С.Баярцогт: Ний нуугүй хэлэхэд төрийн албан хаагчдаас механик тайралт хийх тухай л ярьж байна
Монгол Улсын 2009 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн анхны хэлэлцүүлгийг өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв.
Тайланг Сангийн сайд С.Баярцогт танилцуулж, Ерөнхий аудитор Ч.Раднаа тайланд санхүүгийн шалгалт хийснээ мэдээлсэн юм. Өнгөрсөн оны нэгдсэн төсвийн нийт орлого нэг их наяд 994 тэрбум, зарлага хоёр их наяд 336.6 тэрбум төгрөгт хүрсэн нь алдагдлыг ДНБ-ий 5.7 хувьтай тэнцэх үзүүлэлт. Ингэж алдагдалтай гарсан нь татвартай импортын бараа буурсантай холбоотой. Мөн экспортоор гаргаж буй боловсруулаагүй ноолуурт ноогдуулж байсан 4000 төгрөгийн татварыг хүчингүй болгосон, нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдааны үнийг тогтвортой байлгах зорилгоор импортын онцгой албан татвар болон гаалийн татварыг тэглэх зэрэг хууль, эрх зүйн орчны өөрчлөлтийн улмаас орлого буурсан байна. Үүнийг гааль, НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх тухай гурван хууль үйлчилсээр байтал нэмж хүн амын орлого, экспорт, гааль болон НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх таван хууль гарсан нь орлогыг 40 тэрбум төгрөгөөр алдагдуулсан гэж аудит дүгнэсэн. Нөгөө талаас орлогоо төлөвлөсөн хэмжээнд бүрдүүлж чадаагүйн нэг шалтгаан нь улсын хэмжээнд нийт 46380 аж ахуйн нэгж орлогын тайлан гаргаснаас 53 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй буюу алдагдалтай ажиллажээ.
Мөн төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 91 аж ахуйн нэгж, байгууллагын 53 хувь нь алдагдалтай ажилласан гэж тайлагнасан байх юм. Тиймээс ч үндэслэлгүйгээр алдагдалтай ажиллах төлөвлөгөө баталсан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын Удирдах зөвлөл дэх албан тушаалтнуудад хариуцлага тооцож, удирдлага менежментийг судалж шийдвэрлэхийг Ерөнхий сайдад зөвлөмж болгожээ. Ногдол ашгаар улсын төсөвт оруулах орлогын төлөв-лөгөө найман тэрбум төгрөгөөр давж биелсэн авч "Дарханы төмөрлөг"-ийн үйлдвэр 554, "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг 806, Хөрөнгийн бирж 27, "Монгол шуудан" 125 сая төгрөгийг тус тус төвлөрүүлээгүй байна. Мөн Монголбанк цэвэр ашгаасаа төсөвт орлого оруулаагүй төдийгүй 2008, 2009 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй аж.
Тусгай сангууд ч орлого тасалдуулахад хувь нэмэртэй оролцож. Тухайлбал, авто замын, бүх нийтийн үүргийн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангууд орлогын төлөвлөгөөг 2.2-11.7 тэрбум төгрөгөөр тасалдуулсан дүнтэй. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас л гэхэд 1.3 тэрбум төгрөгийг ХХААХҮЯ-ны конторын барилгын өргөтгөлд зарцуулсан байх жишээтэй. Үүнтэй холбоотойгоор эдгээр сангуудыг нэгдсэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгож, орлого зарлагыг УИХ-аас батлах нь зүйтэй гэжээ. Түүнээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан зэрэг зарим ижил агуулга, зорилготой сангуудыг нэгтгэн зохион байгуулж, онцын шаардлагагүй нэгнийг нь татан буулгахад буруудахгүй болохыг тэмдэглэж байсан юм. Харин зарлагын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих 30 тэрбум төгрөг, улаан буудайн тариалан эрхлэгчдэд үнийн зөрүүгээр олгох таван тэрбум төгрөгийн татаас, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2.4 тэрбум төгрөгийн зээл, 1.1 тэрбум төгрөгийн татаас зэргийг улсын төсвөөс санхүүжүүлжээ.
