Д.Ганхуяг: Монгол маягийн улс төр гээч нь энэ юм болов уу
2010 оны улсын нэгдсэн төсвийг батлаад удаагүй байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавив. Харин үүнд гишүүдийн ихэнх нь сөрөг байр суурь илэрхийлж буй. Ирэх оны төсвийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ ирэх оны төсвийг батлаад удаагүй ч хэл ам дагуулах боллоо. Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан хүний хувьд, төсвийн талаар байр сууриа илэрхийлнэ үү?
-Энэ удаагийн төсвийг өмнөх жилүүдэд мөрдөгдөж ирсэн хуулийн хүрээнд л баталсан. Тодруулбал, Засгийн газраас УИХ-д өргөн барьсан төсвийн төсөл дээр хоёр намын бүлгийн ажлын хэсэг гарч орлогыг 2.43 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.8 хувьтай тэнцүү байхаар баталсан. Харин зарлагыг 2.78 их наяд төгрөг буюу ДНБ-ний 38.8 хувьтай тэнцүүлсэн. Гэхдээ улсын төсвийн тэнцлийн алдагдалд Засгийн газрын саналыг баримталж таван хувиас хэтрүүлэлгүйгээр шийдвэрлэсэн.
Энэ үзүүлэлт нь төсвийн тогтвортой байдлыг хангахад Засгийн газрын Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний шаардлагад нийцэж байгаа юм. Түүнчлэн УИХ-д өргөн барьсан төслөөс төсвийн орлого нэмэгдсэн гол шалтгаан нь нэг тн цэвэршүүлсэн зэсийн үнийг 615.3 ам.доллараар нэмэгдүүлж 5800-гаар тооцсонтой холбоотой. Харин зарлага нэмэгдсэн шалтгааны ихэнх нь төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж баталсанд оршино. Уг нь тухайн үед төсвийн бүтээн байгуулалтын ажлыг 2009 оны түвшингээс бууруулахгүй гэдэгт Засгийн газар, УИХ нэг байр суурьтай байсан.
Учир нь бүтээн байгуулалтын ажил гэдэг бол тэр чигээрээ ажлын байр юм. Тэгээд ч эдийн засгийн хямралтай ийм үед ихэнх орон энэ бодлогыг баримталж байгаа. АН-ын бүлэг төсвийн урсгал зарлагын өртөг бүтээдэггүй бараа үйлчилгээний зардлыг 2009 оны төвшинд царцааж, ирэх оны төсвийн энэ зардлыг 133.2 тэрбум төгрөгөөр бууруулах шийдвэр гаргасан. Одоо үүний хэрэгжилт нь 40 орчим хувьтай явж байна.
-2010 оны төсвийн тухай хууль хэлэлцэж байх үед Хүний хөгжил сангийн тухай хуулийг баталсан. Энэ нь улс төрийн гол хүчнүүдийн сонгуулийн амлалт биелэлээ олоход нэг алхам урагшилсан болов уу гэж бодож байна?
-Тийм ээ, Намуудын сонгуулийн амлалтын гол хэсэг нь "Эрдэнийн хувь", "Эх орны" хишиг байсан. Саяхан УИХ-ын олонх, цөөнх энэ амлалтаа хэрэгжүүлэхээр Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж гаргалаа. Миний хувьд, энэ хуулийг санаачлахад гар, бие оролцсон. Энэ хууль хэрэгжсэнээр Монголчууд насан туршдаа стратегийн орд газрынхаа баялгийн эзэн байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, энэ хуулийг батласнаар оновчгүй, хавтгайрсан нийгэм халамжийг ил тод хяналттай буюу нэг цонхоор иргэддээ тэгш шударгаар хүртээх боломжийг бүрдүүлсэн. Энэ санд ирэх он гэхэд Монгол Улсын иргэн бүрт 120 мянган төгрөг ногдохоор 300 гаруй сая төгрөг төвлөрөхөөр байгаа. Харин энэ мөнгийг хуульд зааснаар иргэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгалын шимтгэл, орон сууц, бэлэн мөнгө гэсэн зориулалтаар ашиглах боломжтой.
Нэг тодруулга хийхэд, өнөөгийн байдлаар манай улсын нэг өрхийн дундаж хүний тоо тав байгаа. Тэгвэл нэг өрхөөс ойролцоогоор гурван нь ямар нэгэн халамжинд хамрагддаг байна. Цаашид өрхийн бүх гишүүн хувиа авч эхлэхэд тухайн айлын жилийн орлого цалингаас гадуур 40-өөс доошгүй хувиар нэмэгдэхээр байна. Мөн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн үлдсэн ордуудаа лиценз хэмээх луйварт алдчихгүйгээр иргэддээ ашигтайгаар шийдэж чадвал 2012 он гэхэд иргэн бүртээ 1.5 сая төгрөгг олгож чадна. Цаашид ч Монголчууд үеийн үед эрдэнийн хувийн ногдол ашгаа аваад явах болно.
