Ё.Баатарбилэг: Эрдэнэтийг арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаа нэгтээ явчихсан юм биш биз
2018.03.22

Ё.Баатарбилэг: Эрдэнэтийг арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаа нэгтээ явчихсан юм биш биз

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ёндонпэрэнлэйн Баатарбилэгтэй ярилцлаа.


-Олны анхаарлыг татсан сэдэв болох Эрдэнэт үйлдвэрийн талаарх асуудлаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо. 49, 51 хувь болж намаараа талцаж байна. Ш.Батхүү нарын зарим хүмүүс ганц саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалж зээл авсан гээд л. Гарын үсэг хуурамч, үгүй гэх мэтчилэн яриад л. Та Эрдэнэтийн асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудал дээр хэвлэл мэдээллээс ихэвчлэн мэдээлэл авч байна. УИХ-ын гишүүний хувьд бидний гар дээр Эрдэнэттэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага, холбогдох төрийн байгууллагаас гаргасан санал дүгнэлт, шийдвэр ирээгүй байна л даа. Тиймээс тодорхой байр суурь илэрхийлэхэд түвэгтэй.

УИХ-ын нэр бүхий таван гишүүн Эрдэнэттэй холбоотойгоор Ерөнхий сайдад асуулт тавьсан байсан. Хариулт нь хэвлэлээр гарсан байсныг харсан. Ойлголцлын зөрүүтэй зүйлс байгаа юм уу гэж ажиглагдсан. Сүүлийн өдрүүдэд Эрдэнэтийн 51 хувийг барьцаалсан асуудлаар улс төрийн хүрээнд их яригдаж, сүүлдээ улс төр болох шат руугаа орчихов уу гэж харж байна.

-Эрдэнэтийг барьцаалан зээл авсан тэр их өр төлбөрийг хэн төлөх ёстой юм бол. Зээл авсан Ш.Батхүүгээс бусад гарын үсэг хуурамч, зөв гэж яригдаад буй хүмүүсээс эхлээд байр сууриа илэрхийлсэн. Хуурамч, зөв нь хамаа алга. Хувь хүний авсан зээлийг Эрдэнэт үйлдвэр төлөх нь зөв юм уу?

-Нэлээд ээдрээтэй асуудал байна лээ. Эрдэнэт үйлдвэр яагаад 2007 онд энэ Жаст компанид баталгаа гаргаж өгсөн юм бэ, нэг хэсэг улстөрчдийн хэлж байгаагаар дараа нь хэд хэдэн удаа баталгаа гаргасан нь үнэн юм уу, баталгаа гаргаж өгсөн гэгдээд байгаа хүмүүсийн өөрсдийнх нь тайлбарласнаар худлаа юм уу гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. Том зургаар нь харвал энэ асуудал Лондонгийн Арбитрын шүүх дээр 4-5 жил явж байхад нь манай талаас ямар хандлагатай оролцов гэдэг нь ойлгомжгүй байгаа юм уу гэж бодоод байгаа.

Эрдэнэт үйлдвэр буруугүй, гарын үсэг хуурамч байсан гэдэг нотлох гэрээний жинхэнэ эх хувь баримтаа Лондонгийн Арбитрын шүүхэд хүргүүлээгүйн улмаас ялагдсан гээд байгаа л даа. Үнэхээр тийм зүйл болсон бол манай тал маш хариуцлагагүй хандаж. Үүнтэй адилхан процесс Улаанбаатар төмөр зам дээр гарахад тэдний хуулийн хүмүүс нь шүүх дээр нь очиж холбогдох материалуудаа үзүүлээд, Стандарт банкныхныг ялаад, ямар ч байсан гарын үсэг хуурамчаар үйлдсэн байна гээд Улаанбаатар төмөр зам өргүй үлдсэн гэж ойлгосон.

