2009.11.20

С.Баярцогт: Орлого буурч байхад тэтгэвэр, цалинг нэмэх боломжгүй

Хоёр намын бүлэг Засгийн газрын ергөн мэдүүлсэн гурван ч хуулийн төслийг буцаах шийдэлд хүрчээ. Засгийн газрын тусгай сангийн тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол ирэх төсвийн орлого 50 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх байжээ. Гэсэн ч гишүүд шимтгэл төлөгчдийн ачааг хүндрүүлэхгүй гээд чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр буцаах шийдвэр гаргалаа. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодруулсан юм.

-Засгийн газрын санаачилсан хуулийн төслүүдийг УИХ буцаалаа.Энэ хуулиудад өөрчлөлт оруулж төсөвт оруулахаар төлөвлөсөн хөрөнгийг ямар эх үүсвэрээр нөхөх вэ?

-Хоёр намын бүлгийн ажлын хэсэг төсвийн орлого нэмэх тодорхой саналууд гаргасан. Тухайлбал, нэг тонн зэсийн үнийг бид 5185 ам.доллараар тооцсон байсныг 5800-гаар тооцох болсон. Ер нь зэсийн үнийг 100 доллараар нэмж тооцоход орлого 12 тэрбумаар нэмэгдэх юм. Тэгэхээр нийтдээ 84 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр нэмэгдэнэ. Дээр нь Үндэсний аудитын газар 10 тэрбумаар орлого нэмэх боломжтой гэсэн. Алт, нүүрс, төмрийн хүдрийн экспорт дээр тодорхой хэмжээний орлого нэмэгдүүлэх бололцоотой гэж ажлын хэсэг үзсэн. Зарлагын хувьд 17 бодлогын чанартай асуудлыг ажлын хэсэг нэмээд байна.

-Зарлага бууруулах санал гарсан уу. Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд үг хэлэхдээ зарлагын реформ хийгээгүй гэж шүүмжиллээ?

-Энэ удаагийн өргөн барьсан төсвийн төсөлд зарлага бууруулсан санал харьцангуй бага байгаа. Тэр утгаар нь бодвол шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ Хүний хөгжил сангийн тухай хуулийг батал-сантай холбогдуулж энэ хуулийн төсвийг УИХ-д өргөн барина. Үүнтэй холбогдуулан тодорхой хэмжээний реформ хийх бүрэн бололцоотой. Өөрөөр хэлбэл, 2010 оны төсөв зарлагын реформын эхлэл болж чадна.

-Цалин, тэтгэврийн хэмжээг царцаачихлаа. Ерөнхийлөгч төсөв төрд биш олон нийтэд үйлчлэх ёстой гэж үзэж байна л даа?

-Хөнжлийнхөө хэрээр л хөлөө жийх хэрэгтэй. Цалин, тэтгэврийн өсөлт инфляц, бодит эдийн засгийн өсөлттэй уялдах ёстой. 2005-2008 он бол өндөр өсөлттэй жил байсан болохоор цалин, тэтгэврийг дандаа нэмэгдүүлсэн. Харин 2008 оны төгсгөлөөс эхэлсэн санхүүгийн хямралаас үүдэж 2009, 2010 онд цалин, тэтгэврийг нэмэхгүй гэсэн байр суурьтай байгаа. Үүнийгээ гурван талт хэлэлцээр буюу үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ойлгуулсан. Ер нь хүмүүс бүгд ойлгож байгаа болов уу. 1929 оноос хойш дэлхий нийтийг хамарсан хамгийн гүнзгий хямрал боллоо. Орлого бодитоор буурч байхад урсгал зардал, цалин тэтгэврийг нэмэх боломжгүй.

-Чуулганаар унасан хуулиуд төсвийн орлогыг нэмэх зорилготой байсан уу, эсвэл...?

-Нэг хууль бүхэлдээ эрүүл мэндийн салбарын тогтолцоонд шинэчлэл хийх агуулгатай байсан. Цаг хугацааны бөгөөд аргачлалын хувьд өөрөөр шийдье гэж гишүүд үзсэн байх гэж ойлгосон. Түүнээс үзэл санаанаас нь гишүүд ухраагүй байх аа.

-Гэхдээ Засгийн газар татвар төлөгчдийн ачааг нэмэхээс гэснээс биш, 2010 онд тэтгэврийн санд төлөх ёстой мөнгийг төсөвт тусгаагүй юм биш үү?

-Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой гурван асуудал бий. Нэрийн дансны тогтолцоо гэж байгаа. Энд байршуулах мөнгөний хэмжээ нийтдээ 1./ их наяд. Дараагийнх нь Монгол Улсын төсвөөс Нийгмийн даатгалын санд байршуулах 236.3 тэрбум төгрөгийн асуудал. Сүүлийнх нь Нийгмийн даатгалын сан өөрөө өөрийгөө санхүүжүүлж чадахгүй байгаа тухай асуудал. Энэ бол одоогийн хувь хэмжээтэй холбоотой зүйл юм. Үүнээс бол 2008-2010 онд алдагдалтай гарсан. Тиймээс Зас-гийн газар сууриа яаж зөв болгох вэ, Нийгмийн даатгалын тогтолцоог хэрхэн зөв явуулах вэ гэсэн бодлого оруулсан. Ойрын ирээдүйд үүнийг шийдэх хэрэгтэй. Миний ойлгосноор энэ гурван төрлийн асуудлыг хооронд нь холбож , зөвхөн санд мөнгө байхгүй болохоор л хувь хэмжээг нь өсгөх нь гэх юм. Гэтэл Нийгмийн даатгалын санд хуримтлагдсан мөнгөнөөс тэтгэвэр авагч цалингийнхаа хэдэн хувьтай тэнцсэн тэтгэврийг, ямар хугацаанд авах вэ гэдэг өөрөө асуудал болчихсон. Одоогийн тооцоогоор хүмүүс цалингийнхаа 52.5 хувьтай тэнцүү тэтгэвэр ав-даг. Дунджаар эрэгтэй хүн 13,эмэгтэй хүн 17.6 жил авдаг юм байна. Хэрэв энэ тогтолцоогоор цааш явбал сан нь өөрөө нөхцөлөө хангаж чадахгүй. Өндөр хувь хэмжээгээр нь өгье гэвэл зургаа, 4.3 жил болчхоод байгаа юм. Харин тэтгэврийг нь хугацааны хувьд бүтэн өгнө гэвэл эрэгтэй хүн цалингийнхаа 30, эмэгтэйчүүд 20 хувьтай тэнцэх тэтгэвэр авах болчихсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар асуудлыг ирэх жилийнх биш бүхэл тогтолцооны хувьд шинэчлэх ёстой гэсэн.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хэдээр өсгөх гэж байсан юм. Одоо хэд байгаа вэ?

-Ажил олгогчийнх 10 хувь. Дээр нь 1.5 хувийг нэмье гэсэн.Энэ бол айхтар өндөр өсөлт биш. Мэдээж тодорхой хэмжээний дарамт учирна. Одоо үүнийг болиулна гэсэн болохоор татвараар орж байгаа мөнгөнөөс өгөхөөс өөр аргагүйд хүрлээ. Өөрөөр хэлбэл, нийт нийлбэр дүнгээр асуудал өөрчлөгдөхгүй. Харин баруун халаас уу, зүүн халаас уу л гэсэн асуудал үүсчихлээ. Хэрэв хувь хэмжээг нэмэгдүүлсэн  бол нийгмийн даатгалын сан, Тэтгэврийн санг бүрдүүлж байгаа болохоор төсвөөс хамаарал багатай болж, бодитой хөрөнгө бүрдэх бололцоо байлаа.

-Тэгэхээр эргээд л татвар төлөгчөөс шимтгэл нэмэх байсан хувь хэмжээг авна гэсэн үг үү?

-Тийм. Үнийн дүн ч адилхан. Төсөв гэдэг татварын төлөгчдийн хөрөнгөөр л бүтдэг шүү дээ.

-Засгийн газрын төслүүдийг буцааснаар нийтдээ хэдэн төгрөгийн орлого ирэх оны төсвөөс дутаж байна вэ?

-Нийгмийн даатгалын сангийн 41.7, Эрүүл мэндийн даатгалын 5.8 тэрбум. Гэхдээ Эрүүл мэндийн даатгал дээр улсаас төлдөг сар бүрийн 500-г 1000 төгрөг болгож байгаа. Хэрэв буцаагаад 500 болгочихвол ашигтай л гарна. Харин бидний зорилт бол Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санг төсвөөс хамаараагүй, бие даасан болгох гэсэн юм. Аажимдаа энэ тогтолцоо руу шилжих ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.