-2010 оны төсвийн тухай хуулиуд батлагдсантай холбогдуулж УИХ хэд хэдэн тогтоол баталсан. Гол агуулга нь юм байв?
-Хамгийн гол нь төсөвтэй холбогдсон эрх зүйн орчинг боловсронгуй болгож шинэчлэх явдал юм. Тухайлбал, ашигт малтмалын орлогод суурилсан төсвийн орлогын өсөлтийг дагасан урсгал зардлын тэлэлт түүнээс үүсэх эрсдэлийг багасгаж, төсвийн тогтвортой байдлыг хангах нь чухал шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлснээр шийдвэр гаргах болон гүйцэтгэх чадварыг хөгжүүлэх.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтыг бусад хөгжилтэй орны жишгээр улсын хөгжлийг хурдасгах томоохон хөтөлбөрүүдийг дэмжихэд чиглүүлсэн. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлэх зэргийг хуульчлах асуудал гарсан. Тиймээс эдгээр зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Төсвийн болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг өөрчлөн Төсвийн тогтвортой байдал. Төсвийн хариуцлагын тухай хуулийн төслийг 2010 хаврын чуулганаас өмнө УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан. Хэрвээ энэ асуудлууд шийдэгдэж зөв гольдролдоо орвол манай улс үсрэнгүй хөгжлийн зам руу орох боломж бүрдэх болно.
-2010 оны төсөвт тусгасан УИХ-ын гишүүний багцын нэг тэрбум төгрөгтэй холбоотой асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Тэгээд ч энэ асуудлаас үүдэн Ерөнхийлөгч Төсвийн тухай хуульд бүхлээр нь хориг тавьчихлаа. Үүнд та ямар бодолтой байна вэ?
-Энэ бол яах аргагүй яаралтай өөрчлөх шаардлагатай чухал асуудлын нэг гэдэгтэй санал нэг байна. Үүнийг яаж өөрчлөх вэ гэвэл Төсвийн тухай багц хуулиудыг өөрчилж батлах хэрэгтэй.
-Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар зарчмын чанартай ямар асуудлыг нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй вэ, таныхаар?
-Хамгийн гол нь ард түмний баялаг болоод татвар төлөгчдийн мөнгийг өөрөөр хэлбэл, төсвийг юунд зарцуулж болох, болохгүйг зааглаж өгөх хэрэгтэй. Уг нь онол, үндсэн зарчмын хувьд улсын төсвөөр шийдэх асуудлыг зах зээлээс нийлүүлэх боломжгүй бараа үйлчилгээнд зарцуулдаг.
Тухайлбал, төрийн албан хаагчдын цалин, Батлан хамгаалах болон хуулийн байгууллагын зардлын тодорхой хувийг төрөөс хариуцах ёстой.
Мөн боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг мартаж болохгүй. Тиймээс төсвийн төслийг Засгийн газар УИХ-д оруулж ирэхдээ заавал Иргэний нийгмийн төлөөллийн байгууллагын саналыг сонсдог эрх зүйн орчинтой болох хэрэгтэй байна.
Гэтэл өнөөдөр төсвөөс төрийн албан хаагч орон сууц худалдаж авах хөрөнгөө 100 хувь гаруулж байх жишээтэй. Мөн нийслэл болон хот суурин газарт түшмэдүүд албаны болон хувийн хэрэгцээнд унадаг машинаа төсвийн хөрөнгөөр худалдан авч байна. Гэтэл татвар төлөгч аж ахуй нэгжид ажиллаж байгаа менежер унах машин, орон сууцныхаа асуудлыг ихэвчлэн өөрөө шийдээд явж байгаа нь өнөөгийн нийгмийн бодит үнэн. Энэ шударга явдал уу. Тэр ч бүү хэл УИХ төсвийн хөрөнгөөр хэн нэгэнд зөөврийн усан бассейн худалдаж авч өгөхийг зөвшөөрч байна. Ийм байж болохгүй. Гэхдээ энэ нь эдгээр хүний буруу биш. Учир нь ойлгомжгүй хууль, ийм бодлогыг оруулж ирж байгаа УИХ, Засгийн газар буруутай. Энэ хоёр төрийн институцийн шийдэх ёстой үүрэгт ажил мөн гэдгийг хэлмээр байна.
-Жил бүр төсөв хэлэлцэх үеэр л орон нутаг төсөв, санхүүгийн эрх мэдэлгүй байна гэсэн шүүмж гардаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ бас л хуультай холбоотой асуудал шүү дээ. Яах аргагүй энэ бол үнэн. 2002-2004 онд баталсан Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуульд төсвийн төвлөрлийн бодлогын шийдвэр гаргачихсан юм билээ. Тэр үед ийм шаардлага байсан байх.
