Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбарт либералчлал хийхийг Ерөнхий сайд дэмжиж байгаа
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-”МИАТ” ТӨХК-ийн захирлыг өөрчлөх тухай та ярьж байгаа. Хэзээ солих гэж байна?
-”МИАТ”-ийн захирлын ажиллах хугацаа дуусах нь ирэх тавдугаар сарын 16-ны өдөр. Миний хувьд үзэхдээ заавал хугацааг нь хүлээх шаардлагагүйгээр салбарынхаа хөгжлийн бодлогыг эн тэргүүнд тавьж дотоод бүтцийн өөрчлөлтийг хийгээд явъя гэж харж байгаа. Төрийн өмчийн хороонд МИАТ-ийн даргыг солих хүсэлтийг хүргэчихсэн байгаа. ТӨХ өнөөдөр хуралдаж байгаа.
-”МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Т.Тамирыг солих гэсэн нь ямар учиртай юм бэ? Захирлыг сольж өөрчлөх гэж байгаатай холбоотойгоор танд энд тэндээс шахалт ирж байх юм уу?
-Салбарыг шинэчлэх, хөгжүүлэх, либералчлал явуулахад зарим нэг хүмүүсийн эрх ашиг яригдаад эхэлсэн.
Шулуухан хэлэхэд энэ салбарт монопольчлогдсон, салбарт зүүгдэж амьдрах гэсэн хүмүүсийн эрх ашиг хөндөгдөх гээд байна л даа.
Иргэний нисэхийн либералчлалыг явуулахын тулд “МИАТ”-ийн эрх ашиг хөндөгдөж байна. Өнөөдөр “МИАТ” гэдэг компанийг өргөж тойглож явах нь маш чухал уу, эсвэл тийзний үнийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал уу. Үндэсний “МИАТ” гэдэг компанитай байх ёстой юу гэвэл байх ёстой. Энэ компанид өөрчлөлт хийх, менежментийг сайжруулах зах зээлийн тогтолцоонд оруулахыг зорьж байна.
Өнөөдөр “МИАТ”-ийн төлөөлөгч гэж Берлин, Сөүлд 7-8 хүн ажиллаж байх жишээтэй. Наад зах нь ийм олон хүн тэнд ажиллах шаардлагагүй. Бас л хэн нэгний шахаас, түлхээсүүд тэнд байгаа шүү дээ.
Үнэндээ “МИАТ”-ийн зардлыг багасгаад эхлэхээр зардал дээр тоглож байдаг бизнесийн шахаанууд хумигдаж алга болчих гээд байгаа хэрэг.
“МИАТ” саяхан түрээсийн гэрээ хийхдээ алдаа гаргаснаас болж гаднынханд гурван сая ам.доллар алдсан нь үнэн. Энэ бол буруу гэрээ хийсэн л асуудал. Онгоцоо буцаасан тохиолдолд хэрхэх вэ гэх мэт нөхцөл байдлаа хамгаалсан заалтыг гэрээндээ дутуу тусгасны хар гай. Энэ мэт алдаа цөөнгүй гарч ирсэн. “МИАТ-ийн шатахуун нийлүүлэлт дээр гэхэд тендерийн шугамаар өрсөлдөөнийг бий болгож, шатахууны үнийг тодорхой хэмжээгээр буулгах ёстой. Одоогийн байдлаар “Сод Монгол” ХХК литр тутмыг 1100 ам.долларын өртгөөр нийлүүлж байна.
-”МИАТ”-ийн захирлыг солих тухай таны шийдвэрийг Засгийн тэргүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж байгаа юу?
-Элдэв янзын бодитой бус мэдээллүүд гарч байна л даа. Ерөнхий сайд энэ салбарт либералчлал хийхийг харин чиг дэмжиж байгаа. Зөвхөн Ерөнхий сайд төдийгүй УИХ-ын танхимын гишүүд агаарын тээврийн салбарт шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа.
-Энэ хаврын УИХ-ын чуулганаар Засгийн газрын нэр бүхий зургаан сайдыг өөрчлөх яриа сонстох боллоо. Таны нэр дунд нь байна?
