Ц.Даваасүрэн: Д.Сугарыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг өөрийнх нэр төрд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Д.Сугарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар Эрчим хүчний сайд, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийж, зарим асуултад хариулт өгсөн юм.
-Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар таныг нэр төрд нь халдсан хэмээн шүүхэд өгсөн. Таныг яагаад нэр төрд халдсан гэв?
-Үндсэн хуулийн Цэц УИХ-ны гишүүний халдашгүй байдлыг цуцалсан шийдвэр гаргасан. Үүнд "Үндсэн хуулийн Цэцийн гишүүн өөрсдийгөө хамгааллаа. Тухайлбал, удаа дараа асуудалд холбогдсон Д.Сугар гэж хүн байна" гэж би хэлсэн.
Би өөрт байсан нотлох баримтуудыг үндэслээд хэлсэн. Ер нь олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хүнтэй холбоотой асуудал олон жил яригдаж байгаа, ганцхан би хэлсэн юм биш. Анх 2014 оноос МИАТ-ийн хэргээр ЦЕГ-т шалгагдаж байгаад АТГ руу шилжсэн. АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй.
Яагаад ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэр нь санаа нь зовохгүй байгааг гайхаж байна. Санаа зовохгүй байна гэдэг нь энэ хүний мөн чанар харагдаж байгаа юм. Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаалд очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Тавдугаар сард түүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Тэгэхээр нь АТГ-т шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана.
-Үндсэн хуулийн Цэцэд бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүн бий. Ирэх тавдугаар сард дахин хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Д.Сугарыг Цэцээс чөлөөлөхгүйгээр бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлэн сунгаж магадгүй?
-Д.Сугарыг УИХ-аас санал болгон анх Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилсон. УИХ дахин ийм ичгэвтэр шийдвэр гаргана гэж бодохгүй байна. Олон хэрэгт холбогдсон хүнийг ахин томилбол УИХ тарах хэрэгтэй. Ер нь Цэц хугацаа нь дууссан гишүүдээ байлгаад байж болохгүй. Дээрээ хөх тэнгэрээс өөр зүйлгүй гэдэг Цэц өөрөө хууль зөрчиж болохгүй.
-Тавантолгойн цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын гэрээг ямар шалтгаанаар цуцалсан бэ. Энэ асуудлаар “Рио Тинто” компанитай ямар нэгэн уулзалт хийх үү?
-Энэ гэрээг хууль зөрчсөн учраас цуцалсан. Тодруулбал, Өмнийн говийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т “Дөрвөн жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авна" гэсэн заалтыг түдгэлзүүлсэн. УИХ-аар баталсан гэрээнд өөрчлөлт оруулахад заавал УИХ-тай зөвшилцөх ёстой. Монголоос эрчим хүч авах асуудлыг Оюутолгой компанитай, хөрөнгө оруулагч талтай ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ асуудлаар яам ажлын хэсэг томилсон.
-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд барих цахилгаан станцын талаар мэдээлэл егөөч?
-Энэ цахилгаан станцад тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Одоогоор Европын сэргээн босголтын банк ТЭЗҮ хийж өгье гэсэн санал тавьсан. Өмнө нь урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн бол энэ удаад нарийвчилсан байдлаар хийнэ.
Сэтгүүлч Б.Билгүүн