Өмнөговь аймаг 2008 онд улсын төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
2009.10.15

Өмнөговь аймаг 2008 онд улсын төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

Улсын МХЕГ-аас Өмнөговь аймгийн санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, геологи уул уурхай, хөдөө аж ахуй, худалдаа, хил, тусгай хяналт, үйлдвэр, үйлчилгээний салбарт шалгалт хийгээд иржээ.

Шалгалтын явцад санхүүгийн чиглэлээр гарсан дүнг сонирхуулж байна.

Аймгийн төсвийн орлого 2004-2005 онд 1175.9-1978.4 сая төгрөг төвлөрч байсан бол 2006 онд 4211.4 сая, 2007 онд 7911.0 сая төгрөг болж өссөн ба орлогын төлөвлөгөө жил бүр давж ирсэн бол 2008 онд орон нутгийн төсвийн орлогод 13671.7 сая төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө дүнгээрээ 89.1 хувиар буюу 1672.6 сая төгрөгөөр тасалджээ. Мөн Аймгийн өөрийгөө санхүүжүүлэх чадавхи 2007 онд 109.7 хувь, 2008 онд 147.3 хувьтай гарч аймаг өөрийгөө бүрэн санхүүжүүлж, улсын төсөвт 2007 онд 1.9 тэрбум, 2008 онд 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Сумдын төсвийн орлого 2007 онд 23.8 хувиар буюу 87.1 сая төгрөгөөр, 2008 онд 31.8 хувиар буюу 183.4 сая төгрөгөөр давж биелжээ. Сумдын аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 2007 онд 6.4 хувиар буюу 29.8 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн бол 2008 онд 0.5 хувиар буюу 4.4 сая төгрөгөөр тасалдуулжээ.
Орон нутгийн төсвийн орлого нэмэгдэхийн хирээр төсвийн зарлага, санхүүжилт жилээс жилд нэмэгдэж, 2004-2005 онд 1.5-1.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2006 онд 4.0 тэрбум, 2007 онд 7.2 тэрбум төгрөг, 2008 онд 14.1 тэрбум төгрөг зарцуулдаг болжээ. 2009 оны эхний 8 сарын байдлаар орон нутгийн төсөвт 12095.5 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөө 794.6 сая төгрөгөөр буюу 6.2 хувиар тасалдсаны зэрэгцээ орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогод 5553.6 сая төгрөг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 700.0 сая төгрөгөөр буюу 11.2 хувиар тасалжээ.

Мөн эхний 8 сарын байдлаар орон нутгийн төсвийн зарлага санхүүжилтэнд 6511.2 сая төгрөг зарцуулахаас 6302.5 сая төгрөг зарцуулж, төсөвт зардлыг 208.7 сая төгрөгөөр буюу 3.2 хувиар хэмнэгдсэн байна.

Шалгалтаар 4 нэг бүрчилсэн актаар 108889.3 мянган төгрөгийн зөрчил илрүүлэн төсвийн орлогод төвлөрүүлэхээр акт тогтоож, зөрчил гаргасан 1 албан тушаалтныг холбогдох хуулийн дагуу 60.0 мянган төгрөгөөр торгож, захиргааны хариуцлага ногдуулжээ.

Сонирхуулахад Өмнөговь аймагт 2008 онд орон нутгийн төсвийн орлогод уул уурхайн салбаруудаас орж байгаа орлого 84.0 хувийг эзэлж байгаа ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.