2010.04.23

Н.Энхболд. Эдийн засагт улс төр саад тотгор болж байна

УИХ-ын дэд дарга Н.Энхболдтой ярилцлаа.

-УИХ-ын хаврын чуулган эхлээд хагас сар өнгөрлөө. Төсвийн тодотгол хэзээ орж ирэх бол.  Бас УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гээд гишүүд хоёр ч төсөл өргөн барьчихлаа. Сонгуулийнхаа системийг энэ чуулганаар өөрчлөх болов уу?

-Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирэхийг хүлээж байна. Хурдан тусмаа л сайн байна. Засгийн газар хүлээж байсан хэд хэдэн том төслийг өргөн барьчихлаа. Төмөр зам, Тавантолгой гээд. Өнөө маргаашдаа анхаарал татаж байгаа гол асуудал бол яах аргагүй Сонгуулийн хууль. УИХ-ын ажлын хэсгээс, Л.Болд нарын хэсэг гишүүдээс гээд хоёр төсөл өргөн барьчихсан байна. Одоогоор ажлын хэсгийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа. Л.Болд нарын төсөл саяхан өргөн баригдсан, хэлэлцэж эхлээгүй. Концепцийн хувьд онцын зөрүүгүй бол нэг асуудлаар орж ирсэн төслүүдийг хавсраад хэлэлцдэг журамтай. Байнгын хороод, бүтцийн байгууллагаар яриад эхлэхээр хоёр төслийг хамтатгаад хэлэлцэх боломжтой байж магадгүй.

-Төслүүд хоёулаа пропорциональ шүү дээ?

-Хоёулаа пропорциональд чиглэсэн. Техникийн талын асуудал нь ялгаатай болохоос биш зарчмын гол чиглэл нь адилхан. Хамтруулаад ярих боломж байж магадгүй гэж харж байна.

-Ер нь пропорциональ дээр гишүүд тохирох боломжтой юу?

-Гишүүд янз бүрийн л бодолтой байна. Миний мэдрэмжээр бол энэ удаа УИХ-ын гишүүд пропорциональ системийг дэмжих байх гэсэн бодолтой байгаа. Эсэргүүцэж байгаа гишүүд ч бий л дээ. Санал хураалтаар л шийднэ.

-Сонгуулийн системээ солиод үзье гэсэн нь дийлэнх байх аа ер нь?

-Хорин жил сонгууль явуулаад ирсэн туршлага, манай улс төрийн тогтолцооны юу нь болж, юу нь болохгүй байгааг дүгнэсэн дүгнэлт зэргээс харж болно. Миний зориуд хэлж байгаа нэг зүйл бий. Манай эдийн засгийн хөгжилд улс төрийн тогтолцоо ямар нэг хэмжээгээр саад тотгор болоод байна. Үүнээс гаръя гэвэл олон арга хэмжээ авч, олон хууль боловсронгуй болгоно л доо.  Тэгж байж үр дүнтэй, төгс төгөлдөр болно. Үүний нэг нь сонгуулийн тогтолцоо юм. Би хувьдаа пропорциональ тогтолцоог хуучин ч дэмжиж ирсэн. Одоо ч дэмжиж байгаа.

-Ингэснээр сонгууль шударга болж чадах уу?

-Мажоритар, пропорционалийн аль альд сайн муу тал бий. Гэхдээ ерөнхий чиг хандлага, манай өнөөгийн болоод ойрын ирээдүйн нөхцөл байдалтай харгалзуулаад үзэхэд пропорциональ нь арай дэвшилттэй юм.

-Намын даргын тойрон хүрээлэл гараад ирэх болов уу гэсэн нэг болгоомжлол бас байгаа?

-Үүнийг зохицуулж болохуйц аргууд бий. Намынхаа хүрээнд нэр дэвшигчдээ шийддэг байлаа гэхэд ганц намын дарга биш, намын их хурлаараа шийдэж болох юм. Хэнээс хамаарах, яах нь хоёрдугаар зэргийн асуудал. Хамгийн гол нь сонгогчдын санал УИХ-ын суудал хуваарилалтад зөв харьцаагаар туссан байх ёстой. Нэг нам 40 хувийн санал авсан мөртлөө УИХ-д гурван суудалтай, 50 хувийн саналтай нь далан хэдэн суудалтай байж таарахгүй.