-Сайд нарыг солих тухай дам яриа захиалгаар түүгээд байгаа юм болов уу гэж би харж байна. Засгийн газар дээрээ шүүмжлээд ажил төрөл нь болохгүй гэх мэт яриа огт явагдаагүй. Энэ бодитой яриа биш. Миний хувьд яахав дээ. Хариулт хэлэхэд, манай салбарт өөрчлөлт шинэчлэлт хийх гэж “зодолдож” байсан сайд өнгөрсөн хугацаанд хичнээн байв. Слбараа сайн мэддэг ажлын туршлагатай нь бас хэд бай. Миний хувьд “МИАТ”-ийн ТУЗ-ийн дарга байхдаа ч асуудлыг дэвшүүлэн тавьдаг байсан. Салбарын шинэчлэлийг ярихтай зэрэгцээд эрх ашиг нь хөндөгдөх гээд байгаа хүмүүсийн дэмий яриа бас гарч байна.
-”МИАТ- олон жилийн турш өрсөлдөөнгүй, үр ашиг багатай явж ирсэн гэдэг нь үнэн. Агаарын тээвэрт либералчлалыг хийснээр тийзний үнэ хичнээн хувиар буурах вэ?
-Гол нь энэ салбарт өрсөлдөөнийг л бий болгоно.
Манайд хямдхан нислэгүүд орж ирэх бололцоотой. Ачаа багатайгаар хоол унд заавал өгөхгүйгээр хямдхан нислэг хийдэг газрууд гаднын улс орнуудад бий. Би “МИАТ-тай холбоотойгоор зарим нэг эрх ашгийн тухай ярья л даа. Төрөөс иргэний агаарын тээвэрт баримтлах 2020 он гэсэн бичиг баримтад Сөүл, Бээжин рүү ганцхан тээвэрлэгч ниснэ гээд тусгачихсан байгаа. Энэ заалтыг тухайн үеийн УИХ баталсан. МИАТ-ийг ганцхан явуулах энэ шийдвэр монопольчлол мөн биз дээ. Би үнийг болиулна. Хоёрдогч, гуравдагч тээвэрлэгч орж ирэх ёстой. Өрсөлдөөн бий болохоор тийзний үнэ буурна. Гэтэл “МИАТ” өнөөдрийг болтол өрсөлдөгч битгий оруулж ирээч, бид унах гээд байна гээд уйлаад гүйгээд байна шүү дээ. “МИАТ”-ийг өрсөлдөгчгүй байлгах нь чухал уу, эсвэл өрсөлдөөн бий болгож тийзний үнийг бууруулах нь хэрэгтэй юу. “МИАТ”-ийг зах зээлийн өрсөлдөөн оруулахгүй байх гэрээг хэн хийсэн гээч.
-Хэн гэж?
-2013-2014 онд энэ салбарын сайд байсан хүн хийсэн. Сөүл, Бээжин рүү дан ганц нисч буй “МИАТ”-ийн ноёрхлыг нь одоо болиулна. Ийшээ нисэх саналтай компаниуд саналаа ирүүлээд ороод ир. Үүний зэрэгцээгээр авиа компаниуд өрсөлдөөнөөр орж ирэхийг нь дэмжих хэрэгтэй. Одоо манайд “Эй Чайна”, “Корэйн Эйр”, “Туркиш”, “Эйр Бусан” гэсэн авиа компаниуд нисч байна. Өрсөлдөөн бий болох үед “МИАТ” болон дээрх компаниуд бүгд зардлаа танаж эхэлнэ. Дандаа татаасаар явж ирсэн орон нутгийн онгоцны буудлыг хувийн хэвшлийнхэнд менежментээр яагаад өгч болохгүй гэж. Энэ мэтчилэн либералчлал нэрийн ард хийгдэх олон ажлууд бидний өмнө хүлээгдэж байна. Төмөр зам, иргэний нисэх гэх мэт салбар болгонд дотоодын эх орныхоо бүтээгдэхүүнийг авч ашиглах сайдын тушаалыг би өмнө нь гаргасан байсан юм. “МИАТ”-ийн хувьд гэхэд чихэр печень, ундаа шүүснээсээ эхлээд дотоодоосоо яагаад хэрэглэж болохгүй гэж. Бодит байдлаас үзэхэд ундаа, шүүснээсээ эхлээд хэн нэгэн нь гаднаас оруулж ирж нийлүүлж байгаа хэрэг шүү дээ.
