Ц.Байгалмаа:Бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэж Монгол улсын хөгжлийг тодорхойлно
НИТХ-ын Тэргүүлэгч Ц. Байгалмаагийн санаачлагаар МУИС болон МУБИС-ын харъяа ахлах сургуулиудын сурагчдад зориулсан “Математикаар Уран Зураг Зуръя” сэдэвт үйл ажиллагааг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Япон улсаас уригдан ирсэн Сэндай Коосэн Технологийн коллежийн хүндэт профессор,доктор Кайно Кэймэй болон Токио Коосэн Технологийн коллежийн хүндэт профессор Сато Ёшитака нар оролцлоо.
Япон эрдэмтэд, бүх шинжлэх ухааны хаан гэгддэг математикийг зөвхөн онол бус хэрэглээ талаас нь судлах тухай, математикийн онол өнөөдрийн технологи инновацийн эрин зуунд хэрхэн ашиглагдаж буй тухай сонирхолтой яриаг өрнүүлэв. Тухайлбал хатуу биетийн цууралтын хөдөлгөөнт модель ба түүний компъютер дүрслэл, математикийн томъёог график тооны машинд оруулж зурсан олон хэмжээст уран зураг зэрэг нь Монгол багш сурагчдыг гайшрууллаа.
НИТХ-ын Тэргүүлэгч, Доктор Ц.Байгалмаа нь Харвардын Их Сургуульд анагаах ухааны салбарт судалгаа хийж байсан, Японы их сургуульд инженерийн боловсрол эзэмшсэн эрдэмтэн юм.
Тэрээр
“Дэлхийн ямар ч улс орны хувьд иргэдийн шинжлэх ухааны мэдлэг боловсролын төвшин нь тухайн орны болон хүний хөгжлийн төвшинг харуулж байдаг. Ялангуяа Япон гэх мэт өндөр хөгжилтэй улс орнууд дотоодын аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, тэнд ажиллах үндэсний мэргэжилтнээ бэлтгэхэд гойд анхаарч бодлогоор дэмжиж байдаг. Тийм ч учраас алдартай томоохон их дээд сургуулиуд нь дэргэдээ шинжлэх ухаан, технологийг гүнзгийрүүлэн заадаг ахлах сургуультай байх нь элбэг.
Монгол улсын хувьд МУИС-ын харъяа анхны математик физикийн гүнзгий анги нээгдээд, өнгөрсөн жил 30 жилийн ойгоо тэмдэглэсэн. Дашрамд хэлэхэд, би өөрөө энэ сургуулийн төгсөгчдийн нэг байгаа юм. Шинжлэх ухааны гүнзгийрүүлсэн сургалт нь технологид сонирхолтой авъяастай хүүхдийг эртнээс илрүүлж, ирээдүйд шинийг санаачлан улс орны бүтээн байгуулалтыг хийх үндэсний инженер мэргэжилтэн бэлтгэх суурь болдог гэдэгт эргэлзэхгүй байна.
Байгалийн шинжлэх ухаан, технологид дуртай бүтээлч залуу үе л өнөөдөр бидний өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэж Монгол улсын хөгжлийг тодорхойлно. Японы эрдэмтэн багш нарыг урьж энэ арга хэмжээг зохион байгуулсан маань ч, ирээдүйн монгол инженер, эрдэмтэн болох гүнзгийгүүлсэн сургалттай ангийн сурагчдад шинжлэх ухааны сонирхолтой сайхныг онолоос гадна хэрэглээ талаас нь танин мэдүүлэх, цаашид инноваци бүтээгч болгох сэдэлжүүлэх үндсэн зорилготой юм. Төрөлх сургуулийнхаа дүү нарт хэрэглээний ШУ-ы тухай танилцуулж байгаадаа баяртай байна” гэлээ.
Арга хэмжээний үеэр Токио Коосэн Технологийн коллежийн хүндэт профессор Сато Ёшитака математикийн томъёог график тооны машинд оруулж олон хэмжээст уран зураг зурах аргачлалыг танилцуулсан бөгөөд Монгол хүүхдүүд үүнийг гүнзгийрүүлэн суралцаж сонирхолтой бүтээл хийн, жил бүр зохиогддог Олон улсын График Арт-ын тэмцээнд оролцох хэрэгтэй хэмээсэн нь багш сурагчдын талархлыг хүлээлээ .