Сангийн сайд С. Баярцогт хотынхны зовлон жаргалаас хуваалцлаа
Хотын мээр Г. Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Ц. Батбаяр нарын урилгаар Сангийн сайд С. Баярцогт Улаанбаатар хотын амьдрал ахуйг өнгөрсөн амралтын өдөр нүдээр үзэж, биеэрээ мэдэрлээ. Сангийн авдар атгадаг эрхэм анх удаа улсын нийслэлийнхээ гудамж, талбай, гэр хорооллоор алхсан анхны тохиол энэ болсон гэдгийг онцлоод авья. Эхлээд тэд нийслэлийн хамгийн хүнд дүүргийн нэг Баянзүрх дүүргийн 21-р хороогоор орсон. Зөвхөн энэ хороо 20 мянган иргэнтэй. Дэгс хэлэхэд бүхэл бүтэн аймгийн төвд ч эрж хайгаад ийм олон хүн ам байхгүй. Ингээд бодохоор тэр хорооны ачаалал ямархуу хүнд байдаг нь тодорхой. Гэтэл 20 мянган иргэнд гарын таван хуруунд багтах хүмүүс төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж сууна. Гэхдээ тэд хүн хүч хүрэлцэхгүй, ажил толгойтой үснээс их гэж халшралгүй хорооныхоо иргэддээ төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэж, иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэнд 14 хоногийн дотор хариулт өгч байх, тохижилт хийгээд гэрэлтүүлгээрээ дүүрэгтээ ‘’топ’’ хороо болно гэсэн том зорилт тавьжээ. Зам гэж авах юм үнэндээ алга байсан. Энхэл донхол болсон аймаар замаар тэр олон иргэн явдаг.
Хажууханд нь Улаанбаатар хоттой нас чацуу Цагаанчулуутын хогийн цэг харагдаж байна. Уг нь хогийн цэгийг 2003 онд хаасан ч олон жилийн хур хог дахин өндийж хаа сайгүй хийсч хөглөрнө. Нийслэл хотын зүүн хойд талаас нөмрөөд орж ирэх энэ хогийн цэг дээр ариутгал халдваргүйжүүлэлт хийхгүй бол халдварт өвчний үүр уурхайтай гэр хорооллын иргэд хөрш зэргэлдээ амьдарч суугааг албаныхан харлаа. Сангийн сайд, хотын дарга хоёрыг дагасан албаны хүмүүсийн очсон дараагийн газар Цайз захаас Шар хадны эцэс хүртэлхи зам. Энэ жил Баянзүрх дүүрэгт хоёр зам засахаар төлөвлөсөн ч гүйцэтгэгч олохгүй аргаа барж суугаагаа учирлалаа. Эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гүйцэтгэх замын эдгээр ажилд компаниуд оролцох нь битгий хэл ойртох ч үгүй байна гэдгийг дуулгасан. Нэг замыг нь 2,5 тэрбум, нөгөөхийг нь 4 тэрбумаар барих тендер зарласан юм байна лээ. Иймд энэ асуудал дээр дэм болохыг нийслэлийн удирдлагууд Сангийн яамныханаас хүсч байна. Дараагийн зовлонтой асуудал үер усны далан. Өнгөрсөн жил наадмын дараахан Баянзүрх дүүргийн 13,14-р хорооныхон тэр чигээрээ үерт автаад авсан даа.
