Дэд бүтцээс мөнгө хасаж, эрүүл мэнд, боловсролын салбарт нэмэх санал гаргалаа
2009.11.11

Дэд бүтцээс мөнгө хасаж, эрүүл мэнд, боловсролын салбарт нэмэх санал гаргалаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцүүлгийн явцад гишүүд нийгмийн тэргүүлэх салбар болсон эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү тусгах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байлаа.

2010 оны төсөвт тусгасан 452 тэрбум төгрөгийн 45 хувийг дэд бүтцэд зориулахаар төсөвт тусгаад байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж, энэхүү дэд бүтцийн салбарт тусгаж буй хөрөнгөөс хасч эрүүл мэндийн салбарт 10 тэрбум, боловсролын салбарт 5 тэрбум төгрөг оруулах нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байв. Эцэст нь гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй 63 саналыг бүхэлд нь дэмжье гэдгээр санал хураалт явуулах эсэх дээр гишүүд нэлээн маргалдсаны эцэст санал хураалт явуулахааргүй болж энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулан дахин судалж нухацтай авч хэлэлцээд багцлан эргүүлж оруулж ирэхээр тогтлоо.

Дараа нь бусад асуудлын хүрээнд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэн төсөв бүрдүүлэхийн тулд дагалдаж гарах хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Ч.Улаан гишүүний горимын саналыг гишүүд санал нэгтэй дэмжив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.