Харин төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн багцаа хэтрүүлэн зарцуулаагүй гэсэн ч МҮОНРТ улсын төсвөөс олгосон татаас, мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлийн зарцуулалтыг тусгасан нь батлагдсан төсөвтэй харьцуулахад гүйцэтгэл нь 273 сая төгрөгөөр хэтэрсэн байна. Мөн аудитын байгууллагын хийсэн шалгалтаар нийт 52 төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайлангаас 479 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил ирүүлсэн байна. Ингэхдээ 32 нь зөрчилгүй, хоёрт нь санал, дүгнэлт өгөхөөс татгалзсан байна. Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг шалгасан аудитын дүгнэлтэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлөгдөөгүй хэсэгт 222 тэрбум төгрөгийн алданги тооцоогүй, гадаад орон, олон улсын байгууллагын 271 тэрбум төгрөгийн тусламжийн бүртгэл бүрэн бус, Засгийн газраас нийгмийн даатгалын санд олговол зохих 236 тэрбум төгрөгийг төрийн сангийн санхүүгийн тайланд тусгаагүй зэрэг дутагдал, доголдлыг нэрлэжээ. Тиймээс ч тайланд "хязгаарлалттай" санал, дүгнэлт өгч буйгаа Ч.Раднаа аудит онцолсон. Эцэст нь төсвийн орлогын тасалдлын дийлэнхи хэсгийг Засгийн газраас худалдсан бондын орлогоор нөхсөнийг онцгойлон анхааруулсан юм.
Өнгөрөгч онд худалдсан бондын хэмжээ 446 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 298, өмнөх гурван жилийн дунджаас 14.8 дахин өссөн гэсэн үг. Мөн аж ахуйн нэгж, байгууллагын өмнөөс Засгийн газар баталгаа гарган эрсдэлийг даахаар зээл авч, цааш гэрээ хэлцэлгүйгээр дамжуулан зээлдүүлэх явцад тайлан тооцоонд тавих хяналтаа алдаж, хэнд хэдэн төгрөг өгсөнөө мэдэхээ байтлаа будилдаг муу зуршлаасаа салах хэрэгтэй гэв. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
Тухайлбал Р.Раш:
-Төсвийн алдагдлын хэмжээ буурахгүй байгаа. Уул уурхайн үйлдвэр өнгөн дээрээ хөгжиж байгаа юм шиг боловч өгөөж нь юу байна вэ. Аудитын шалгалтын дүнд торгох юм олон гарч. Торгуулийн дүн ямар байна вэ. Мөн гадаадын тусламжийн үр ашгийн талаар юу хэлэх вэ. Үргүй зардлыг багцаалбал хэдий хэмжээний тоо гарах бол. Үүнийг гаргахад хүнд байж болох ч энэ чиглэлд санаачлага гарган ажиллах хэрэгтэй байна.
Сангийн сайд С.Баярцогт:
-Төсвийн хуульд ямар нэг байдлаар үргүй зардлыг гаргана гэдэг хүнд. Тухайн байгууллагын төсвийг зүйл, заалт бүрээр нарийвчлан баталдаг учраас тэр байгууллага үргүй зардал гаргаж байна гэж дүгнэхэд хэцүү. Үнэхээр үргүй зардал гэсэн ойлголт байгаа бол тэр хэмжээгээр нь зардлыг бууруулах хэрэгтэй. Асуудлыг харж байхад гол нь тухайн байгууллага зөв юм хийж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ байгууллага үнэхээр байх хэрэгтэй юу, эсвэл хэд хэдэн төрийн байгууллагын гүйцэтгэж буй үүргийг нэг нь дангаараа гүйцэтгэж чадах уу гэдгийг тодорхойлох хэрэгтэй болж байгаа юм. Тийм ч учраас төрийн бүтэц богино хугацаанд их хэмжээгээр томорч байгаа нь үр дүнгүй байдлыг бий болгож байна гэсэн хандлагыг бий болгож байгаа. Тэгээд ч ний нуугүй хэлэхэд, төсвийн тодотголын ажлын хэсэг төрийн албан хаагчдаас механик тайралт хийх тухай зарчим л ярьж байгаа. Илүү нарийн судалсны үндсэн дээр тухайн байгууллагын гүйцэтгэж буй үүрэг нь бүхэлдээ байх шаардлагатай юу, үгүй юу гэдгийг яривал илүү оновчтой болно.