Үерийн гол зам дээр байрладаг энэ хорооны 1000 айл усанд автаж 153 айл гэртэй юутайгаа урссан гэдгийг дүүргийн Засаг дарга Сангийн сайдад хэлэв. Тэгэхээр үерийн гол голомт болсон энэ нутаг дэвсгэрт үерийн далан барих шаардлага зайлшгүй бий гэдгийг газар дээр нь аваачиж үзүүллээ. Одоогоор үерийн далан барих зураг төслийн ажил нь хийгджээ. Үүнд 475 сая төгрөг зарцуулсан байгаа юм байна. Энэ хавийн айлууд хур бороо үргэлжлэн ороход үер уснаас айдаггүй болоход 3,8 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тоон дүн дуулгалаа. Ерөөсөө Улаанбаатар хотыг үер уснаас өвч бүрэн хамгаалж үерийн даланг эргэн тойронгүй байгуулья гэвэл 38 тэрбум төгрөг хэрэгтэй гэсэн тооцоогоо харууллаа. Сангийн сайдын дараагийн очсон газар Харгиа цэвэрлэх байгууламж. Хан-Уул дүүрэгт байрлах энэ цэвэрлэх байгууламж нийслэлийн өмч болоод удаагүй байгаа. Үнэр танар гэж авах юм байхгүй цэвэрлэх байгууламжид 20 гаруй аж ахуйн нэгж бохир усаа нийлүүлж байна. Олон жил болж техник технологи нь элэгдэлд орж дууссан энэ газрыг цэгцлэхгүй бол хатан Туул гол руу хачин аймаар ногоон өнгөтэй ус урсаж байна. Мэдээж үнэр мүнэр бол аймаар гэдэг нь тодорхой. Хэсэг хугацаанд зогсоход л дотор муухайртал үнэр танар ханхлах энэ байгууламжийг шинэчлэхэд 1,5 тэрбум төгрөг давын урьд шаардлагатайг Сангийн сайд дууллаа. Ийнхүү хөрөнгө мөнгө шийдэж төсвийн эрх олгохгүй бол Монгол Улсын маань нийт хүн амын тал хувь нь амьдардаг нийслэл хот тун ч бүрхэг байдалтай суугааг С. Баярцогт сайд нүдээрээ үзэж биеэрээ харлаа. Сангийн сайдын зүгээс хэд хэдэн газрын дарга нараа дагуулан бодит байдлын нэгээхэн хэсгийг биечлэн явж үзсэн нь олзуурхаштай үйл явдал гэж хотынхон баярлаж байна. Энэ бол ирэх жилийн төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэж суугаа энэ үед цагаа олсон ажил байлаа.
Улсын төсвөөс Улаанбаатарын иргэнд 43 мянган төгрөг ногддог
Албан ёсны тоо нь нэг сая 106 мянган хүнтэй Улаанбаатар хотын захирагч Г. Мөнхбаяр хотын гэр хороолол, хог, зам барилгын ажлыг Сангийн сайдад үзүүлснийхээ дараа юун түрүүнд амралтын өдрөө цаг зав гаргасанд талархал илэрхийллээ. Бүтэн өдрийн турш энэ бүхнийг биечлэн явж харсны гол үр дүн Сангийн яамныхан төсөв боловсруулж ,бодлого болгохдоо нийслэл хотын өмнө тулгардаг хөрөнгө мөнгөний асуудлыгг эргэж харна гэдэгт найдаж байна гэж онцолно лээ. Тэгээд нэг тоо дурьдсан. Улсаас хотод өгч байгаа төсвийг нийт иргэнд хуваагаад үзэх юм бол нийслэл хотод амьдарч байгаа нэг иргэнд ноогдох нь 43 мянган төгрөг. Энэ мөнгөөр юу хийх вэ? Та нэг бодоод үзээрэй гэж хэлэв.
Хотын даргын энэ үгний араас орлогч дарга нар эрхэлсэн салбарынхаа өмнө тулгардаг хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаа ярьж, дүүргийн удирдлагууд ч зовлонгоо тоочлоо. Хотын бүх л дүүрэг хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхгүй хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх байдлаар явдгаа учирласан. Нийтийн тээвэр, ус суваг, орон сууц нийтийн аж ахуйн газрынханд Сангийн сайдын чихэнд хонх уях зовлон бишгүй их байна.