Харин 2004-2008 оны хооронд ашигт малтмалын лиценз болон нөөцийн төлбөрийн тодорхой хувь, хүн амын орлогын татварыг орон нутагт үлдээхээр хуульчилсан. Дээр нь 500 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй тендерийг орон нутгийн удирдлага шийдвэрлэхээр болсон. Гэхдээ энэ хуулиудын хэрэгжилт хангалтгүй байсаар байна. Өнөөгийн байдлаар бодит тохиолдолд татвараар төвлөрч байгаа орлогын 90 гаруй хувь Сангийн яамны төрийн санд орж байна. Энэ орлогыг Үндсэн хууль болоод Төсвийн тухай бусад хуульд төсвийг юунд зарцуулах шийдвэрийг УИХ хуульчилж, зориулалтын дагуу зарцуулахыг Засгийн газар гүйцэтгэдэг. Ийм учраас л хууль тогтоох болон гүйцэтгэх засаглал гэж байгаа. Ийм тохиолдолд яах ёстой юм бэ. УИХ-ын 76 гишүүн хуулийн дагуу татвараар цугларсан нийт төсвийн орлогын 90 гаруй хувийг юунд зарцуулах шийдвэрийг гаргах эрхтэй мөртлөө өөрсдийн тойрогтоо байгаа цэцэрлэг, сургууль, эмнэлэг, зам, эрчим хүчний асуудлыг шийдэх нь буруу юу. Эсвэл төсвийн ерөнхийлөн захирагч болчих гээд байна гээд зүгээр сууж байх уу. Ингэж туйлширч болохгүй байх аа.
-Парламентын засаглалтай бусад оронд энэ асуудлыг ямар жишгээр шийдсэн байдаг юм бол?
-Парламентын засалалтай ихэнх оронд Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ тухайн арга хэмжээг өөрчилж, сайжруулдаг болохоос хэдэн арван тэрбум ам.долларын орлого, зарлагыг нэмж, хасдаг орон тийм ч олон биш байх аа. Ийм хязгаарлалт ч манай холбогдох хуульд байхгүй.
Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хууль ийм хэмжээний шаардлага хангаж байна уу гэвэл бас үгүй. Сая л гэхэд төсвийн орлогыг УИХ 140 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталсан. Шаардлагагүй зардлыг бага ч гэсэн хассан. Тэр ч бүү хэл төсвийг батлахын тулд, баталсантай холбогдуулж өөрчлөх, шинэчлэх шаардлагатай хуулиудын талаар УИХ тогтоол гаргасныг дээр хэлсэн. Гэхдээ үүнд хэн нэгэн буруутай гэхээсээ илүү шилжилтийн үеийн хоцрогдсон бидний зовлон гэж ойлгох нь зөв байх. Бусад оронд бараг төсөв батлагдсаны маргаашнаас эхлээд парламентын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч, орон нутгийн удирдлага хамтарч ирэх жил юуг хэрхэн шийдвэрлэхээ ярьж эхэлдэг. Гэтэл манайд ийм тогтолцоо, хуулийн зохицуулалт байхгүй.
-Үүнээс гарах ямар гарц байна вэ?
-Парламентад хөдөөнөөс 56, хотоос 20 нь сонгогдсон гишүүн байна. Өнөөгийн байдлаар хот, хотын харъяа дүүргүүдэд нийт хүн амын 48 орчим хувь нь оршин сууж байна. Тэгвэл сүүлийн таван жилд хуваарилсан хөрөнгө оруулалтын хэмжээг авч үзвэл хөдөөд 70-80 хувь нь зориулагдсан байх юм. Энэ нь нөгөө сонгуулийн хууль, тогтолцоо зөв байгаа эсэхтэй холбож ярих нь мэдээж. Ийм тодорхой бус эрх зүйн орчинд тухайлбал, хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ хэрхэн шийдэж ирсэн нь сонин байгаа биз. Эхний үед Ерөнхий сайд, Сангийн сайд, эсвэл Засгийн газрын гишүүд, тэдэнд ойрхон нь бусдаасаа хэд дахин илүү хөрөнгө оруулалтыг тойрогтоо татдаг байсан юм билээ.
Сүүлдээ тэгш байдлыг харгалзаад гишүүн бүрээр энэ асуудлыг шийдвэрлэж ирсэн. Энэ нь 10 сая төгрөгөөс нэг тэрбумд хүрчихлээ. Зарчмын хувьд ингэж болохгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ асуудлыг засахын тулд холбогдох хуулиудыг нь өөрчлөх ёстой. Энд нэг зүйлийг тодруулахад, 2010 оны төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч өмнө нь хэлж байсныхаа дагуу хориг тавилаа. Энэ хориг цаашдаа Монгол Улсын хөгжилд асар их ач холбогдлыг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Харин энэ хоригийг УИХ бүрнээр нь хүлээн авах эсэх нь тусдаа асуудал. Зарим зүйлийг засч болох талтай. Харин нэр бүхий гишүүд хэдхэн хоногийн өмнө асуудлыг мэдсээр байж баталчихсан. Тэр ч бүү хэл бусадтайгаа адилхан тойргийнхоо хөрөнгө оруулалтын шийдвэрийг гаргаж, Сангийн яаманд гардуулчихаад одоо болохоор тэс өөр зүйл яриад байх нь яав ч эрүүл асуудал биш. Энэ нь ёстой л нөгөө Монгол маягийн улс төр гээч нь юм болов уу.