-Тухайлбал, “Туркиш Эйрлайнз” орж ирэхээр санал тавиад байгаа билүү? Үүний цаана үндэсний тээвэрлэгч компанийг унагах эрсдэл бий талаар бас яригдаж байгаа. Та үүнд ямар хариулт хэлэх вэ?
-Нислэгийн тоо нэмэх санал тавьж байгаа. Үндсэндээ Европын орноос нислэгийн нэг том өрсөлдөөн л бий болно.Саяхан манайд болсон эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон аялал жуулчлалын салбарынхан либералчлалыг хоёр гараа өргөөд дэмжиж байна лээ.
Нэг сая жуулчин орж ирж нэг хүн 1000 ам.доллар үлдээнэ гэж тооцоход Монголд наад зах нь нэг тэрбум ам.долларын ашиг орлого орж ирнэ гэсэн тооцоолол гарсан байна.Гэтэл “МИАТ” жилдээ 50-хан тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.
Иймд “МИАТ”-ийн эрх ашгийг эхлээд ярих ёстой юм уу эсвэл тэрбум ам.доллар орж ирэх бололцоотой Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжийг бодох ёстой юу.
Өнөөдөр агаарын тээвэрт либералчлал хийх гээд байгаагийн цаана улс орны өөрийн эрх ашиг, ард түмний эрх ашиг нэгдүгээрт яригдана. Аялал жуулчлал хөгжихөд гэртээ сууж буй нэг хөгшин ганц дээл зарж орлого олог. Нэг рестораны эзэн жуулчдад нэг таваг хоол зараг. Эх орондоо шингэх үр өгөөж ингэж нэмэгдэнэ. Ямартаа ч манай аялал жуулчлалынхандтийзний үнэ буурах аваас жуулчдыг хангалттай авчирч чадна гэдгээ хэлж байна. Иргэд ч гэсэн хямд үнэтэйгээр гадагшаа явах эрхтэй байг. “МИАТ” манай улсын үндэсний ганцхан компани биш шүү дээ. “Хүннү эйр”, “Аэр Монгол” гэх мэт үндэсний хувийн компаниуд бий. Дотооддоо өрсөлдөөнийг шударгаар оруулж ирье. Гаднаас санал тавьж байгааг нь бодолготойгоор уяж бас дэмжиж өгье. Гадаад урсгал аль болох чөлөөтэй байх ёстой. Аль болох тийзний үнэ хямдхан өртөгтэй байх ёстой. Үүний тулд гадаад, дотооддоо ч үүд хаалгаа нээж өгцгөөе. Алийн болгон “МИАТ” гэдэг компанийн оршин тогтнох тухай санаа зовнисоор салбарыг өрсөлдөөнгүй, үнэ өндөртэй байлгаж явах ёстой гэж.
-Одоо манайх хичнээн улс руу шууд нислэг үйлдэж байна вэ? Гадаад урсгал нэмэгдэх бололцоо бий юу?
-Одоо Берлин, Москва, Сөүл, Бээжин, Япон, Хонгконк, Бусан руу шууд нислэг хийж байна. Банкокийн нислэг хаагдахдаа тулсан. Одоо Турк, Казакстан руу нисэх саналууд ирж байна. Нислэгийн чиглэлийн тоог нэмэх ёстой нь үнэн. Өнгөрсөн хугацаанд “МИАТ” дампуурчихна гэсэн үндэслэл дүгнэлтээс болж зарим нэг нислэгүүд хаалттай байсан нь үнэн.
-Шинэ нисэх буудал ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад орно. Ямар цар хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулах вэ?
-Шинэ нисэх буудлыг энэ оны арван нэгдүгээр сарын 8-ны өдөр ашиглалтад өгнө гэж тооцож байгаа. Шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээний дагуу менежментийг манай улс Японы талтай хамтарч авч явна. Японы тал 51 хувь, Монголын тал 49 хувийг эзэмшинэ. Одоо Японы талаас гаргасан байгаа 500 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаанд төлсөн байхуйц үр ашигтай ажилласан байх гэсэн гол болзлыг тавьж байгаа Одоогийн тооцооллоор шинэ нисэх буудал дээр хураамж багахан хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байгаа. Хуучин нисэх буудлыг манайхан дотооддоо нисэх буудлаар ашиглах эсвэл сургалтын төв байдлаар ашиглах тухай ярьж байна. Гэхдээ ямар байдлаар ашиглах вэ гэдэг дээр судалгаа хийгдэж оновчтойг нь сонгоно.