-Урьд нь тэгж байсан шүү дээ…

-Хоёр гурван удаагийн сонгуулиар тэгсэн. Наад талын эрэмбээс илүү сонгогчдын саналын хувь толинд туссан юм шиг л УИХ-ын суудал хуваарилалтад шударга нөлөөлөх ёстой. Цаашдын улс орны хөгжилд нэмэр болоосой гэсэндээ л сонгуулийн тогтолцоог өөрчлөх гээд байгаа юм.

-Босго дээр гишүүд нэлээд маргаантай байх шиг. Жижиг намууд УИХ-д сууж чадахгүй гээд?

-Хэлэлцэж байгаад яг хэдэн хувь бэ гэдгийг шийднэ. Босго байх нь байна. Хэлэлцүүлэг одоо л эхэлж байна шүү дээ.

-Та саяхан Польшийн Ерөнхийлөгч, улс төрийн бусад элитүүдийн оршуулгад Монголоо төлөөлж оролцоод ирлээ. Нүдээр харсан хүний хувьд ямар үйл явдал болов?

-Би Москвад ажилтай байсан юм. Буцах гээд байж байтал эндээс удирдамж чиглэл өгөөд “Ойрхон байгаа юм байна. Наанаасаа очоод Польшийн Ерөнхийлөгчтэй салах ёслол гүйцэтгэх ажилд улсаа төлөөлөөд оролцоод ирээч” гэсэн. Цаашаа явах гэтэл Европын онгоцууд нисдэггүй.

-Нөгөө галт уулын дэлбэрэлтээс үүссэн үүлнээс болоод уу?

-Тэгсэн. Исландад дэлбэрсэн галт уулын нөлөөнөөс болоод.

-Тэгээд яаж явав?

-Галт тэргээр Варшав ороод. Цаашаа Краков руу бас галт тэргээр яваад. Тэгсэн нь ч болсон. Онгоц хүлээсэн бол хүрч чадахгүй байсан. Их олон орны төлөөлөгч онгоцноос болоод очиж чадаагүй. Азиас очсон хамгийн том зиндааны хүн нь Монгол Улсын Их Хурлын дэд дарга болж таарсан л даа. Польшийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, Сеймийн маршал, Гадаад хэргийн сайд, газрын дарга нар, талийгаач Ерөнхийлөгчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Оршуулах ёслолд бүтэн оролцсон. Польшийн талынхан их талархалтай байна лээ.

-Манайхан Иракт Польшийн багийн бүрэлдэхүүнд энхийг сахиулж байсан. Чарли бааз гээд.Тэр бас манайд талархалтай байхад нөлөөлсөн байх даа?

-Түүгээр манайхыг сайн мэдэж байна. Польшийн армийн Жанжин штабын дарга нь Гонгор гэдэг нэртэй хүн байсан, амь үрэгдсэн байна. Манайхантай сайн харилцаатай байсан хүн л дээ. Манай Монгол-Польшийн найрамдлын бүлэгт байдаг, олон жил хамтарч ажиллаж байсан парламентын гишүүн бас нас барсан байна лээ.

-Монголын СДН-ыг байгуулахад ирж байсан эмэгтэй нас барсан гэсэн?

-Яруга гээд тэр хүн л дээ. Манай найрамдлын бүлэгт байнга идэвхтэй ажилладаг байсан хүн.

-Польшид байдал ямар байв?

-Хүнд байсан. Улс төрийн элит хэсгийн том цөм нь байхгүй болчихсон. Сейм, парламнетын нийлээд 18 гишүүн осолджээ. Монголын төрд польшчууд талархаж, жирийн иргэд хүртэл Варшавт байгаа манай ЭСЯ-нд талархал илэрхийлсээр байна гэнэ. Варшавт ч, Краковт ч эмгэнэл илэрхийлсэн хүмүүс гудамжуудаар пиг дүүрэн байсан. Польшийн төрд хамгийн их гавьяа байгуулсан хүмүүсийг оршуулдаг Краковын цайзад Польшийн Ерөнхийлөгчийг оршуулах ёслол болсон. Энэ үйл явдлыг тойроод Орос-Польшийн харилцааг сайжруулах, зөөлрүүлэх тийм үйл явдал өрнөсөн. Оршуулгын ёслол дээр католик сүмийн тэргүүн үг хэлэхдээ гуравны нэгийг нь Орос-Польшийн харилцааны ирээдүйд зориулсан.

-Хэдийгээр эмгэнэлийн үйл ажиллагаа ч гэсэн түүний хажуугаар гаднын улстөрчидтэй уулзсан уу?

-Ер нь олны танил хүмүүс нэлээд очсон байсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев, Польштой ойр Балтийн тэнгис хавийн орнуудын Ерөнхийлөгч нар очсон. Украинаас Янукович, Тимошенко, Юшенко гурвуулаа, Гүржийн Ерөнхийлөгч Саакашвили очсон. Хоорондоо нэг их уулзалдаагүй.

-Та сая Москвад байж байхад эндээс хэлж Польш явсан гэлээ шүү дээ. Москвад арга хэмжээнд оролцсон юм уу?

-Москвад Биотехнологи, био эрчим хүчний чиглэлээр олон улсын хоёрдугаар их хурал гэж болсон юм. Үүний хажуугаар бас үзэсгэлэн гарсан. Монголоос Хөгжил, шинэтгэлийн хороо, MCS, Петровис компаниас гээд зургаа, долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч оролцсон.  Хувийн компанийнхан биотехнологи хөгжүүлэх тал дээр нэлээд ажиллаж байгаа юм билээ. Ер нь манайх дан ганц уул уурхай ч юм уу, хүнд үйлдвэр, аж ахуйн бусад салбараар эдийн засгаа  хөгжүүлнэ гэвэл өрөөсгөл. Одоо биотехнологи, нанотехнологи, өндөр технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулага байгуулахаар бэлдэж байна. Ерөнхийдөө зохион байгуулалтын ажил гүйцээд тун удахгүй хурлаа хийх байх.

-Манайд биотехнологи хөгжүүлэх хөрс нь ямар байдаг бол?

-Манай н.Цэрэн гэж эрдэмтэн илтгэл тавьсан. Их дээд хэмжээний нарийн илтгэл болсон.  Би нээлтэд нь үг хэлсэн. Бороогийн “Шижир” гэж компани бий. Их нарийн ажил хийдэг. Могойн хороос биотехнологийн үндсэн материал гаргаж авдаг. Тоног төхөөрөмж нь дэлхийд хуруу дарам тийм багаж байдаг.Монголд ийм юм хийдэг гэж үү гэж гайхмаар. Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний биотехнологийн үйлдвэр тэнд  бий болоод үйл ажиллагаагаа явуулж байна. Төрөөс туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа. Манай хөгжлийн ирээдүйн чухал салбар байгаа юм. ОХУ-д бол Чуваш, Татарстаныг биотехнологи хөгжүүлэх мужууд болгоод хөгжүүлж байгаа юм байна. Татарстан, ХБНГУ-д Монголоос хүн сургах талаар ярилцлаа. Төрийн бус байгууллагаа байгуулж байгаад энэ чиглэлийн ажлуудаа хийнэ. Манайхан уул уурхай гэж их хошуурч байна. Хэрэг дээрээ энэ манай ирээдүй бас биш юм. Тэгэхээр одооноос биотехнологи хөгжүүлэх тал дээрээ ажиллая гэж бодож байгаа. Бодлогын баримт бичиг гаргаж Засгийн газарт танилцуулсан. Засгийн газар эргээд УИХ-д танилцуулах гэж байна. Ойрын хугацаанд тодорхой ажил хийнэ. Сая хурлаас Ази, Европыг зургаан орон хамтарч Биотехнологийн ассоциаци байгуулахаар болсон. Монгол, ОХУ, Австри, Энэтхэг, Украин, Казахстан хамтарч үүсгэн байгуулагч нь боллоо. Энэ зун зохион байгуулалтаа хийж сүүлийн хагас жилд үйл ажиллагаа нь жигдрэх байх.

-Биоэнергийн эх үүсвэрээ юунаас гаргах вэ?

-Юунаас л бол юунаас гаргана. Улаанбуудай, эрдэнэшишээс биоэтонол буюу био түлш гаргаж болно.

-Малын өтөг бууц ч болдог гэл үү?

-Болно. Био түлшний бас нэг чиглэл мөн. Овоолоод дараад байхад аяндаа хий гаргаад дулаан, цахилгааны эх үүсвэр болгож ашиглаж болно. Бага оврын дулаан, цахилгааны станцууд бий болгох төслүүд бий. Шинэ зууны эрчим хүчний эх үүсвэр нь устөрөгч гэж сая хурал дээр ярьцгаалаа. Ер нь их сонирхолтой хурал болсон.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.