Д.Дэмбэрэл: Төсөв өсч байгаа нь баялаг нэмэгдэж байгаа хэрэг
2009.12.01

Д.Дэмбэрэл: Төсөв өсч байгаа нь баялаг нэмэгдэж байгаа хэрэг

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатарыг өнөөдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, 2010 оны улсын төсвийн тухай хуультай холбогдуулан тавьж буй зарим асуудалд нь хариулт өгөв.

Ирэх оны төсөвт УИХ-ын гишүүн бүр нэг тэрбум төгрөг мэдэж зарцуулахаар болсон, төсвийн урсгал зардал улам нэмэгдсэн, аймаг, багийн эрх ашгийг хамгаалсан төсөв болсон талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Түүнчлэн төсөв батлагдсанаар жирийн иргэдийн цалин хөлс, амьдрал ахуй хэрхэн өсч өөдлөхийг тодруулах шаардлагатай байгааг хүссэний дагуу УИХ-ын дарга өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ, УИХ ирэх оны улсын төсвийг батлаад байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлогыг 120.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр төсвийн нийт орлого хоёр их наяд 426.8 тэрбум төгрөгөөр, зарлага хоёр их наяд 785.4 тэрбум төгрөгөөр батлагдсан. Энэ нь улс орны эдийн засаг ихээхэн хэмжээгээр тэлж байна гэсэн үг юм. Хөрөнгө оруулалтын хэмжээ 443.3 тэрбум төгрөгөөр батлагдлаа. Энэ нь өнгөрсөн оныхоос 20 тэрбумаар нэмэгдэж байгаа. Төсөв ингэж нэмэгдэж, урьд байгаагүй их тоо яригдаж байгаа нь олон нийтийн сонирхлыг ихээхэн татаж, зарим хэсэгт нь хардлага төрүүлэхэд хүргэж байгаа байх.
Улсын төсөв өсч байгаа нь Монгол Улсын баялаг нэмэгдэж байна гэсэн үг. Төсвийн тухай хуулийн дагуу УИХ ирэх оны төсвийн асуудлыг шийдсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн орлогыг УИХ-аар хэлэлцэх явцад гишүүд 120.8 тэрбум төгрөгийн нэмэгдэл эх үүсвэр гаргаж ирсэн. Иймээс энэ орлогыг хэн мэдэж хуваарилах вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тэгвэл УИХ энэ хөрөнгийг мэдэж хуваарилах бүрэн эрхтэй. Улс орны хаана ямар хөрөнгө оруулалт хэрэгтэй, ард түмний аль хэсэгт илүүтэй анхаарах нь чухал вэ гэдгийг УИХ-ын гишүүд л бусдаас илүү сайн мэддэг.


Урьд нь төсөвт орж ирдэг орлого бага учраас хуваарилах мөнгө нь ч бага байсан. Харин бидний азаар төсөв өсч, хөрөнгө мөнгө, улсын сан хөмрөг нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Төсвийн бүх зардлыг зүйл заалт бүрээр, төсөв захирагчид, байгууллага нэг бүрээр нарийвчлан зааж өгсөн байхад УИХ-ын гишүүд яаж идэж уух юм бэ. Өнгөрсөн жилүүдэд төсвийн зарим хэсгийг шадар сайдын багцад тусган хуваарилж байсан тул ингэж хардах сэрдэх үндэс байсан байх. Харин энэ удаад тийм зүйл байхгүй. Энэ оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээ нэг бүрийг нэр заан баталж өгсөн. Энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын үр дүн, хэрэгжилтийн байдалд иргэд, сонгогчдын болон иргэний нийгмийн зүгээс хяналт тавих боломжийг олгож байгаа юм. Иймээс эндээс мөнгө идэж завших боломж хэнд ч байхгүй.


Урсгал зардлын тухайд их байна гэж үзэж байгаа бол төсвийн тодотгол хийх үед эргэж харах боломжтой. Ерөнхийлөгч хориг тавиад, эсвэл Үндсэн хуулийн цэцэд өгөөд төсвийг засах мэтээр ярьж бичиж байгаа нь боломжгүй зүйл юм. Буруу байгаа бол төсвийн тодотголоор асуудлыг шийдэх боломж нээлттэй бий. Ирэх жилийн төсвийн тухайд урсгал зардал зохих түвшинд байгаа. Төсвийн байгууллагуудын хэвийн ажиллах боломжийг алдагдуулахгүй байх ёстой. УИХ-ын тогтоолоор зардал багасгах үүргийг Засгийн газарт өгч байгаа. Харин ҮЭ-ийн байгууллагууд урсгал зардлыг иймэрхүү хэмжээгээр хасъя гэсэн үндэслэлээ гаргаад Засгийн газарт тавих хэрэгтэй юм.
Ирэх оны төсөв нь аймаг, багийн эрх ашгийг хамгаалсан төсөв биш хүнийг хамгаалсан төсөв гэж үзэж байгаа. Тэр орон нутагт хүн амьдарч аж төрж байгаа. Өнгөрсөн жилүүдэд хийсэн хөрөнгө оруулалтын үр дүнд ихэнх сумдыг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болгосон. Харин ирэх жил Завхан, Говь-Алтай аймгийн эрчим хүчний хангамжийг сайжруулахад багагүй хөрөнгө зарахаар төсөвлөсөн. Энэ бол тэндхийн ард түмний сайн сайхны тусын тулд авч буй арга хэмжээ юм.
Төсөв ард түмэндээ очих ёстой. Энэ утгаараа ирэх жилийн төсөв маш том асуудлыг шийдсэн. Үүний гол онцлог нь УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай шинэ хууль гаргаж, уг хуулийн дагуу Хүний хөгжлийн сангийн төсвийг баталж өгсөн явдал юм. Хүний хөгжил сангаас 324 тэрбум төгрөгийг иргэн бүрт бэлнээр тэгш хүртээхээр заасан. Энэ нь ойролцоогоор нэг хүнд 120 мянган төгрөг ноогдоно. Ийнхүү ашигт малтмалын орд газрыг эргэлтэд оруулснаас орж ирэх орлогоос иргэддээ хишиг, хувь хүртээх эхлэл тавигдаж байгаа юм.
Төсвийг хэлэлцэж батлахдаа нийгмийн хөгжлийн талаархи нэгэнт хүрсэн түвшинг бууруулахгүй байх зарчмыг УИХ баримталсан. Тухайлахад, Засгинйи газраас багш нарын удаан жилийн нэмэгдлийг хасах санал оруулж ирснийг хүлээж аваагүй. Мөн 0-18 насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг эцэг, эхээс нь төлүүлэхээр хуулийн төсөл боловсруулж оруулж ирснийг буцаасан. Бас ажил олгогчоос болон иргэдээс төлдөг эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийн төсөл ирүүлснийг хүлээн авах боломжгүй гэж үзэж Засгийн газарт буцаасан. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг хэвээр нь ажиллуулахаар шийдвэрлэснийг онцоллоо.
Төсөвт хэмнэлт хийх, гишүүдийн гэгдэж байгаа 76 тэрбум төгрөгийн зарцуулалтад аймаг, дүүрэг бүрт хяналт тавих ҮЭ-ийн байгууллагын саналыг дэмжиж буйгаа УИХ-ын дарга илэрхийлээд “УИХ-ын гишүүдийг төсвийн хөрөнгө мөнгө идсэн уусан гэж хий хардах хэрэггүй. Төсвийн бүх зардал, задаргааг интернэтэд байршуулж олон нийтийн анхааралд хүргэж болно. Төсвийн зарцуулалтад ард нийтээрээ, хэвлэл мэдээллээр дамжуулан хяналт тавих бүрэн боломжтой.
Хүний хөгжлийн сан байгуулснаар манай улс эдийн засаг, санхүүгийн хамгийн хүчирхэг орон болно. Тийм төлөв ирээдүй ойрхон байна. Ирэх жилийн төсөвт бүр их хөрөнгө мөнгө хуваарилна. Иймээс УИХ-ын 76 гишүүн идсэн уусан, авилга авсан, дээрэмчин тонуулчин мэтээр ерөнхий юм ярьж, олон түмнийг төөрөгдүүлдэг, хий харддаг явдлыг зогсооё. Ийм дэл сул яриа, хоосон хардалт нь монгол төрийн нэр хүндийг дотоод гадаадад унагаж байна. Түүний оронд харин хамтарсан хяналт тавьж, үнэхээр идсэн уусан юм байгаа бол яаж илрүүлэх вэ гэдэгт анхаарах нь зүйтэй юм. Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих боломж бүрэн бий” гэлээ.
Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол оролцож, ҮЭ-ийн байгууллагаас тавьж буй зарим асуудалд хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.