Төсвийн алдагдлыг бууруулж, тэнцвэрийг барих нь чухал
Өчигдөрийн үдээс хойшхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаандаа 15 цагийн орчим эхэллээ.
Засгийн газарт хандсан асуултыг УИХ-ын гишүүн Ц.Батбаяр эхэлж тавьсан бөгөөд үндсэн чиглэлд тусгагдсан асуудлууд хэр зэрэг биелэгдэх боломжтой, аж үйлдвэрийн парк байгуулахад хэдий хэмжээний мөнгө төсөвлөв зэргээр асуусан.
Харин УИХ-ын гишүүн О.Чулуунбат Засгийн газрыг нэлээд үрэлгэн тооцоотой төсөв оруулж ирлээ. Хямралын үед ингэж ДНБ-ний 5 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн менежмент хийж байгаа Засгийн газарт итгэнэ гэхэд бэрхтэй байна гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Х.Бадамсүрэн, Ц.Даваасүрэн, Д.Загджав, Д.Дондог нар төсвийн урсгал зардал, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин хамгаалах, Хүний хөгжлийн сангийн талаар сонирхож, асуулт тавьж байсан бөгөөд Засгийн газрын гишүүн Д.Зоригт, Т.Ганди, Х.Баттулга, Т.Бадамжунай, Ё.Отгонбаяр нар зохих хариулт, тодруулгыг өгч байлаа.
Харин З.Энхболд гишүүн 9 асуулт асууж “рекорд” тогтоов. Тэрээр Авлигатай тэмцэх газрын даргаас 360 сая төгрөгийг хэрхэн зарцуулсныг нь тодруулав. Мөн төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад нь өгдөг 36 сарын цалингийн тэтгэмжийг болих тухай саналаа бас хэлсэн. Сангийн яам энэ мэт бүх нийгмийн халамжийн асуудлыг задгайруулдаг байдлаа болиоч, төрд ажиллаад байртай болсон хүн дахин байр авах хэрэг байна уу, ер нь улсын төсвөөс янз бүрийн байдлаар мөнгө авахыг зогсооё, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр өнгөрсөн хугацаанд төсөвлөсөн 30 тэрбум төгрөг хэр үр дүнтэй болов гэхчлэн асуусан юм. Харамсалтай нь түүний асуултад Засгийн газрын зүгээс товчхон хэрнээ 2-3 хүн л хариулж харагдсан.
Төсвийг хэтэрхий тэлсэн бодлого нь хувийн хэвшлийг хөлдөө чирж байна хэмээн гишүүн Я.Батсуурь хэлсэн. Тэрээр Засгийн газар үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд онцгой зүйл хийхгүй байна, төгрөгийн ханш иймэрхүү чанга байдлаар цааш явбал Монголд үйлдвэрлэл хөгжихгүй гэж ярихад Сангийн сайд хариуд нь Төсвийн бус Үндсэн чиглэлийн асуудал яваад байна, гэхдээ төгрөг бол цаашдаа чангарах нь тодорхой гэж байсан. Тэрээр төрийн албан хаагчдын авдаг илүү дутуу халамжийг түрүүчээс нь халж эхэлье гэсэн. Тухайлбал төрийн албан хаагчдын хүүхдийн сургалтын мөнгийг төрөөс даадгийг больж болно гэж байв.
Төсвийн алдагдлыг бууруулж, баланс тэнцвэрийг нь барьдаг байх талаар гишүүн О.Чулуунбат, Я.Батсуурь нар хөндсөнийг Сангийн сайд С.Баярцогт уриалгахан дэмжиж байлаа. Төсвийг үр ашигтай болгохын тулд зардлаа хэмнэхэд илүүтэй анхаарах хэрэгтэй, хэдийгээр урсгал зардал гарах нь зайлшгүй байдаг ч түүнийг хянахаас өөр аргагүй хэмээн гишүүд ярьсан.
Гишүүн Г.Баярсайхан Атрын 3-р аян үр өгөөжөө өгч байна уу, түүний ашгийн хичнээн нь архи, спирт рүү урсах вэ хэмээсэн. Түүнчлэн экологийн прокурор, цагдаагийн алба бий болгож болохгүй юу, ашигт малтмалын ордоо ашиглаж буй энэ цагт байгалийг нөхөн сэргээх нь хамгийн чухал гэдгийг тэрээр онцолсон.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ төсөв хөдөө, орон нутагт жил бүр “үнэртэх төдий” л хуваарилагдсан болдгийг шүүмжлэв. Өнөө жилийн төсөв энэ асуудал дээр эргэлт хийсэн юм ер алга. Хөрөнгө оруулалт ч ялгаагүй “долоолгоод л” өнгөрдөг. Бодит амьдрал дээрбайдал ийм л байгаа гэлээ.
Эдийн засгийн бүтцээ эрүүлжүүлэх, сайжруулах талаар Монгол Улс олигтой зүйл хийлгүй шахам 20-иод жил явж ирсэн, харин одоо энэ тал руу бид зайлшгүй анхаарч, бодитой ажиллах хэрэгтэй болоод байна хэмээн Сангийн сайд хариулж байв.
Ийн асуулт, хариулт үргэлжилсээр 2010 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж буй өнөөдрийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан орой 18 цаг 50 минутад өндөрлөлөө.
Чуулганы хуралдаан маргааш өглөө 10 цагаас эхлэн үргэлжилнэ хэмээн Спикер мэдэгдэн алхаа цохив