Хотоос сонгогдсон гишүүд хотын удирдлагуудтай уулзлаа
..Энэ жилийн улсын төсөвт нийслэл 35 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо энэ жил гарсан. Улаанбаатар хотыг төсвийн орлогод татаасгүй, төсвийн хувьд бие даасан байдлыг бүрдүүлж өгөхөд эрхэм гишүүд Та бүхэн анхаарч, үүнийг тэглэж өгөх бололцоо бий юү?
УИХ-д нийслэлээс сонгогдсон гишүүдтэй хотын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Очирбат, Д.Загджав, С.Оюун, Д.Тэрбишдагва, Л.Гантөмөр, Ц.Батбаяр, Ц.Мөнх-Оргил, Х.Тэмүүжин, Д.Зоригт, Л.Болд нарын гишүүд оролцсон. УИХ-ын чуулганаар тун удахгүй ирэх 2011 оны төсвийн төсөл болоод нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх гэж байгаа билээ.
Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд хотын удирдлагуудтай уулзах уулзалтыг нээж товч Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын ажил, хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудынхаа талаар танилцуулахдаа Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр дээрхи асуултыг асуусан юм.
Зөвхөн төсөвт төвлөрүүлэх мөнгийг тэглэх талаар гишүүдэд дуулгах бус оюутнуудын хөнгөлөлтийн билетийн төсвийг улсын төсөвт суулгаж өгөх, хороодыг хуваах, ийм бололцоог бүрдүүлэх эрх зүйн орчинг бий болгоход дэмжлэг үзүүлэх хороо, цагдаагийн хэсгийн цогцолбор барих /дунджаар Улаанбаатар хотод 60 цогцолбор барих тооцоог гаргасан байгаа/ гурван үндсэн асуудлыг хөндсөн юм. Уулзалт ярилцлагын үеэр гишүүд хотын удирдлагуудаас сонирхсон асуултдаа хариу авах, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаарх санал бодлоо солилцлоо.
Улаанбаатар хотод тулгамдсан асуудал олон бий. Хөрөнгө мөнгө татах талаар төсвийн хэлэлцүүлгийн үед УИХ-ын гишүүд дэмжиж ажиллана. Харин 35 тэрбум төгрөгийг тэглэх асуудлыг шийдчихлээ гэхэд 2011 онд энэ хөрөнгийг юунд зарцуулах талаар ямар нэгэн чиглэл бий юү?
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр
35 тэрбум төгрөгөө суллаад өгчихвөл Улаанбаатарын зүүн, баруун талд гадаадын буцалтгүй тусламж, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр нэг нэг хоёр давхар гүүрэн гарц барих төлөвлөгөө замын мастер төлөвлөгөөнд бий. Үүнд тусгаснаар дээрх мөнгө нэг л гүүрэн гарц барих мөнгө. Ийш нь хөрөнгө оруулах зорилго бий. Өөр нэг хувилбар нь, VII хорооллын орон сууцны барилгын ажлыг өргөжүүлэх. Гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд хашааг чөлөөлж, орон сууц барих ажилд хөрөнгө төвлөрүүлэх менежмент хийх зөв юм. Сэлбэ, дунд голын урсацыг сэргээх, Улаанбаатарын усны хэрэгцээг зөв тодорхойлж, усны нөөц бий болгох, байгаль экологитойгоо уялдуулан нийслэлээ хөгжүүлэх бас нэгэн төлөвлөгөө байгаа. Аль хувилбар илүү оновчтойг хэлэлцэж шийдэх болно.
УИХ-ын гишүүн Д.Очирбат:
УИХ улсын төсөвт хөрөнгө оруулалтын хэдхэн төгрөгийг хэл амтай өгдөг. Хотын даргын саналтай санал нэг байна. Оюутны хөнгөлөлтийн билетийн мөнгийг суллах талаар өнгөрсөн жил улсын төсвөөс гаргадаг болох талаар УИХ-ын 36 гишүүн гарын үсэг цуглуулсан. Харамсалтай нь дэмжлэг аваагүй. Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулиар орон нутгийн ажиллах бололцоог хасаад хаячихдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын ажлуудыг улсын төсөвт нэлээд түлхүү суутгаж өгье.
Утаа энэ жил багасахуу. Энэ жил юу хийхээр төлөвлөж байна?
