Монгол улсын Геодези, Зураг зүйн албаны 40 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ Мэндчилгээ
2010.10.14

Монгол улсын Геодези, Зураг зүйн албаны 40 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ Мэндчилгээ

Мэндчилгээ

Монгол Улсад Геодези, зураг зүйн алба байгуулагдсаны 40 жил, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан тус салбарыг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэл, хүч хөдөлмөр оюун ухаанаа зориулсан ахмад үеийнхэн, одоо ажиллаж буй салбарын хамт олон та бүхэнд нийт салбарынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж байна. Тус салбар нь Монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах үндсэн үүргээс гадна дэд бүтэц, хот байгуулалт, барилга, газрын харилцаа, геологи, уул уурхай, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, батлан хамгаалах зэрэг улс орны олон салбарын хөгжилд хувь нэмрээ бодитойгоор оруулж ирсэн түүхэн гавьяатай билээ.


Монгол Улс нүүдлийн соёл иргэншлээс суурьшмал соёл иргэншилд шилжиж эхэлснээр барилга, хот байгуулалтын салбарын анхны улаан шугам тавих, тусгаар тогтнолоо баталгаажуулж улсын хил тогтоох ажил, улс орны эдийн засгийн гол салбар болох геологи, уул уурхай, авто зам, төмөр замын хайгуул судалгааны ажлууд, иргэн бүрт газар өмчлүүлэх ажил, хүүхэд залуучуудад газарзүйн мэдлэг олгох, сурах бичиг зохиох зэргээр олон салбаруудтай эн зэрэгцэн хөгжиж ирсэн байна.

Энэхүү 40 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь 1:100000 масштабтай байр зүйн зургаар зурагжуулах, геодезийн байрлал, өндрийн ба грави метрийн 25 мянга гаруй цэг бүхий сүлжээ, Монгол Улсын 8253 км урт хилийн шугамыг тодотгон тогтоох, 250 мянга гаруй газар зүйн нэрийг цуглуулан баталгаажуулах зэрэг ажлыг зохион байгуулж Монгол Улсын үндэсний атлас, 400 гаруй нэр төрлийн нийтийн болон сургалтын сэдэвчилсэн газрын зураг, 50 гаруй төрлийн атлас зохион хэвлүүлсэн нь оюуны томоохон бүтээлүүд болж бидний үе үеийнхний хэрэгцээг хангаж байна.

Цаашид Монгол Улсын нутаг дэвсгэрийг орчин үеийн сансрын болон тоон технологи ашиглан байр зүйн зургаар зурагжуулах, улс орны мэдээллийн нэн чухал түлхүүр болох Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийг байгуулан төр болон иргэдийн хэрэгцээг хангах нөр их ажил биднийг хүлээж байна.

Улс орноо хөгжүүлэх их бүтээн байгуулалтын ажлыг геодези, зураг зүйн салбарын хамт олон нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Та бүхэнд хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Улсын Их Хурлын гишүүн,
Зам, Тээвэр, Барилга, Хот Байгуулалтын Сайд Х.Баттулга

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.