Тийм нөхцөл байдал үүсчихсэн байхад нь манай талаас цаг хугацаа алдаж, холбогдох материалуудаа хүргүүлээгүйн улмаас шүүх дээр ялагдсан байх вий дээ гэсэн эмзэглэл байна.

Нөгөө талдаа үнэхээр тийм нөхцөл үүссэн бол ялагдуулах сонирхол хэнд байв гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс Эрдэнэт үйлдвэртэй холбоотой эдгээр асуудал нэлээд ээдрээ, түвэгтэй болчихжээ гэж харж байгаа. Ямартаа ч Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор үүнийг улстөржүүлж, хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй гэсэн байр суурьтай байна. Буруутай гэдэг нь нотлогдоод холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурчихсан, хууль бус шийдвэр гаргасан бол хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нэгэн арга зальтай нөхөр улс дамжсан луйвар хийгээд олон хүнийг хөлдөө чирэх гэж байгаа бол байж болохгүй зүйл.

-213.3 сая ам.доллар Эрдэнэт үйлдвэрийн дансаар орсон гээд байгаа. Гэтэл энэ мөнгө нь Жаст группын Эрдэнэтийг барьцаанд тавьж авсан мөнгө нь гэж байсан ч сүүлд Г.Занданшатар сайдын хэлснээр борлуулалтын орлого болж таарав уу?

-Хэдэн төгрөг гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас 5 гишүүний асуултад хариулт өгөхдөө Жастын зээлсэн мөнгө Стандарт банкнаас Эрдэнэтийн данс руу орсон мэтээр битүү хатуу хариулсан байсан. Үнэхээр баталгаа гаргаад гарын үсэг зурсан бол тэр мөнгө Эрдэнэтийн дансаар л орно шүү дээ.

Яг ингэж ойлгогдохоор хариулт өгсөн байсан л даа. Миний хувьд гайхаж л байсан юм.

Харин төд удалгүй ЗГХЭГ-ын дарга “Энэ мөнгө Жастын зээлийн мөнгө биш байна. Эрдэнэт үйлдвэр, Жаст групп хоёрын хоорондын гүйлгээний мөнгө байсан байна. Залруулга хийнэ” гэдэг зүйлийг хэвлэлээр ярьсан байсан. Энэ бол үнэхээр хариуцлагагүй асуудал. Ийм эмзэг асуудалд хамаагүй хандаж болохгүй. Эрдэнэт гэдэг саалийн үнээнээс гадна түүний ард ажиллаж хөдөлмөрлөж байгаа олон хүний эрх ашгийн асуудал хөндөгддөг. Ийм чухал бөгөөд эмзэг асуудлаар тийм хариуцлагагүй хариулт өгч хэвлэлээр гаргана гэдэг нь өөрөө маш хариуцлагагүй зүйл. Сүүлийн тайлбарыг сонсоод тэр гүйлгээнүүд нь Эрдэнэт үйлдвэрийн өөрийнх нь бизнесийн үйл ажиллагааных байж гэж ойлгосон.

-Засгийн газрын гишүүд нь ядаж байхад дотроо хоёр талцсан гэх мэдээлэл бий. Ядаж байр сууриа нэгтгэх ёстой байх, тийм үү?

-Талцсан эсэхийг мэдэхгүй. Дээр хэлсэнчлэн энэ асуудлуудыг улс төржүүлчих вий гэдэг болгоомжлол байна. Хэрэв үүнийг улстөржүүлээд явбал хэн ч хожихгүй. Улс хохироод үлдэнэ. Энэ мөнгийг төлөхдөө тулбал Эрдэнэт үйлдвэр төлж таарна. Эрдэнэт үйлдвэр төлөх нөхцөл үүснэ гэдгийг манай зарим улстөрч шууд л хэвлэлээр хэлчихэж байна лээ. Эрдэнэт үйлдвэрийн ашиг орлого бол ард түмний мөнгө.