Төмөр, нүүрс, алтан дээр орлогын асуудал яригдаж байгаа. Алтны хувьд зохицуулалтыг өөрчлөх ёстой. Тушаасан алтнаас татвар авч байгаад зохицуулалт хийж, бүх алтыг Монголбанкинд тушаадаг захиргааны арга хэмжээ үйлчлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, олборлолтоос татвар авдаг байх ёстой. Ингэвэл 15 тэрбум төгрөгөөр орлого нэмэгдэнэ. Төмрийн хувьд нийлүүлэлтийг 500 мянган тонноор нэмэгдүүлбэл орлого нэмэгдэх боломж бүрэн бий. Харин нүүрсний асуудал жаахан хүнд. Учир нь манайх өнөөдрийг хүртэл нүүрсийг ганцхан ангилж иреэн. Ингэхдээ цахим хуудсан дээрх тухайн өдрийн ханш, уурхайн аман дээр борлуулах үнэ, тээвэрлэлт хийж хил гаргах үнэ, цаана авах үнэ гээд хэд хэдэн төрлийн үнэтэй болчихсон. Үүнтэй холбоотойгоор нүүрс экспортлогч компаниуд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр бага үнээр гэрээ хийж байгаа учраас бага дүн гарч байж мэгэдгүй. Тийм учраас татвар болон гаалийн байгууллагынханд эдгээр үнийг бүгдийг нь гаргасны үндсэн дээр харьцуулж татвараа авах хэрэгтэй гэж байгаа. Мөн боловсруулсан ба боловсруулаагүй байдлаар харилцан адилгүй татвар авах ёстой.
Ерөнхий аудитор Ч.Раднаа:
-Жилийн эцсийн санхүүгийн тайланд 4.3 тэрбум төгрөгийн акт, албан шаардлага өгч барагдуулсан. Өмнөх онд ийм зүйл гарч байгаагүй. Хандивлагч байгууллагуудаас 271 тэрбум төгрөгийн тусламж авсан гэх боловч тэдгээрийн бүртгэл хөтлөлт бүрэн биш байсан. Тийм учраас бодитой гарч чадахгүй байгаа. Засгийн газрын шугамаар хандивлагчдаас авсан 143 тэрбум төгрөгийн тусламжийн барааг Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланд тусгасан ч төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд бүрэн тусгасан эсэхэд сайн хяналт тавигдаагүй.
Р.Гончигдорж:
-Төрийн өмчийн компаниудын орлогын гүйцэтгэлийг хангаагүй байдалд Төрийн өмчийн хорооноос хэрхэн хяналт тавьсан бэ. Явцын болон цаашид ямар арга хэмжээ авах гэж байна вэ.
Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар:
-УИХ-аас төсөвт батлагдсан төлөвлөгөө улсын хэмжээнд биелсэн. Биелсэн гол шалтгаан нь "Эрдэнэт" зэрэг том үйлдвэрүүдийнхээ орлогын далбаан дор дүнгээрээ биелсэн. Өөрөөр хэлбэл, зарим үйлдвэрүүдийн хувьд хангалтгүй байгаа гэсэн үг. Тухайлбал, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр болон Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр барилгын салбарын уналтаас болж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь складдаа байгаад борлохгүй байгаагийн улмаас орлого их хэмжээгээр буурсан. Хоёрдугаарт, эрчим хүчний салбар асар их алдагдалтай ажилласан. Энэ салбарын компаниудын захирлуудын ажлыг дүгнэхдээ өөрийн үйл ажиллагаагаар бий болгосон орлого, алдагдлыг тусад нь авч үзсэн. Валютын ханшийн зөрүүгээр хэдэн тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Мөн олон жил хийгдээгүй нэг ажил болох үндсэн хөрөнгийн цахим үнэлгээг зах зээлийн горимоор хийсэн учраас элэгдлийн зардал их хэмжээгээр өсч орлого буурсан.