Энэ бүхнийг дуулгасны дараа Сангийн сайдын ярих ээлж ирлээ. Сангийн сайд хэлэхдээ яг өнөөдөр УИХ дээр төсөв, хөрөнгө оруулалттай холбоотой том том хуулиуд яригдаж байна. Эдгээр дотор орон нутгийн төсвийн хууль багтаж байгаа. Энэ хуулинд орон нутгийн хөгжил, хүн ам, нягтрал, татварын идэвхи санаачлагаар төсөв хуваарилахаар тусгаж байна. Энүүгээр авч үвэл Улаанбаатар хот бие даасан төсөвтэй болох боломж бүрдэнэ. Энэ хуулинд нийслэлийн удирдлагууд саналаа өгөөрэй. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа материал худалдан авах буюу тендерийн хуулийг яамдаар биш орон нутагт өгөхөөр болж байгаа. Өөрөөр хэлбэл нийслэлд хийгдэх ажил танай дээр ирнэ. Энэ бүхний дүнд төсвийн реформ хийгдэх юм. Төсөвтэй холбоотой багц хууль мэндэлснээр Улаанбаатар хот хөрөнгө мөнгөгүйн зовлон эдлэхгүй гэж хэлэв. Мөн одоогийн түвшинд шийдэж болох ажлуудыг амаллаа. Энэ нь Улаанбаатар хотод тавигдах 52 км замд 50 тэрбум төгрөг гаргах тухай. Гэхдээ энэ мөнгийг шууд палхийтэл шийдэж чадахгүй байж магадгүй. Өөрөөр хэлбэл он дамжиж магадгүй гэж хэлсэн. Юуны урьд нийслэлийн удирдлагуудын зүгээс замын тендерт оролцох бүх аж ахуйн нэгжүүдийг дуудаарай гэлээ.
Хэрвээ компаниуд нийт ажлынхаа 50 хувийг хийвэл 50 хувьтай тэнцэх мөнгө, за харин 100 хувь зам барилгын ажлаа гүйцэтгэвэл 95 хувийнх нь мөнгийг олгуулья гэж байна. Ингэж байж нийслэл хотын замыг хурдан шуурхай засах гарцыг олно . Ямар ч байсан ойрын хугацаанд Баянзүрх дүүргийн Цагаан даваа, Дарь-Эхийн холбоос зам болон Цайз захаас Шар хадны замыг засах хөрөнгө мөнгийг шийдэхээ амаллаа. Харгиа байгууламжийн тухайд нэг болзол тавьж байна лээ. Тэр нь арьс ширний анхан шатны боловсруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдийг хотоос гарга гэсэн хүсэлт байлаа. Тэр үед төсвийн зээл шууд олгоно. Засгийн газрын хурал дээр асуудлыг танилцуулж 7 хоногийн дотор зээл өгүүлнэ гэж байсан. Ер нь тэгээд Улаанбаатар хотын зам засварыг хот дангаараа дийлэхгүй болохоор улсын нийслэлийнхээ зам, дэд бүтцэд Монгол Улс анхаарах учиртай юм гээд хэд хэдэн сайхан мэдээ дуулгаад авсан. Замд хөрөнгө оруулалт хийхэд урд хөршийн Экзим банкнаас авах 300 сая ам долларын 100 сая ам долларыг зарцуулах гэж байгааг хотын удирдлагууд хэлэв. Түүнчлэн Хятадын төрийн зөвлөлийн дарга Вянь Зябаогийн амалсан 500 сая ам долларын 300 саяыг хотод зориулах боломжтойг ч нэмж өгүүлэв.
Үнэндээ өнгөрсөн хугацаанд номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг нийслэл хотод өчүүхэн төсөв хуваарилж тэр төсвөөс нь улс төрийн намуудын амлалтыг / оюутны билет 30 тэрбум нийслэл төсвөөсөө өгдөг / өгүүлчихдэг байснаа хэлээд ирэх 2011 онд энэ бүх дутагдлаа эргэж харна гэж амаллаа. Хот ба Сангийн яамныханы зовлон жаргалаа ярилцсан энэ болзоо түүхэндээ анхных байлаа. Бас хонгилын үзүүрт гэрэл харагдсан болзоо гэдгийг онцольё.