Ард түмний мөнгөнд ингэж хайнга хариуцлагагүй хандаж болохгүй. Одоо ч бас зарим нэг гаргалгаа байж болох талаар хуульчид, зарим улстөрч ярьж л байх юм. Тийм боломж байгаа бол эцсийг нь хүртэл төлүүлэхгүй байх тал дээр, үнэн мөнийг олох тал дээр байр сууриа нэгтгээд хатуу зогсож, шаргуу ажиллах хэрэгтэй л дээ. Эсвэл өөр сонирхол байгаад байгаа юм уу? Эрдэнэтийг Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол хаана явчихаа вэ.

Хэнд байваа гэдэг нь сонирхол татсан асуудал болоод байна. Арбитрийн шүүх дээр ялагдуулах сонирхол байгаагүй юм бол энэ урт хугацаанд Улаанбаатар төмөр зам шиг шуурхай ажиллаад заргаа авах боломж байсан юм биш үү гэдэг хувь хүний бодол, бас хардлага байна.

Эрдэнэтээр дамжуулан улс төрийн хүчнүүд болон улстөрчид бие биенээ намнах, нөгөө талдаа нэг хэсэг нь ашиг хонжоо олох хэрэгсэл болгож болохгүй.

-Эрдэнэт үйлдвэр мөнгийг нь төллөө гэхэд нөгөө хүмүүс нь Эрдэнэтээс төлсөн тэр зардлыг нь сүүлд нь төлөх юм уу?

-Хэн буруутай этгээд нь л төлөх ёстой шүү дээ. Чуулган эхлэхээр ажил асуудал хариуцсан албан тушаалтнууд нь бүлэг дээр нэр холбогдсон хүмүүсээ дуудаж оролцуулаад гишүүдэд мэдээлэл өгөх байлгүй дээ. Мэдээлэл өгүүлэх талаас нь бүлгийн удирдлагаас шаардах болно. Бид ямар ч мэдээлэлгүй болохоор тодорхой зүйл хэлэхэд хүнд байна.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс ямар хуулиудад түлхүү анхаарал хандуулан ажиллах вэ?

-Чуулганы завсарлагааны хугацаанд манай байнгын хорооны ажлын хэсгүүд нэлээд ажиллалаа. Байнгын хороон дээр МСҮТ-ийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээг сайжруулах чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг шалгах ажлын хэсэг холбогдох яам, агентлагууд дээр ажиллаж, тодорхой санал дүгнэлтүүд бэлдээд байна. Байнгын хороогоор хэлэлцүүлнэ.

Хаврын чуулганаар хэлэлцэгдэх манай байнгын хорооны нэг гол асуудал бол Засгийн газраас өргөн баригдах Нийгмийн даатгалын багц хууль. Мөн Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдчихвал хэлэлцэгдээд явна. Түүнчлэн Гэр бүлийн тухай, Багшийн хөгжлийн тухай хууль гэх мэтчилэн нийгмийн салбарын 10 гаруй хууль, тогтоомжийг 2020 он гэхэд баталсан байх учиртай. Хаврын чуулганаар аль аль хуулийн төслүүдийг Засгийн газраас өргөн барих вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. УИХ-ын гишүүдийн зүгээс бас манай байнгын хороотой холбоотой хуулийн төсөл өргөн барих, хэлэлцүүлэх зүйлс байгаа.

-Та Архангай аймагт тойргоороо явж байгаад ирсэн байна лээ. Хаваржаа хэр байна. Цас зуд нимгэрч, малчдын нуруу тэнийж байна уу?

-Улсын хэмжээнд энэ өвлийн цас өмнөх тохиолдож байсан шиг зудын хэмжээнд биш ч, өнгөрсөн зун гантай байсантай холбоотойгоор малын тарга тэвээрэг муу, өвс тэжээл бага, ялангуяа бэлчээртээ өвсгүй болсонтой холбоотойгоор өвөлжилт хүндэрсэн байна. Архангай аймгийн хувьд зудын хэмжээнд хүртэл цасаар дараагүй ч цас ихтэй байсан, бэлчээрийн идэш муугаас малын хорогдол нэлээдгүй байсан. Яг өвлийн дүндээ хэд хоног дараалсан их хүйтрэлт өвөлжилтийг бас л хүндрүүлсэн.

