Х.Баттулга: Хямралаас гараагүй байна
Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойд зориулж Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт” төслийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Энэ үеээр Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгатай уулзан дараах тодруулгыг авлаа.
-Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт зориулан барилгын салбарынхан тунхаг бичиг гаргалаа. Энэ хөтөлбөр хэрэгжих боломж хэр байна вэ?
-Шинэ бүтээн байгуулалт гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр 1990 оноос хойш ийм том хэмжээний бүтээн байгуулалт зарлагдаж байгаагүй. Энэ бүтээн байгуулалт нь ач холбогдлоороо олон салбарыг хамарсан. Барилгын салбар, барилгын салбарын ажилчид гээд л. Ажилчид гэдэг нь араасаа ажилгүйдлийн асуудлыг шийдвэрлэж байгаа. Бид зургадугаар сарын 25-нд УИХ-аар Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг баталж гаргасан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгө, санхүүжилтийн асуудал анхаарлын төвд байгаа. Ийм их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг хаанаас бий болгох гэхээр уул уурхайгаас олборлосон бүтээгдэхүүнээс олсон орлогыг, олсон ашгийг энэхүү бүтээн байгуулалтанд зориулна. Ийм зориулалтаар санхүүжих бүтээн байгуулалтын талаар л яригдаж байна. Үндсэн хуулинд газрын доорхи баялаг бол ард түмний өмч байхаар заасан байдаг. Бид энэхүү баялгаа ашиглаад ард түмэнээ орон сууцжуулж, өмчтэй болгож байна.
-Барилгын салбарынханд зориулсан хөнгөлөлт чөлөөлөлт олгосоор байтал үнэ буухгүй байна. Иргэд худалдан авч чадахгүй, барилгынхан байраа зарж чадахгүй байсаар байна. Барилгын салбар хямралаас гарах болоогүй юу?
-Салбарыг хямралаас яг гарсан гэж үзэхгүй байна. Ер нь барилгын салбар хямралд хамгийн их нүүр тулж, өртсөн салбар шүү дээ. Хямралаас гарах оролдлогуудыг их хийсэн. Гэхдээ үүнээс гарч дуусаагүй л байна.