Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны сайд хатагтай Анн-Мари Идракийг хүлээн авч уулзлаа.
Бүгд Найрамдах Франц Улсын Худалдааны сайд хатагтай Анн-Мари Идракийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд түүнийг Монгол Улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга хүлээн авч уулзлаа.
Талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн талаар ярилцлаа. Францын талаас хоёр талын хамтын ажиллагаанд өмнө хэрэгжүүлж ирсэн нийтийн аж ахуй, ус хангамж, цэвэрлэх байгууламжийн төсөл, арга хэмжээний талаар дурьдаад цаашид хамтын ажиллагааг бусад салбаруудад хөгжүүлэх боломж байгааг дурьдав. Тэрбээр Францын тал Монголын дотоодын болон олон улсын нислэгт зориулж агаарын хөлөг, нисдэг тэрэг нийлүүлэх, мөн төмөр замын дэд бүтэц байгуулах, техник тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтэй байгааг танилцуулав. Хатагтай А.Идракийн айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг EADS, Alstom зэрэг Францын нэр хүндтэй томоохон пүүс компанийн төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд уулзалтаар өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж хамтын ажиллагааны тодорхой саналуудыг тавив.
Францын EADS группын бүрэлдэхүүнд Airbus, Eurocopter, ATR зэрэг зорчигч тээврийн, ачааны болон цэргийн зориулалттай төрөл бүрийн агаарын хөлөг, нисдэг тэрэг үйлдвэрлэл, өндөр нарийвчлалтай сансрын зураг, газрын байр зүйн зураглал хийх үйлчилгээ үзүүлдэг компаниуд ордог ба Монголтой хамтран ажиллах, өөрийн төлөөлөгчийн газрыг байгуулах, бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолоо илэрхийлэв. Сайд Х.Баттулга хоёр орны харилцаа идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа илэрхийлж цаашид хоёр тал хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах нь зүйтэйг дурьдаад Монгол Улсын Засгийн газар, яамны зүгээс салбарын хөгжлийн талаар баримталж буй бодлого чиглэлийг танилцуулж ялангуяа төмөр замын дэд бүтэц байгуулах, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх, Ази-Европын хооронд хийгдэж буй худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх, өөрийн нутгаар дамжуулан тээвэрлэх, нэвтрүүлэхийн төлөө хийж буй ажлынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Мөн Монголд хэрэгжих бусад зам, тээвэр, барилгын томоохон бүтээн байгуулалтын ажилд Европын, тэр дундаа Францын дэвшилтэт техник технологийг авах, хөрөнгө оруулалтыг татан оруулах ямар боломж бололцоо байгааг танилцуулж, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулах төсөл, Төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжүүлэх авто зам, барилга, орон сууцны төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломж нээлттэй байгааг хэлж францын аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриалав.