Д.Ганхуяг: Хий улстөржүүлж цаг алдуулсан асуудал үүсгэх талтай
Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг ирэх арванхоёрдугаар сарын 1-ний дотор УИХ-аар баталсан байх хуулийн заалттай. Гэтэл арваннэгдүгээр сар гараад байхад анхны хэлэлцүүлгийг нь ч эхлээгүй байгаа юм. Энэ нь төсвийн чанарт нөлөөлж, улмаар хуулийн хугацаа зөрчсөн асуудалд хүргэх эсэх талаар УИх-ын гишүүн Д.Ганхуягын байр суурийг сонслоо.
-Өнөөдөр арваннэгдүгээр сар гараад явж байна. Хуулиараа бол УИХ арванхоёрдугаар сарын 1-ний дотор төсвөө баталсан байх ёстой. Төсөв тусгай дэгээр зохицуулагддаг, дөрвөн хэлэлцүүлэгтэй байдаг. Цаг хугацаа нэлээд алдаж байна. Нөхцөл байдлын гол нь бол нэгдүгээрт, Үндсэн чиглэл дээр цаг хугацаа их алдлаа. Үндсэн чиглэлийг Засгийн газар маш чанаргүй боловсруулж оруулж ирсэн. Нөгөө талаас хямралаас шалтгаалж улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааны байдал тааруу болсон, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн хямдарсан зэрэг нь гишүүдийн сэтгэлийг зовинуулж байна. Төсвийг хугацаанд нь батлах нь зүйтэй. Гэхдээ хэлэлцэх хугацаа богиносох тусмаа чанаргүй болдог. Гишүүд аль болох хичээж ажиллах шаардлагатай байна. Засгийн газар өнөөдөр хоёрдмол байдалтай байна. Шинэ Ерөнхий сайд томилогдсон. Үндсэн хуулиараа бол Засгийн газрын одоогийн гишүүд үүрэг гүйцэтгэгч болоод эргээд томилогдох ёстой. Үүн дээр хугацаа алдмааргүй байна. Энэ асуудлыг Засгийн газар яаралтай оруулж ирэх шаардлагатай. Төсвөө хугацаанд нь батлуулахын төлөө ажиллах хэрэгтэй боллоо. Тэгэхгүй бол хууль зөрчсөн асуудал үүснэ. Хий улстөржүүлж цаг алдуулсан асуудал үүсгэх талтай.