-Салбарт барьж буй гол бодлогуудыг асууя. Монголын төмөр замд ямар бодлого барьж байна вэ?
-Анх Монголын төмөр замыг барихдаа аливаа хөрөнгө оруулалтыг дотооддоо шингээхийн тулд үндэсний компанитай болъё гэж зорьж “Монголын төмөр зам” ХХК-ийг байгуулсан. “Улаанбаатар төмөр зам”-ын хувьд оросуудтай санал зөрөлдөх зүйл гарвал гэх байдлаар үндэсний компанийг тусдаа байгуулсан хэрэг.
Өнөөдөр бидний барьж буй гол бодлого бол дотооддоо хэрхэн үр ашигтайгаар шийдвэрлэх вэ гэдгийг барьж байна.
Удахгүй хуульд нэгэн өөрчлөлтийг оруулахаар төлөвлөж байгаа. Олон улсын зарчмаар төмөр зам нь нэг тусдаа өмч байдаг, зам дээр гүйж байгаа хөдлөх бүрэлдэхүүнүүд бас тусдаа өөр компанийн өмч байдаг. Ингэж суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн хоёрыг тус тусад нь салгаж үздэг. Одоо бол хоёулаа “Улаанбаатар төмөр зам”-ын өмч байгаа.
Яваандаа ингэж салах ёстой.
Төмөр зам дээр хэний ачаа явж байна вэ гэдгээс шалтгаалж төмөр зам барих асуудал яригдана. Таван толгойгоор гарч буй нүүрс “Эрдэнэс таван толгойн” өмч. Зүй нь “Эрдэнэс таван толгой” нүүрсээ гадагшаа зөөхийн тулд мөнгөө гаргаж төмөр замаа барих ёстой. Бид улсаас 200 гаруй сая ам.доллар гаргаад төмөр зам барьчихсан байгаа ч дахин нэмж 300-400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг өөрсдөө хийж байж ашиглалтад оруулна. Нэмж хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа бол нүүрс авч буй тал төмөр замыг үргэлжлүүлэн барьж болно. Тэгэхээр нэг бол одоо нүүрс экспортолж байгаа компаниуд нэгдэж замаа бариад нүүрсээ зөөх, эсвэл нүүрс худалдаж авах хэн нэгэн хөрөнгө оруулалт хийж зам тавиулаад түүгээрээ нүүрсээ зөөж таарна. Засгийн газраас тун удахгүй Таван толгойг хэрхэн ямар байдлаар яаж ашиглах, дэд бүтцийн гэх мэт гол бодлого шийдвэрийг гаргахаар зэхэж байна.
-Хоёр хөрш оронтой дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар зөвшилцөлд бүрэн хүрсэн гэж байгаа. Энэ талаар…?
-Дамжин өнгөрөх тээврийн тарифын асуудлаар хоёр хөрштэйгээ тарифын хэлэлцээр хийж байгаа. ОХУ-тай 2009 оноос хойш хэлэлцсээр сая шийдэлд хүрлээ. Монголоос Ванина, Владивосток боомт хүрэх үнэ, урдуур Тяньжин хүртэл нүүрс тээвэрлэх үнэтэй өрсөлдөхүйц, ижил байна. Урд үнэ хямд байвал бид оросуудтай ярилцаж тэр хямд үнийг баримтлах л том тохиролцоонд есөн жилийн дараа хүрлээ. Тяньжин руу болон Ванинагаар дамжин Влидовостокоор далайд гарах нэгжийн үнэ адилхан байх ёстой. Үүнийг Оросын талтай тохирсон. Энэ гэрээ ирэх тавдугаар сард албан ёсоор гарын үсэг зурагдаж баталгаажна гэж ойлгож байгаа. БНХАУ-ын талд саналуудаа өгсөн байгаа. Энэ нь мэдээж геополитекийн өргөн хүрээнд харж шийдэгдэх асуудал. Ямартаа ч хоёр хөрштэйгөө гарын үсэг зурж буй зорилго нь далайн боомтод хүрэх ижил тэгж харилцааг бий болгохыг зорьж байгаа юм.
Б.ДОЛЗОДМАА