Одоо ирж яваа цаг юм хойно, дулаараад арай дээрдэж байна. Гэхдээ мал төллөлт эхлэх гэж байна, цаг арай л болоогүй байна. Тайвшрах цаг биш.Цас нэмэлгүй хаврын сараа давчихвал гайгүй болов уу гэдгийг малчид ярьж байна.

-Танай тойрогт тулгамдсан ямар асуудлууд байна вэ. Ноднин засаг мөнгөгүй гээд ямар ч бүтээн байгуулалтын ажил орон даяар хийгдээгүй. Энэ жил арай өөр байх бололтой?

-2016, 2017 онд тойргууд дээр хөрөнгө оруулалт тавигдаагүй. 2018 онд улсын хэмжээнд нийгмийн салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд хийгдэнэ. Сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хэрэгцээ маш их байдаг. Үүнийг шийдээд явахаас өөр аргагүй. Энэ онд нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх үүднээс тулгамдсан асуудлуудыг бүгдийг нь шийднэ гээд нийслэл дээр нэлээд мөнгө тавигдсан. Уг ажлууд хийгдэх байх.

Засгийн газраас оруулж ирсэн төсвийг хэлэлцэж байхад зайлшгүй шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгыг шийдэхээр төсөвт суусан. Үүнийгээ хийх ёстой. Байнгын хорооны зүгээс хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллана.

Манай тойргийн хувьд бусад аймгуудтай л адилхан нийгмийн салбарын бүхий л хүндрэл бэрхшээлүүд байсаар л байна. Дэс дараатай шийдүүлэхийн төлөө л ажиллаж байгаа.

-УИХ-аас утааг бууруулах чиглэлд анхаарч ажлын хэсэг байгуулж, түүнийг нь та ахалж байгаа. Ажлын хэсгийн үр дүн гарч байна уу. Урин цаг ирлээ. Хэдэн сар утаа мартагдана. Намар дахин яригдана. Энэ байдлаар явмааргүй л байна...

-Засгийн газар 2019 оны тавдугаар сараас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан байна лээ. Хаврын чуулганаар Засгийн газар хууль тогтоомжийн тодорхой төслүүд өргөн барих байх гэж бодож байна. УИХ-аас Засгийн газарт тогтоолоор маш тодорхой чиглэл өгсөн байгаа. Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын заалт бүрийн хэрэгжилтийг хангаж ажиллуулах тал дээр анхаарал хандуулах болно.

Урин дулааны улирал бол агаарын бохирдлыг бууруулах ажлуудаа хийхэд Засгийн газраас амьсгаа аваад ухасхийх ганц боломж гэж харах ёстой. Тайвшрах цаг биш. Энэ цаг хугацааг алдаж болохгүй. Цаг мөч бүхэн үнэтэй, үүнийг үр дүнтэй зарцуулж, ажлаа сайн төлөвлөж, зохион байгуулаасай гэж хүсэж байна. Иймд дулаан орлоо гээд утааны асуудал орхигдохгүй. БНСУ-аас ирэх хөнгөлөлттэй зээлийн 500 сая ам.долларыг утааны эсрэг зарцуулна гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Мөн УИХ-аас шийдвэр гарч “Агаарын бохирдлыг бууруулах сан” байгуулсан. Уг сангийн хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдэх юм бэ, хөрөнгө оруулалтыг нь оллоо гэхэд ямар асуудлуудыг нэн тэргүүнд шийдэх вэ гээд асуултын тэмдгүүд байсаар байна.

Ямартаа ч агаарын бохирдлыг бууруулах ажил дээр ирэх намар гэхэд үр дүн гарсан байх ёстой.

Сэтгүүлч Э.Энхболд