.

Уулзалтад Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд болох Авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа, Мэргэжлийн боловсролын сургалтын Үнэлгээний төвийн дарга Ц.Батдорж нарын албаны хүмүүс оролцлоо