Их бүтээн байгуулалтын төлөө барилгачид нэгдэх нь
Барилгын салбарын ТББ-уудын төлөөллийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хүлээн авч уулзлаа. “Яамнаас бодлогын баримт бичгээ батлууллаа, одоо их ажил эхэлнэ, харин энэ үйл явдалд Монголын барилгачид хэрхэн яаж оролцож болох вэ гэдгийг бодож, нэгдсэн зохион байгуулалтад орох хэрэгтэй” хэмээн сайд уулзалтын эхэнд онцоллоо. ТББ-ын төлөөлөгчид өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, зорилгын талаар ярьж, зарим хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг ч дурдсан юм. Том бүтээн байгуулалтад гар бие оролцож, хүчтэй, далайцтай үйл ажиллагаа явуулахын тулд салбарын ТББ-ууд нэгдсэн зохион байгуулалттай, пирамид хэлбэрээр ажиллавал үр дүнтэй гэдгийг сайд Х.Баттулга хэлсэн юм. Эдүгээ Монголын барилгын холбоо, Эмэгтэй барилгачдын холбоо, Барилгын үндэсний ассоциаци, Хаалга, цонх үйлдвэрлэгчдийн холбоо гэх мэт маш олон ТББ үйл ажиллагаа явуулж, бүгд тус тусдаа бие даан ажилласнаас ажил эзэнгүйдэж байгааг уулзалтад оролцогсод хүлээн зөвшөөрч, нэгдсэн зохион байгуулалтад орохоор ярилцлаа.