Маршалын гүүр ашиглалтад орсноор хотын замын ачаалал 15 хувиар буурна
Удтал хүлээлгэсэн Маршалын гүүр ашиглалтад орж энэ сарын 29-нд нээлтээ хийлээ. Гүүрний нээлтэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, УИХ-ын гишүүн Р.Буд, нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, Авто замын газрын дарга Б.Энхтөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Од "Хотын зам" ХХК-ийн захирал Б.Атарбаяр нар оролцсон юм. Гүүрийн засварын ажлыг "Хотын зам" ХХК нь 36 сарын хугацаанд 2007-ТБГ-05/14 тоот гэрээтэйгээр гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Гүүрний урт258 метр, өргөн нь 15,7 метр, зорчих хэсэг нь дөрвөн эгнээ хоёр урсгалтай хучилтыг нь асфальт, бетоноор хийжээ.
ЗТБХБ-ын сайд Х.Баттулга:
-Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 81 жилийн ой, нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 371 жилийн ойн өдөр энэхүү гүүр ашиглалтад орж байгаад баяртай байна. Засгийн газраас авто замын сүлжээг хөгжүүлэх "Мянганы зам" хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авсны үр дүнд өнөөдөр авто зам, гүүр барих хөрөнгө оруулалт нэмэгдэж, энэ онд нийтдээ 300 км орчим замыг ашиглалтад оруулж, 602 урт метр гүүрийг хөдөлгөөнд оруулаад байна. Эдний нэг нь өнөөдөр та бидний авто тээврийн хөдөлгөөнийг нь нээж буй 258 метр урттай энэхүү бетонон гүүр юм. Ингээд "Хотын зам" ХХК-ийн инженер техникийн ажилчдын нөр их хөдөлмөрийн үр шимээр бүтээгдсэн энэ гүүр нь Улаанбаатар хот болон Монгол Улсын нүүр царай болно гэдэгт итгэл төгс байна. Маршалын гүү ашиглалтад орсноор хотын замын ачаалал 10-15 хувиар буурна. 2007 оны сүүлээр 3.4 тэрбум төгрөгийг гүүрийн ажилд төсөвлөсөн ч түүнээс хойш бензин шатахууны, барилгын материалын үнэ нэмэгдсэнээс гүүр үндсэндээ 7.5 тэрбум төгрөгөөр ашиглалтад орж байна гэв.
Хотын зам ХХК-ийн захирал Б.Атарбаяр:
- Бид энэ гүүрийг буулгаж, сэргээн засварласан байгаа. Олон зовлон бэрхшээлийг туулж энэ өдөр гүүрээ хүлээлгэж өгч буйдаа баяртай байна. Манай компани жил бүр гурваас дөрвөн ажилтай байж зардлаа нөхөж энэхүү гүүрийг ашиглалтад өглөө. Олон жил ашиглагдаагүй гүүр өнөөдрөөс үүд хаалгаа дэлгэлээ гэснээр гүүрний хөдөлгөөнийг нээв.