Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ
2018.04.12

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

  • 2017 онд цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэсэн тоо өмнөх онуудаас цөөрсөн байна
  • Иран, Малайз улс мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт цаазаар авах ял хэрэглэхээ багасгасан хуулийн нэмэлт өөрчлөлт баталсан ч нилээдгүй улс олон улсын хууль зөрчин мансууруулах бодистой холбоотой болон насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт цаазын ял хэрэглэсэн хэвээр байна

Африкын Сахараас урагш бүс нутагт цаазаар авах ял оногдуулах нь эрс багасаж, дэлхийн цаазаар авах ялыг халах тэмцэлд маш том дэвшил гарлаа хэмээн Эмнести Интернэшнлээс өнөөдөр хэвлэн гаргаж байгаа цаазаар авах ялын талаарх дэлхийн тайландаа дурджээ.

Африкын Сахараас урагш бүсэд Гвиней улс бүх гэмт хэрэгт цаазаар авах ялыг халсан 20 дахь улс болсон бол Кени улс хүн амины гэмт хэрэгт заавал оногдуулах цаазаар авах ял хэрэглэхээ больсон байна. Буркина Фасо, Чад улс шинэ хууль санаачилж, мөн байгаа хуульдаа өөрчлөлт оруулан энэ ялыг хүчингүй болгох алхам авч эхлээд байна.

Африкын Сахараас урагш бүс нутагт цаазаар авах ял гүйцэтгэсэн улс орны тоо 2016 онд тав байснаас 2017 онд хоёр болж буурсан ба Сомали, Өмнөд Судан гэсэн 2 улс л цаазаар авах ял гүйцэтгэжээ.

Африкт мөн Гамби улс цаазаар авах ял гүйцэтгэхгүй, цаашид энэ ялыг халах алхам авч хэрэгжүүлэх амлалт хүлээн олон улсын гэрээг үзэглэлээ. Гамбийн ерөнхийлөгч 2018 оны 2-р сард цаазаар авах ялын гүйцэтгэлд моратори тогтоолоо. Ботсван, Судан улс 2018 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийг эхлүүлээд байгаа ч энэ нь тус бүс нутагт гарч байгаа эерэг алхмуудыг харлуулж чадахгүй.    

2017 онд Африк гэлтгүй дэлхий дахинаа цаазаар авах ял хэрэглэх нь багассаныг Эмнести Интернэшнлийн судалгаа онцоллоо.

2017 онд 23 улс хамгийн багадаа 993 хүний цаазын ялыг гүйцэтгэсэн нь 2016 онд 1032, 2015 онд 1634 байсантай харьцуулахад 4 болон 39 хувиар тус тус буурсан байна. 53 улс хамгийн багадаа 2591 хүнд цаазаар авах ял оногдуулсан нь 2016 онд 3117  байснаас огцом багассан байна. Энэ тоонд цаазаар авах ялын тоо баримтыг улсын нууцад хамруулдаг Хятад улсад оногдуулж, гүйцэтгэсэн мянга мянган цаазаар авах ялын тоог оруулаагүй юм.

2017 онд Гвиней, Монгол улс цаазаар авах ялыг бүх гэмт хэрэгт халснаар цаазаар авах ялыг бүрэн халсан улс орны тоо 106 хүрлээ. Гватемал улс цаазаар авах ялыг ердийн гэмт хэрэгт халснаар энэ ялыг хуульдаа болон практикт халсан улс орны тоо 142 хүрлээ.

Цөөн хэдэн улс хэсэг хугацаанд завсарласны эцэст цаазаар авах ялын гүйцэтгэлийг эхлүүлснийг эс тооцвол цаазаар авах ял гүйцэтгэсэн улс орны тоо 2016 оныхтой адил 23 байлаа. 

Цаазаар авах ялыг тууштай дэмжиж байсан орнуудын хувьд ч энэ ялын хэрэглээг багасгасан чиг хандлага ажиглагдлаа. Иран улсад цаазаар авах ялын гүйцэтгэл 11%-иар буурснаас мансууруулах бодистой холбоотой цаазаар авах ялын гүйцэтгэл нь 40% хүртэл буурчээ. Малайз улс мансууруулах бодисын эсрэг хуульдаа ийм төрлийн гэмт хэрэгт ялыг сонголттой оногдуулах нэмэлт өөрчлөлтийг оруулжээ. Эдгээр өөрчлөлт нь энэ хоёр улсад ирээдүйд цаазаар авах ялын хэрэглээг багасгахаар байна. 

Хэдийгээр ахиц дэвшил, ололтууд байгаа боловч 2017 онд цаазаар авах ялын хэрэглээнд сэтгэл түгшээсэн хандлага ажиглагдлаа. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт олон улсын эрх зүйг зөрчин 15 улс цаазаар авах ял оногдуулж, гүйцэтгэсэн байна. Ойрх Дорнод ба Хойд Африк 2017 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр цаазаар авах ял гүйцэтгэсэн тоон үзүүлэлтээрээ тэргүүлсэн бол Ази Номхон далайн бүсийн ихэнх улс орнууд цаазаар авах ялыг энэ төрлийн гэмт хэрэгт хэрэглэсээр байна.  Хятад, Иран, Саудын Араб, Сингапур гэсэн дөрвөн улс мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр цаазаар авах ял гүйцэтгэсэн байна. Саудын Арабт ч мөн адил чиг хандлага ажиглагдаж, ийм төрлийн гэмт хэргээр оногдуулсан цаазаар авах ялыг дүүжилж гүйцэтгэсэн нь нийт гүйцэтгэлийн 16%-ийг эзэлж байсан бол 2017 онд 40% болж өссөн байна.

Иран улсад насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргээр хамгийн багадаа таван хүн цаазлуулсан бөгөөд насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэргээр цаазаар авах ял сонссон 80 хүн байна. Япон, АНУ, Сингапур, Мальдив, Пакистан улсад сэтгэцийн болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүнийг цаазалж, мөн ийм хүмүүс цаазаар авахуулах ялтай үлдсэн байна. Бахрайн, Хятад, Иран, Ирак, Саудын Араб улсад эрүүдэн шүүж, зүй бус харьцаж авсан “хэргээ хүлээсэн” гэх мэдүүлэгт үндэслэн цаазаар авах ял оногдуулжээ.  

Цаазаар авах ял гүйцэтгэсэн улс орны тоо өмнөх онтой адил байгаа ч Бахрайн, Йордан, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират улс хэсэг хугацаанд завсарласны эцэст цаазаар авах ялын гүйцэтгэлийг эхлүүлжээ. Египетэд цаазаар авах ялын гүйцэтгэл 2016 оныхоос 70%-иар өсчээ.

“Хамгийн багадаа 21919 хүн дэлхий даяар цаазаар авахуулах ялтай байна.  2017 он хэдийгээр нааштай алхам ихтэй ч, хүн төрөлхтөний дэвшилтэд чиг хандлагаас ухарсан болон ухрах гэж байгаа зарим орнуудад цаазаар авах ялын эсрэг кампанит ажил өрнүүлэх нь чухал байна.  Төрийн нэрийн өмнөөс үйлдэж буй аймшигт аллагыг зогсоохын төлөө бид хамтдаа дуу хоолойгоо өргөх хэрэгтэй. Цаазаар авах ял нь хүчирхийллийн соёлын илэрсэн шинж тэмдэг болохоос түүнийг арилгах шийдэл биш” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг тоо баримтын мэдээлэл, дэлгэрэнгүй статистик бүс нутгийн тоймоос үзнэ үү.


Мөн дараахь хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.  

Эмнести Интернэшнл цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг.