2018.05.07

Донорын тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрхтэн шилжүүлэх хагалгааны давтамж, тоо нэмэгдэх болжээ

Донорын тухай хууль хэрэгжиж эхэлснээр эрхтэн шилжүүлэх хагалгааны давтамж, тоо нэмэгдэх болжээ.  Үүнийгээ дагаад донорын нийцлийг шалгадаг ганц лаборатори болох Эмнэл зүйн эмгэг судлалын  нэгдсэн лабораторийн тоног төхөөрөмжийг нэг тэргүүнд  шинэчлэх шаардлага гарчээ.  Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвд ажиллаж, оны эхэнд батлагдсан донорын тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга: Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Их Хурлын чуулганаар баталсан. Хэдийгээр донорын асуудал шинэ дутам биш боловч, шинэ эрх зүйн орчиндоо хэрхэн нийцэж байгаатай танилцахаар газар нь ажиллаж байна. Хэд хэдэн асуудлыг анзаарч мэдлээ. Нэгдүгээрт лабораториудыг илүү өндөр түвшинд ажиллуулж, чадавхжуулах шаардлага байна. 2010 онд байсан лабораторийн төсөв 2018 онд хэвээрээ байгааг сая эмч нар хөндөж байна. Гэтэл эрхтэн шилжүүлсэн тоо нь хэд дахин нэмэгдчихээд байгаа. Хоёрдугаарт эрх зүйн шинэ орчин олон эмнэлэгт боломж нээсэн байна. Гэхдээ лабораторийн тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчний тоо хангалтгүй байна.  Тиймээс эмнэлгүүдийг зэрэг зэргээр нь хөгжүүлэх, зарим эмнэлгээ төрөлжүүлэх, эсвэл нэгдсэн нэг төвтэй байлгах уу гэдгийг УИХ, Засгийн газар анхаарах хэрэгтэй болсон байна.