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболд:
Утаагүй Улаанбаатар нэртэй хөтөлбөр явж байгаад улс орон даяар ярих чухал асуудал болоод утааны хууль баталсан. Энэ жилийн хувьд харьцангуй бага санхүүжилттэй байгаа. 170 мянга гаруй яндан нэг сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг тооцоо бий. Энэ жил 100 орчим мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэнэ. Тэгэхээр 10 орчим хувь л утаа багасна гэсэн үг. Хойтон жилээс улсын төсөв төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалт ороод ирэхээр 30 орчим болно. Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 12 хороог түүхий нүүрс түлэхийг бүрмөсөн хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Салхины дээд талд буусан айлууд л даа.
УИХ-ын гишүүн П.Очирбат:
Яг тийм үр дүн гарна гэсэн тооцоо бий юү?
Д.Ганболд
Гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын төсөвт суулгасан мөнгөнөөс илүү хөрөнгө гаргаж байгаа, утаа багасгахад. Бидний төлөвлөсөн гол гол шийдлүүд нь энэ жил хэрэгжих боломжгүй байна л даа. Утаанд зарцуулах хөрөнгө мөнгөний асуудал дөнгөж саяхан эцэслэгдэж, санхүүжилт нь хараахан ирээгүй байна. Ирэх жил бодит хөрөнгө оруулалт нь бодит ажил болж хувирна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:
35 тэрбум төгрөгийн асуудлыг ярих нь зөв ч нэг л асуудлыг УИХ-аар шийдчихмээр байна. Одоогийн нутаг дэвсгэрийн нэг аймаг нийслэл, сум дүүрэг, баг хороо гэж байгаа. Өөрөөр хэлбэл, 255 мянган хүнтэй сум байна аа л гэсэн үг. Энэ чинь 4-5 аймгийн хүн амтай тэнцэнэ. Тэгэхээр статусаа эхлээд өөрчилье. Дүүрэг хороогоо өөр өөр статустай болгоё. Ингэсэн цагт хуваарилагдах мөнгөний асуудал аяндаа шийдэгдэнэ. Хуулиа эхлээд өөрчилье. Хуваарийг нь хот дараа нь зохицуулаг.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:
Утаагүй Улаанбаатар 2011 онд хэрэгжихэд 810 тэрбум доллар хэрэгтэй. Энэ мөнгөний эх үүсвэрийг олох ажилд хот яаж оролцдог байх вэ. Бонд гаргаж эхэлмээр байна. Олсон орлогоо тараадаг биш утаанаасаа салахад зарцуулъя. Бидэнтэй уулзаж байгаа шиг Засгийн газартай ярь.
Туул голын ундны усны эх үүсвэрийг 50 жилээр баталгаажуулах, төв цэвэрлэх байгууламжийг барих асуудлыг дэмжье.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр:
Нийслэлд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ажлын хэсэг дээрээ тодорхой ярилцъя. Дөрвөн орлогчоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байгаа. Бонд гаргах тал дээр тантай санал нэг байна. Утааны асуудалд хоёр дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Нэгдүгээрт, Гурван дүүрэгт түүхий нүүрс түлэхгүй байх бүс байгуулая. Хоёрдугаарт, цахилгааны бусад эх үүсвэрээр дулааны асуудлыг шийдэе.
Түүнчлэн уулзалтын үеэр Улаанбаатар хотын замын асуудлыг хөндөж ярилцлаа. Улаанбаатар хотод эргэн төлөгдөх нөхцөлтэй замын ажлууд нэлээд хийгдсэн. Энэ мөнгийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхдээ шийдэж өгөх боломжтой эсэхийг хотынхон гишүүдээс асууж, тэд ч нэгэнт замаа барьчихсан бол эргэлтийнхээ хөрөнгөөр арай л гэж хөдөлсөн замынхны мөнгийг бүрэн олгох зүйтэй гэж байлаа.
Улаанбаатар хотод энэ жил эргэн төлөгдөх нөхцөлтэй 50 км замын ажил хийгдсэн байна. Одоогийн байдлаар гурван замын ажлаас бусад нь дуусч хүлээлгэж өгсөн гэнэ. Өөрөөр хэлбэл авто замын ажилд боломж бүрдүүлж өгснөөр хэд хэдэн том зам, хоёр ч гүүрийн засвар дууссан талаар хотынхон гишүүдэд танилцууллаа.
Ирэх онд 22 дугаар коллекторын бохир усны 1,6 км шугамын ажлыг хийж дуусгахаар төлөвлөөд байгаа. Ингэснээр гэр хорооллыг барилгажуулах ажилд ахиуц гарна. Дүүрэг бүрт 100 айлын багтаамжтай нэг нэг түрээсийн орон сууц барихаар төлөвлөсөн ч хөрөнгө мөнгөний боломждоо тааруулан 300 айлын түрээсийн орон сууц барихаар болсон байна.