Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулиудыг өргөн барилаа
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2010 оны төсвийн тухай хуулиудын төслийг Монгол Улсын сайд Б.Долгор, Сангийн сайд С.Баярцогт нар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлдд өнөөдөр өргөн мэдүүлэв.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэл нь улс орны эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх замаар ард түмний амьжиргааг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэндийг сайжруулах, эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд бүхэлдээ чиглэж байгааа, энэ үндсэн дээр Засгийн газар ирэх онд эдийн засгийн өсөлтийг 7.4 хувьд хүргэх зорилт тавьж байгааг сайд Б.Долгор онцоллоо. Тиймээс Засгийн газар энэхүү үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөрүүдтэй нягт уялдуулж хэрэгжүүлэх бодлого барьж байгаа аж.
Харин Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн төсөлд ирэх онд улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2,306,0 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.2 хувь, нийт зарлага 2,664,6 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 37.2 хувь, нийт алдагдал 358.6 тэрбум буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.0 хувьтай тэнцэхээр тусгасан байна. Үүнээс улсын төсвийн нийт алдагдал ирэх онд 433.7 тэрбум төгрөг байх аж.
Төсвийн энэхүү алдагдлыг санхүүжүүлэхийн тулд хөтөлбөрийн хүрээнд хандивлагч байгууллага, орнуудаас олгох гадаад зээл 92.2 тэрбум төгрөг, түүнчлэн гадаад төслийн зээл 109.2 тэрбум төгрөг болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн үлдэгдлээс ашиглах, харин эх үүсвэргүй алдагдал болох 82.1 тэрбум төгрөгийг Засгийн газрын урт хугацаат бонд гаргах замаар санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа, энэ үндсэн дээр ирэх онд бодит эдийн засгийг дэмжих чиглэлийг гол болгож буйг Сангийн сайд хэллээ.
Хуулийн төсөл өргөн барихад УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Д.Балдан-Очир, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, албаны бусад хүн байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.