“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо
2018.04.04

“Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 76 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын албан ёсны нээлт боллоо.

Хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, шүд зөв угаах дадлыг хэвшүүлэх зорилготой “Амны хөндийн эрүүл мэнд” сургалтын нээлтэнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өнгөрөгч нэгдүгээр сард зохион байгуулагдсан тус сургалтанд Чингэлтэй дүүргийн 50, Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн захирал, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан, багш зэрэг нийт 120 хүнийг хамруулсан байна.

“Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалт энэ сарын 5-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 21 сургуулийн 1-5 дугаар ангийн 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч хамрагдах ажээ. Сургалтын хүрээнд бага ангийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр боловсруулсан “Амны хөндийн эрүүл мэнд“ гарын авлагыг танилцуулж, багш нарын мэдлэг туршлагыг сайжруулахаас гадна тэднээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт мэдээлэл зөвлөмж хүргэхээр зорьжээ. Цаашид энэхүү сургалт бусад дүүргийн хэмжээнд ч мөн үргэлжлэх юм байна.