Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг Монгол Улсад болох Азийн парламентчдын хурлын талаар санал солилцлоо
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахаратай уулзлаа.
Азийн парламентчид 2018 оны зургаадугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн хүн амын хөгжлийн асуудлаар хуралдах бөгөөд энэхүү энэхүү өндөр хэмжээний хурлын зохион байгуулалт, бэлтгэлийг хангах талаар талууд санал солилцсон.
Түүнчлэн, Азийн хүн ам зүйн шилжилт хөдөлгөөн, насжилт, нөхөн үржихүй, хөдөлмөр эрхлэлт, жендер зэрэг өргөн хүрээтэй сэдвээр болох уг хуралд сэдэвтэй нь уялдуулан Монгол Улсаас УИХ, Засгийн газар болон холбогдох яам, агентлагийн төлөөллийг өргөнөөр оролцуулах талаар ярилцлаа.
НҮБ-ын Хүн амын сангийн санаачилгаар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо дэмжин зохион байгуулах уг хурлын бэлтгэлийг шуурхай хангахын тулд холбогдох талуудын төлөөллийг оролцуулан томоохон Ажлын хэсэг гаргаж ажиллах талаар мөн ярилцаж, санал нэгдсэн.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.