Д.Ганхуяг:Өрсөлдөөнд харш үйлдэлд хатуу хариуцлага тооцно
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт, Р.Амаржаргал нарын санаачилсан Өрсөлдөөний тухай хуулийн төсөл батлагдах шатандаа оржээ. Шинэчилсэн хуулиар өрсөлдөөнд харш үйлдэл, бизнесийн монополь байдлыг нэлээд цэгцэлж өгөх гэнэ. Хариуцлага тооцох торгуулийн хэмжээ ч өндөр байх нь. Шударга бус өрсөлдөөний талаар бодит мэдээлэл өгсөн этгээдийг ч чамгүй мөнгөөр урамшуулж байх бололтой. Энэ талаар төсөл санаачлагч Д.Ганхуягаас зарим зүйл тодрууллаа.
-Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хүчингүй болно. Ялгаа нь юу байх вэ. Шударга өрсөлдөөн гэдгийг өмнөх хуулиас өөрөөр тодорхойлох уу?
-Нийгэмд шударга ёс тогтоход өрсөлдөөний зохицуулалт чухал байдаг. Энэ хууль хэрэгжсэнээр бизнесийн шударга орчин бүрдэх, цаашлаад Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Хуулийн төсөл боловсруулахдаа олон улсын жишигт нийцүүлж, Монголын зах зээлийн бодит байдалтай уялдуулахыг зорьсон. Аж ахуй эрхлэгч зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон шударга өрсөлдөөнд харш үйлдлээс сэргийлэх, хориглон хязгаарлах зорилгоор Өрсөлдөөний тухай хуулийг санаачилсан. Монополь буюу ноёлох, давамгай байдлаа хууль бусаар ашиглах гэж юу болохыг хуулиар тодорхой болголоо.
Давуу эрхтэй аж ахуйн нэгж хууль бусаар монополь буюу ноёлох үйл ажиллагаа явуулсан тохиолдолд улсын байцаагч дүгнэлт гаргаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хамтын удирдлага шийдвэр гаргана. Түүнд даргаас гадна найман гишүүн байх юм. Гишүүдийн хоёр нь орон тооны байх бөгөөд тавыг нь Засгийн газар, гурвыг нь Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлийн болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж Засгийн газар, томилж, чөлөөлөх юм.
-Ямар тохиолдолд монополь буюу ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглохоор байгаа вэ?
-Зах зээл дэх ноёлох байдлаа ашиглаж өргөн хэрэглээний хийгээд УИХ-аас тогтоосон стратегийн барааны хомсдол бий болгох, үгсэн хуйвалдах замаар үнэ хөөрөгдөх, давуу байдлаа ашиглан бусад аж ахуйн нэгжийг өрсөлдөөнд оруулахгүй байх зорилгоор зах зээлээс шахах зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Хариуцлагыг ч чангатгаж өглөө. Өрсөлдөөн шударга байх тусам хэрэглэгч, олонх аж ахуйн нэгжид ашигтай байх болно.
-Зүй ёсны монополь буюу давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэсэн нэр томъёо хуульд байна. Энэ ангилалд ямар аж ахуйн нэгж багтах вэ. Тэдний үйл ажиллагаанд ямар зохицуулалт хийхээр байгаа вэ?
-Тухайн бараа бүтээгдэхүүнийг дангаараа нийлүүлдэг хуулийн этгээд хамгийн бага зардлаар зах зээлдүйл ажиллагаа явуулахыг зүй ёсны монополь гэж үзэх юм. Тухайлбал, Монголын зах зээлд дангаараа ус, цахилгааны нийлүүлэлт хариуцдаг төрийн өмчит Ус, Эрчим хүчний байгууллага бий. Эдгээр байгууллага хэрэглэгчдэд хамгийн бага зардлаар бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлэх үүрэг хүлээхийг зүй ёсны монополь гэж үзнэ. Түүнд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хяналт тавина. Тодорхой бараа, бүтээгдэхүүнийг дагнан буюу зах зээлийн гуравны нэг, түүнээс дээш хувийг эзэлсэн нийлүүлэлт, борлуулалт хийдэг аж ахуйн нэгжийг давамгай байдалтай гэж үзнэ. Дээрх хэмжээгээр зах зээлд үйл ажиллагаа явуулдаггүй ч бусдын өрсөлдөх нөхцөлийг хаан боогдуулах, зах зээлээс шахан гаргах чадвартай аж ахуйн нэгжийг энэ ангилалд бас багтаана.
-Монголын шатахууны хэрэгцээг хэдхэн том аж ахуйн нэгж нийлүүлдэг. Тэд байсхийгээд үнэ нэмдэг. Үүнийг зарим хүн үгсэн хуйвалдлаа гэж харддаг. Тийм зүйл байхыг ч үгүйсгэхгүй л дээ?
-Бусдын өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хийсэн гэрээ, хэлцлийг олон улсад “картель” гэж нэрлэдэг. Үгсэн хуйвалдах замаар бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох, зах зээлийг хувааж авах, бусад аж ахуйн нэгж өрсөлдөөнд оролцохыг хязгаарлах болон бараа, үйлчилгээ худалдан авахдаа үнэ, бусад нөхцөл, шалгуурыг урьдчилан тохиролцохыг Өрсөлдөөний тухай хуулиар хориглоно. Өрсөлдөөнд харш гэрээ, хэлцэл байгуулсан, шийдвэр гаргасан аж ахуй эрхлэгчийн талаарх нотлох баримттай мэдээлэл өгсөн этгээдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мөнгөн урамшуулал олгож байх юм.
-Нотлох баримт цуглуулж чадсан хүнд тэгээд хэдийн хэрийн “юм” өгөх вэ. Хууль зөрчсөн үйлдлийг тогтооход үнэн бодит мэдээлэл чухал байх.
-Тухайн зөрчилд ногдуулсан дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно. Журмыг Засгийн газар батлах юм. Мэдээж нууцыг хадгална.
-Шударга өрсөлдөөнөөс санаатай татгалзсан аж ахуйн нэгжид ямар хариуцлага ногдуулах вэ?
-Хууль зөрчсөн үйл ажиллагааны талаар улсын байцаагч дүгнэлт гаргаж, эцсийн шийдвэрийг хамтын удирдлагын байгууллагаар ил тод хэлэлцэж гаргана. Хууль зөрчиж ноёлох үйл ажиллагаа явуулсан тохиолдолд өмнө нь 250 мянган төгрөгөөр торгодог байж. Бид олон улсын жишиг судалж үзсэн. Ийм байдлаар өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд тухай жилийн орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээгээр торгууль ногдуулдаг юм билээ. Давамгай эрхтэй болон зүй ёсны монополь аж ахуйн нэгжээс өрсөлдөгч компанид учруулсан хохирлын хэмжээнээс хамаарч өмнөх жилийн борлуулалтын орлогын 3-5 хүртэл хувиар торгох захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
-Ногдуулах хариуцлага хатуудахгүй биз. Хариуцлагаас чөлөөлөх боломжтой юү?
-Өрсөлдөгчийнхөө борлуулж, үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний нэр хүндийг гутаах, алдагдалд оруулахуйц ташаа мэдээлэл тараах, бусдын барааны тэмдэг, аж ахуйн нэрийг дур мэдэн ашиглах зэрэг зөрчил гаргасан тохиолдолд буруутай этгээдийг 10 сая хүртэл төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хураах хариуцлага хүлээлгэнэ. Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн аж ахуй эрхлэгчийг үйлдлээс нь хамаарч хариуцлагаас 50-100 хувь чөлөөлөх зохицуулалт ч бас бий.